ОЛОН ӨНГӨ: Навчсын нэр

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Зуны өдрүүд наранд боосон нялх нахиатайгаа ирж нэг л өглөө сэрэхэд цэцэрлэгт гудамжид муурын нүд шиг ногоохон гэрлүүд асжээ. энэ нүднүүд амьдрал таниагүй хүүхдийнх шиг гэнэн хонгор, ариухан, эмзэгхэн бас танхилхан аж. газрын үндсийг ярган модны судсаар дамжин мөчир бүхнээс нь тэмүүлэн соёолсон бяцхан навчнууд орчлон хорвоог гайхшран харж, чагнаархан гэрэлтэнэ. тэд ноднин хагдарсан хөгшин навчсын тухай зүүдлээ нь үгүй байгаа даа. өвөг дээдэс нь гэмээр хатсан навчсын сүнснүүд өнгөрсөн намрын нэг л салхинаар тэнгэрт нисэн одсон. одохдоо орчлонгийн мөнх бусын тухай дуулалдсаар, гоо үзэсгэлэн гэдэг нэг л зуны настай тухай халагласаар, үүрд юм шиг илгээсэн атлаа өршөөлгүйгээр буцаан авдаг бурхадын тухай хүүрнэсээр байсан сан.

Ариун сүнсээ тэнгэрт бэлэглэсэн навчис хүн төрөлхтөний хөлөөр нэг хөглөрч байснаа бас л нэг л өглөө сэрэхэд хаашаа ч юм бэ сураг алдардаг сан. би навчсыг нэртэй гэж боддог. навчис бүхний нэрийг намраас асууж алхах дуртай.  зарим нь гэгэлзсэн гэгээн нэртэй бол зарим нь хачин уйтгар гунигтай нэр хэлнэ. өчигдөрхөн дөнгөж нахиалсан нялх нялзрай навчис ч бас хэн нэгний сэтгэлд өөрийн нэрээ үлдээх болно. тэр нэрс дахин давтагдашгүй гээд бод доо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top