Хөрөнгө оруулагчид Нью-Йоркын шүүх дээр тохиролцох уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

"Оюу Толгой" төслийн голлох хөрөнгө оруулагчид болох “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд Нью-Йоркын шүүх дээр тохиролцоонд хүрэх болсон тухай “Блумберг” агентлаг мэдээлжээ.

Жижиг хөрөнгө оруулагчдын гаргасан маргаан нь баримт сэлтээр баталгаажихгүй, олон нийтийн санаа бодлыг эргүүлэх үүднээс гаргасан үйлдэл гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.

Өнгөрсөн гуравдугаар сард гаргасан дээрх гомдол дээр тулгуурлан Монгол Улсын Засгийн газар хамтарч оролцоно гэж байсан ч “Блумберг” агентлагийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид тохиролцож чадвал манай тактик өөрчлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн Арбитрын шүүх дээр гаргаж буй сөрөг нэхэмжлэл ч манай талд шийдэгдэхгүй үлдэж болох талтай.

Блумберг агентлагийн мэдээлснээс харвал “Оюу Толгой” төслийн далд уурхайн зардлыг үндэслэлгүйгээр нэмсэн, илтэд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлийг хангалттай нотолж чадахгүй байгаа аж. Тиймийн тул “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компаниуд уг нэхэмжлэлийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байна. Үүнээс харвал Нью-Йоркын шүүх дээр гаргасан жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол дээр “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компаниуд хамтарч оролцох магадлал өндөр болсон гэсэн үг. Гомдол гаргасан “Пентуотер Капитал” компанийнхан толгой хоёр компанийг эвсэнэ гэж таамаглаж байсан ч нотлох баримт шаардаж байгаа болохоор энэ маргаан удаан үргэлжилнэ. Удаан үргэлжлэх нь гомдол гаргасан талд ч, “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компанид ч ашиггүй. Алс хэтдээ “Оюу толгой” төсөлд ч таагүй. Тиймээс Нью-Йоркын шүүх дээр гаргасан маргаан хэсэг хугацааны дараа нэхэмжлэлээ буцаан татсанаар дуусах хувь заяатай боллоо.

 

Шүүх дээр очсон гомдол

 

"Оюу Толгой" төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдсон бодит шалтгааныг "Рио Тинто" компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна. "Оюу Толгой" төслийн хугацаа хойшилсон тухай мэдээлэл 2019 оны долоодугаар сард анхлан цацагдсанаас хойш "Пентуотер Капитал" тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчид үнэн зөв мэдээллийг шаардсаар ирсэн. Геологийн нөхцөл хүндэрсэн, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон зэрэг асуудалд хөрөнгө оруулагчид тэгш мэдээлэл авч чадаагүй гэж тэд шүүмжилж байсан, одоо ч шүүмжилсээр байгаа. Энэ утгаар нь харвал “Пентуотер Капитал” компани зарга мэдүүлэх нь цаг хугацааны асуудал байсан гэж дүгнэж болно. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов. Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд “Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Дээрх 12 албан тушаалтнууд нь бүгд дунд шатны удирдах түвшний хүмүүс байгаа нь мэдүүлгийг илүү чамбайруулж байгаа гэж дүгнэж болно. Улмаар мэдүүлгийн дүгнэлт хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн уг шалтгаан нь инженерийн чадамжгүй бүтээц, Хятадын ган төмрийн буурч буй эрэлт, хангалттай худалдан авалт хийхгээгүй зэрэг болно гэж дурджээ. Өөрөөр хэлбэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь зүгээр шалтаг бөгөөд тэртээ тэргүй алдагдалтай байгаа төслийн зардлыг нэмэгдүүлэх замаар Рио Тинто компани алдагдлаа нөхөх гэж байна гэж тэд дүгнэж буй хэрэг. Түүнчлэн шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг “Редпат” компанид ажиллаж байсан нэгэн эрхмийн гомдол эрхгүй анхаарал татна. Тухайн гомдол гаргагч нь “Оюу Толгой” төсөлд туслан гүйцэтгэгч “Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан бөгөөд мэдүүлэгт дурдсан нь “геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мэдүүлэг гаргагчдын дийлэнх нь Рио Тинто компанид Оюу Толгой төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг мэдүүлэг гаргагчид тодотгож буй. Техникийн алдаа гаргасан гэдгийг “Редпат” компанийн өөр нэгэн менежер мэдүүлэгтээ дурджээ.

 

Хөрөнгө оруулагчдын толгойн өвчин

 

“Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид чухамдаа ийм маргаан гарч магадгүй гэж үзэн 2017-2018 онуудад анхааруулж, Рио Тинто компанийг мэдээллээр хангахыг шаардаж байсан ч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс хугацаа хойшлохгүй зардал нэмэгдэхгүй гэж мэлзсээр байв. Тэд зардал 5.3 тэрбум ам.доллароос хэтрэхгүй, 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлэнэ гэж зарласаар, хэвлэлийн мэдээндээ ч дурдсаар байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын таамаглал үнэний хувьтай байж.  “Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор  нэмэгдсэн. “Рио Тинто” компани 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэл гаргахдаа үүнээс ч хойшилж магадгүй гэдгийг онцолсон нь “Туркойз Хилл Ресурс” болон хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн юм. Тиймдээ ч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. “Пентуотер Капитал” компани гаргасан мэдүүлэгтээ “Энэ бүхний эцэст Туркойз Хилл Ресурс компанийн хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээлээ. Оюу Толгойн далд уурхайн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээлэл нийтэд цацагдсан үед Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа үнэ цэнийхээ 70 гаруй хувийг алджээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

