-Энэ жил 10,6 мянган тонн нөөцийн мах бэлдсэнээс 5,2 мянган тонныг нь борлуулжээ-
Бага тойруугийн хэдэн дэлгүүрээр нэг орой хоолны мах хайгаад олсонгүй. Гахай, тахианы мах л байхаас малын мах байдаггүй аж. Тэр бүү хэл нөөцийн мах зарах зөвшөөрөлтэй дэлгүүрт ч өнөөх нь алга. Худалдагчаас нь асуувал нөөцийн мах дэлгүүрт ирэнгүүтээ дуусдаг гэнэ. Ялангуяа үхрийн мах нь бага хэмжээтэй ирдэг учраас тэр дор нь хүмүүс дугаарлаж байгаа авдаг аж. Тиймээс нэг хүнд хоёр уут мах өгөх зэрэг зохицуулалт хийж зардаг байна.
Манай улс энэ жил арилжааны банкны эх үүсвэрээр 17 бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж 10,6 мянган тонн нөөцийн махыг нийслэлийн хүнсний 405 дэлгүүрээр гуравдугаар сарын 27-ноос эхлэн худалдаалж эхэлсэн. Ингэхдээ үхрийн мах 7700 төгрөг, хонины мах 6700 төгрөг, ямааны мах 6200 төгрөг байхаар Засгийн газраас тогтоож, энэ жил нөөцийн махыг НӨАТ-гүй үнээр худалдаалахаар болсон.
Нөөцийн махны талаар ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс тодруулахад “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас долоодугаар сарын 15-ны хооронд худалдах ёстой. Энэ жил 10600 тонн мах нөөцөлсөн, нийслэлийг бүхэлд нь махаар хангахад 16 мянган тонн мах хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. Өмнөх жилүүдэд хоногт 70-80 тонн мах борлуулагддаг байсан бол энэ жил цар тахал, хөл хорио, гадна зах зээлийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан хоногт борлуулагддаг махны хэмжээ 100 орчим тонн болсон. Одоогийн байдлаар 5,2 мянган тонныг нь зарж, 5,4 мянган тонн махны нөөцтэй байна” гэсэн юм.
Тавдугаар сар гарснаас хойш амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 17 цэгээр хийхэд хоногт 105-150 тонн мах зарагджээ. Энэ нь өдөр тутмын буюу дэлгүүрээр худалдаалдагаас тусдаа зарагдсан махны хэмжээ юм. Үүнээс харахад зах зээл дээр махны үнэ тогтмол өсөж байгаа учраас иргэд нөөцийн мах худалдан авах нь их болжээ.
Харин нийслэлийн иргэдийг махаар хангадаг гол газар болох Дэнжийн мянга зах дээр хонины мах ястай нь 11500 төгрөг, цул нь 12500 төгрөгийн үнэтэй байна. Зоорины буюу өнгөрсөн намар муулаад зооринд хадгалсан хонины мах 9200 төгрөгөөр зарж байсан юм. Харамсалтай нь, хадгалалт муутайгаас болдог уу зоорины махны өнгө үзэмж харлаж, хорчийсон байх аж. Тус зах дээр өглөө эрт жинхэнэ амьдрал буцалж бөөний үнээр махаа зараад дуусгадаг бол өдөр тийшээ мах авахаар ирсэн тохиолдолд ихэвчлэн жижиглэнгийн үнээр авдаг. Үхрийн цул мах 15000 төгрөг бол ясгүй нь 12500-13000 байна. Адууны мах Дэнжийн мянга зах дээр 12500 байсан бол Бөмбөгөр худалдааны төв дээр 14500 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны мах дээрх зах, худалдааны төвүүдэд олдсонгүй. Учрыг лавлавал ямааны мах ойрд бараг ирэхгүй байгаа гэнэ. Дээрээс нь махны үнэ яагаад нэмэгдээд байгаа талаар худалдагчидаас асуухад олдоц муу, цаанаасаа өндөр үнэтэй ирж байгаа гэж байна. Тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр үхрийн ястай мах Хархорин зах дээр 12500 төгрөг, E-Mарт худалдааны төвд 15800 төгрөг байжээ. Гэтэл долоо хоногийн дотор үхрийн махны үнэ л гэхэд ингэж нэмэгдсэн байна.
Хүнсний ногооны үнийн хувьд мөн нилээд өсөлттэй байгаа. Бөмбөгөр худалдааны төв дээр байцаа 2500, бөөрөнхий сонгино 3500, ногоон сонгино 2500 төгрөгөөр худалдаалж байна. тэгвэл төмс 1000, лууван 1500, манжин 2500 төгрөг, чинжүү 7500, өргөст хэмр, улаан лооль 8000 төгрөг байгаа нь маш үнэтэй байна гэдгийг худалдан авагчид хэлж байлаа. Харин худалдагчдын хувьд “Хавар болохоор угаасаа монгол ногооны үнэ нэмэгддэг. Нарийн ногооны үнэ нэмэгдсэн нь хил хаалттай байгаатай шууд холбоотой” хэмээн хэллээ. Хүнсний ногооны дээрх үнэ мөн л өнгөрсөн долоо хоногт гаргасан статистик мэдээллээс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )