Йоко Оно 1933 оны хоёрдугаар сарын 18-нд Токиод төрсөн, өдгөө 88 настай. Нью Йорк хотод амьдардаг. Анх 1956 онд Тоши Ичияаги гэх залуутай суугаад, 1962 онд салсан. Мөн ондоо Энтони Кокстой гэрлэж, 1968 онд салсан. Эцэст нь 1969 онд Жон Леннонтой гэрлээд, 1980 онд нас барснаас нь хойш дахиж эр хүнтэй нэр холбогдоогүй нэгэн. Тэрбээр Кёоко Чан Кокс, Сийн Леннон гэх хоёр хүүхэдтэй. Түүний “Humanity” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та Японд өсөж, торнисон хүн шүү дээ эцэг эх, өссөн орчныхоо талаар дурсвал?
- Манай гэр бүлийнхэн нэлээд өвөрмөц хүмүүс байсан. Эмээ маань Япон дахь Франц сургуульд сурдаг байсан. Тэр феминист бүлгийн гишүүн байсан. Тухайн үед Англид Цэнхэр оймс (Blue Stocking) нэртэй феминист хөдөлгөөн өрнөж байв. Яг тэр үед Японд Цэнхэр алхам (Blue Steps) нэртэй феминист бүлэглэл мөн хүчээ авч байсан юм. Тэр бүлэглэлийн нэг гишүүн нь миний эмээ байсан. Миний санахын тэр хил хязгаарт баригддаггүй хүчирхэг эмэгтэй байсан юм . Миний ээж ч гэсэн хүчирхэг эмэгтэй. Гэхдээ тэр хүчирхэг байдлаа арай төвөгтэй байдлаар илэрхийлдэг байснаараа эмээгээс арай ялгаатай байсан.
-Таныг эмээгийнхээ замаар явсан гэж хэлж болох уу?
-Аль алинаас нь суралцсан.
-Та Японд төрж өссөн байх аа. Миний бодож байгаа зөв үү?
- Тийм ээ. Японд төрсөн. Ойролцоогоор хоёр жил хагас Токиод амьдарч байсан. Намайг гэдсэнд байхад аав маань ээжийг орхиод Америк явчихсан гэсэн. Тухайн үед ээжид минь их л хэцүү байсан тухай би бүр сүүлд нь хамаатнаасаа сонсож байсан. Аавын хувьд тэр зүгээр л энэ бүхэнтэй нүүр тулж, хүлээн зөвшөөрч чадаагүй байх гэж би хувьдаа боддог. Зарим эрчүүд ийм л байдаг. Тэр зүгээр л өөрийнхөө дуртай юмыг хийж амьдрахыг илүүд үзсэн хэрэг л дээ.
-Гэр бүлийнхэн тань таны уран бүтээлийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Миний ээж уран зургийн авьяастай хүн байсан. Аав маань ч гэсэн урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байв. Би тэдний хүсэж байсан шиг нэгэн болж чадаагүйдээ одоо ч өөрийгөө буруутгадаг. Малевичийн бүтээлийг Японд танилцуулсан анхны хүн бол миний аав. Эцэг эх маань надад урам хугарсан гэдэгт би эргэлздэггүй. Гэхдээ тэд урам хугарсан гэдгээ хэзээ ч илэрхийлж байгаагүй. Тэд миний зохион байгуулсан ямар ч арга хэмжээнд оролцож байгаагүй нь үүнийг маш тодорхой нотолдог гэхэд хилсдэхгүй болов уу. Би Жонтой гэрлэж байхдаа л иймэрхүү зүйл болно гэдгийг таамаглаж байсан.
-Та өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг юунаас үүдэлтэй гэж боддог вэ?
-Би таалагдсан зүйлээ л хийдэг. Тархи бие хоёр маань хоёулаа л хүлээн зөвшөөрсөн цагт л бүтээлч сэтгэлгээ урган гардаг.
- Би таны “Just Me” номыг уншиж байсан. Номонд та ээж болоход бэлэн биш байсан талаараа хуваалцсан байсан?
-Ээж болоход би хэзээ ч бэлэн байгаагүй. Ээж болохыг хүсдэггүй эмэгтэйчүүд олон байдаг нь гайхалтай юм шүү.
-Тэгэхээр та ээж болох, эх хүн байна гэдгийг ямар өнцгөөс нь хардаг вэ?
- Олонх эмэгтэйчүүд хүүхэдтэй болох ёстой. Тэгэхгүй бол хүн төрөлхтөн устана гэдэг өнцгөөс нь хардаг. Ээжтэй минь хамт ажилладаг байсан нэг англи эмэгтэйг би ерөөсөө мартдаггүй юм. Ээж дээрээ очих бүрт л тэр эмэгтэй их л бухимдалтай, ууртай хүн шиг санагддаг байлаа. Нэг удаа би түүнээс “Таньд яг юу таалагдахгүй болоод ингэж байнга бухимддаг юм бэ” гэж асуухад тэрбээр "Нөхөр маань намайг өөрийг нь орхиод явчихна гэж бодоод аль болох л хүүхэд төрүүлэхийг шаарддаг байсан" хэмээн ярьсан юм. Зарим эрчүүд одоо ч ийм зүйл хийдэг гэвэл таны ой тойнд бууж байна уу. Энэ бол аймшигтай, байж боломгүй зүйл. Би хоёр хүүхэдтэй, тэд маш сайхан сэтгэлтэй, сайн хүүхдүүд болохоор би их азтай хүн.
-Гэхдээ та яагаад хүүхэдтэй болохоор шийдсэн юм бэ?
- Жон хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан. Тэр үргэлж “Бид хүүхэдтэй болох ёстой” гэдэг байв. Би хэд хэдэн удаа зулбаад байсан юм. Азаар бид Шонтой болсон. Жон баярласандаа бараг галзуурсан тул тэр даруй зарлахыг хүссэн ч би олонд мэдэгдэхийг хүсээгүй л дээ. Гэхдээ бид аюулгүй боллоо гэж бодсон үедээ олонд зарласан. Жон бусад залууст хүүхэдтэй болох нь гайхалтай зүйл гэдгийг харуулахыг хичээдэг байсан.
-Жон та хоёр бие биедээ хэрхэн урам зориг өгдөг байв?
- Эрчүүдийн олонх нь ямар ч мэдрэмжгүй байдаг шүү дээ. Гэхдээ би өмнөх хоёр нөхрөө доромжилж байгаа юм биш шүү. Тэд сайхан хүмүүс, мэдрэмжтэй бас авьяастай. Тоши миний хувьд хамгаалагч, Тони хамгийн сайн туслагч минь байсан. Жон намайг бүх эр хүнийг туслагч гэж хардаг хэмээдэг байв. Гэхдээ би анх тухайн хүнийг яаж харснаас бүх зүйл шалтгаална шүү дээ. Анх Жонтой уулзахдаа түүнийг бусдаас өөр гэдгийг ойлгосон. Тэр үеийн эрчүүдийг төсөөлдөг байсан миний төсөөллөөс Жон тэс өөр байсан. Тухайн үеийн эрчүүд маш их авьяастай байсан болох ч үзэл бодолдоо их хатуу ханддаг байсан. Харин Жон тийм биш байв.
-Жон та хоёр хамтрагчаас гадна гэр бүл байсан. Үүний хажуугаар уран бүтээлээрээ бие биенээ дэмжих нь амархан байсан уу?
-Миний хувьд эмэгтэй хүнийхээ хувиар түүнийг дэмжих нь ердийн зүйл. Гэхдээ тэр үед эрчүүд эмэгтэй хүнд дэмжлэг үзүүлэх нь Жоны миний төлөө хийсэн зүйл шиг ер бусын зүйл байсан.
-Жоныг нас барснаас хойш та өөр хүнтэй харилцаатай байсан уу?
-Би илүү сайн нийгмийг бий болгохын төлөө ажилласаар ирсэн. Үүнийгээ ч баталсаар байгаа. Миний хувьд секс болон харилцаа нь тусдаа ойлголт биш. Зарим хүний хувьд энэ нь хуучинсаг ойлголт шиг санагдаж магадгүй. Гэхдээ би оюун санаангаараа ойлголцохгүйгээр бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй гэх үү дээ.