 

Засгийн газрын тактик

 

Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-той асуудлаа нэг талдаа гаргах үүднээс түр хороо гарган ажиллаж байгаа. Энэ сарын 04-ний өдөр УИХ-ын түр хорооны хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэг зүйл мэдэгдсэн. Нью-Йоркын шүүх дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн гаргасан дээрх гомдол дээр тулгуурлан гуравдагч этгээдээр оролцох гэж буйгаа зарласан юм. Нөгөөтээгүүр Лондоны арбитрын шүүх дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгатай нийцэж байгаа тул Нью-Йоркын шүүх дээр үүсгэсэн маргаан дээр хамтран оролцох тактик баримталсан ажээ.

Хэрэв хөрөнгө оруулагчид байр сууриа нэгтгэж чадвал манай тактик өөрчлөгдөх дээрээ тулаад байна. Нью-Йоркын шүүхийн маргаан чухам хэрхэн шийдэгдэхээс шалтгаалан манай Засгийн газраас арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувь заяа шийдэгдэнэ. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэхдээ “Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч “Rio Tinto Holdings Limited” нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг арилгуулах. Хоёрдугаарт, “Оюу Толгой ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч нь “Оюу Толгой” төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг барагдуулах гэсэн үндэслэлээр арбитрын нэхэмжлэл гаргасан” гэж байсан юм. Дээрх үндэслэлийг харахаар Арбитрын шүүхийн маргаан наанадаж гурван жилээр, цаашлаад түүнээс ч олон жилээр үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Олон жил энэ асуудал сунжирвал “Оюу Толгой” төсөлд ч, нэхэмжлэл гаргасан Засгийн газарт ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй байх нь тодорхой. Магадгүй ажлын хэсгийн гишүүд нь тэмцэгчдийн дүрээр улс төрийн оноо авсан өнгөрсөн жилүүдийн тавилан давтагдах өнгө аястай болоод байна.

 

Хөрөнгө оруулагчдын үгсэл

 

Хэрэв уншигч та санаж байгаа бол он дуусахаас ердөө нэг сарын өмнө “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх тухайгаа нийтэд зарласан. Тэртээ тэргүй нэг олсонд явж байгаа учраас хоёр тал өнгөрсөн есдүгээр сард ширээний ард суугаад харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Үүгээр тэд “Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэмэлт санхүүжилт татах тал дээр хамтран ажиллахаар болсон юм. Асуудлаа шийдчихэв  үү гэж хартал үгүй байж. Сүүлд байгуулсан санамж бичигт “Оюу Толгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт зардал болох 6.6-7.1 тэрбум ам.долларын зардлыг хоёр компани  хуваан босгохоор тусгав. Чухам үүнээс маргааны үндэс суурь тавигджээ. Харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор бол хоёр тал зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах зэргийг тусгасан юм. Гэхдээ сүүлд өгүүлдэг энэ бүх ажлуудыг Рио Тинто компани хариуцна. Үлдсэнийг нь “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм. Чухамдаа энэ нь л “Туркойз Хилл”-ийн харыг төрүүлсэн хэрэг. Үнэхээр эргэн төлөлтийн хугацаа сунгагдаад, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа гэхэд “Туркойз Хилл Ресурс” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларыг хувьцааны санхүүжилтээр татах шаардлагатай болох юм. Гэвч эргэн төлөлтийг сунгах, 500 сая ам.долларыг нэмэлтээр босгох нь хэцүү даалгавар. Даалгавраа хийж чадахгүйд хүрвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаанаас босгох хөрөнгө 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. “Туркойз Хилл Ресурс”компани  чухам энэ хуваарилалт дээр л маргасан хэрэг.

Арбитрын ажиллагаа юу, юугүй эхлээд Канадын арбитрын шүүх дээр асуудал очоод байхад хоёр тал саналаа нэгтгэж байгаагаа олон нийтэд зарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-ний өдөр “Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдэлд хоёр компани арбитрын маргаанаа хэрэгсэхгүй болгож байгаагаа зарласан юм. Уг мэдэгдэлд “...Мөн Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрынмаргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно” гэж дурдсан байна. Түүгээрч зогсохгүй хоёр тал хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төслийн хугацааг эцэслэн тохирч, энгийн хувьцааны эрхээ арилжаалах замаар үлдсэн санхүүжилтийн дутагдал болох 500 сая ам.долларыг нөхөх зэргийг тохиролцсон юм.

“Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагчдын толхилцооныг ашиглаж Нью-Йорк дээр нэхэмжлэл гаргасан ч сар хүрэхгүй хугацааны дараа “Рио”, “Туркойз” хоёр эвсэж, арбитрын маргаанаа цуцалсан. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн тактик өөрчлөгдөн өмнөхөөсөө зөөлөрсөн билээ. Засгийн газар ч үүнийг ашиглан сөрөг нэхэмжлэл гаргах тактик хэрэглэсэн. Гэтэл манай тактик хөрөнгө оруулагчид үгссэнээр мухардах тийшээгээ хандчихлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top