-Та хоёр бүх зүйлийг хамтдаа хийдэг байсан. Амьдралд ийм хосууд ховорхон тохиолддог шүү дээ?
- Тийм шүү. Бид ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Жон залуу байсан болохоор надаас илүү практик байсан. Тэрбээр "Харилцаагаа удаан үргэлжлүүлэхийн тулд бид бүх зүйлийг хамтдаа хийх ёстой” гэдэг байв.
-“Ганцаараа мөрөөддөг мөрөөдөл бол зөвхөн мөрөөдөл. Харин хоёр хүний хамтдаа мөрөөддөг бол бодит байдал” гэсэн таны үг их алдартай?
-Баярлалаа. Би мөрөөдлийн талаар маш олон зүйл бичиж байсан. Бидний 10 жилийн ойн үеэр Жон надад бидний харилцаа маш сайхан байгааг хэлээд ирэх 10 жилд ч ийм байх болно гэсэн. Түүний хэлснээр л байсан.
-Жоны юу таныг хамгийн их татсан бэ?
-Анх түүнтэй танилцахад гайхмаар хачин байсан шүү. Тэр яг л намайг, өөрийг минь хувилаад, илүү сайжруулаад тавьчихсан хувилбар шиг санагддаг. Би өмнө нь бүхнийг ганцаар хийж, ганцаар амьдарч, ганцаардал миний сэтгэлд бугшчихаад байлаа. Харин Леннонтой хамт байх нь бүхнийг илүү амар хялбар мэт санагдуулдаг. Би аз завшаанд төдийлөн итгэдэггүй ч миний амьдралын хамгийн том аз тэр байсан л гэж хэлмээр байна.
-Та Жоноос өөр ямар хүмүүсээс урам зориг авдаг вэ?
- Хүн бүр өөртөө уран бүтээлч шүү дээ. Өөрсдийнхөө авьяасыг нээж, бүтээж чаддаг нь гайхалтай юм.
-Таныг өнөөг хүртэл нөхөртэйгээ хамт амьдарч байсан орон сууцандаа байдаг гэж сонссон. Жоныг таалал төгссөний дараа нүүх талаар бодож байгаагүй гэж үү?
-Түүнтэйгээ хамт амьдарч, хуваалцаж байсан орон зайгаа орхиж зүрхлэхгүй.
-Миний бодлоор тэнд амьдрахад их л хэцүү байх болов уу?
-Тийм байх л даа. Гэхдээ бидний хамтдаа байхдаа бүтээсэн сайхан дурсамж ямар ч муу зүйлийг дарах хүчтэй гэж боддог. “Дакота”-ийн орон сууц нөхөртэйгээ хамт байгаа мэт халуун дулаан сэтгэгдэл төрүүлдэг. Жоны хүрч, хайрлаж, засч байсан олон зүйл тэр орон сууцанд байгаа учраас орхиод нүүнэ гэж бодохоор амьдралынхаа нэгэн үеийг баллуурдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
-Одоо үеийн талаар тухайлбал нийгмийн тухай таньд хэлэхийг хүсдэг эмзэглэж явдаг зүйл байдаг уу?
- Дэлхий дээрх хүчирхийллийн нөхцөл байдлын талаар бид үл тоомсорлож байна. Иерусалимд израильчууд болон палестинчууд мөргөлдсөний дараа гарсны дараа израиль, палестинчууд хамтдаа нэг ширээний ард суувал хөнгөлөлт үзүүлдэг кофе шоп байсан нь надад үнэхээр сайхан санагдсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Oрчуулгаар орчуулсан сэдвээ жаахан уншаад үг зүйн найруулгын алдааг нь засаад тавьчихдаггүй л юм байхдаа. Ж нь: мөргөлдсний дараа нь гарсны дараа нь гээд хэн ч ойлгохооргүй өгүүлбэрүүд олон байна даа.