ОЛОН ӨНГӨ: Багтаж ядталаа баяжихтун

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод эхэлбэл үгүй мөн ч сайхан аа. Энэ эрин зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан гэдэг. Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.

Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан. Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөдрөөрөө сэтгэж, одоогийнхоо нийгэмд “Баяжихтун” уриалгыг гаргахад оройтоод байх юм алга.  Бүх нийтээрээ баяжихыг уриалаад урдаа байгаа боломж бүхнийг хар гээд л иргэдийнхээ сэтгэлгээнд идея /санаа/ өгөх тал дээр илтгэл лекцийг өргөнөөр зохион байгуулбал бүр ч сайнсан. Лав л "Тавьсан өрийг чинь тэглэж өгнө" гэсэн популист амлалтаас түм, бум илүү үр өгөөжийг ард иргэдэд өгнө дөө.

Монгол түмэн нийтээрээ баяжих ухаанд суралцаад ирвэл гуравхан сая хүн амтай цөөхөн монголчууд бид юу гэж, одоогийнх шигээ хэдхэн баячуудаа адлан муулах билээ. Бүтээдэг, үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртдэг зах зээлийн жамыг одоо бүгдээрээ ойлгох цаг нь болсон. Алийн болгон дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө нүд үзүүрлэх юм бэ.

Бид ямар хөрөнгөтний нийгмийг үзэн яддаг коммунистууд биш дээ. Өнөөдөр хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдрах боломжтой капиталист нийгэмд амьдарч байна та бид. Хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байна. Бодит байдлаа тунгаагаад бодоод нэг үзье.

Үнэндээ бид өдгөө үнэтэй машин унасан, өнгөтэй хувцсаар гоёсон нэгнийг хараад “Муу баячууд” гээд их л үзэн ядах. Уг нь тэр баячууд бидэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Харин ч ажлын байр бий болгож, цөөнгүй хүмүүсийг цалинжуулж, баялаг бүтээж байгаа хүмүүс. “Чадаж байгаа юманд арга алга” гэдэг дээ. Таны хийж, бүтээж, эдэлж хэрэглээгүй бүхнийг тэр хүн өөртөө бий болгосных нь төлөө өширхөнө гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Азаар бид чинь ангит нийгэмд төрчихөөгүй. Туг ч барих, тугал ч хариулах эрх нь та бидний гарт байна. Ийм байтал илүү хөдөлмөрлөж, ихийг бүтээж, компани байгуулж, корпораци үүсгэж, групп болтол бизнесээ өргөжүүлж байгаа бүтээгчдийг хараад үхтлээ атаархдаг нь юу билээ. Мөнгөгүй, ядуу амьдарч байгаа бол таны өөрийн чинь залхуу арчаагүй байдлын л илрэл гэдгийг эхлээд ойлгоё. Иймээс энэ цаг үеэс ядуусыг үзэн ядаж, баячуудыг бахдан сайшаадаг хандлагыг нийгэмд буй болгоё, бүх монголчуудаа. Бүгдээрээ багтаж ядталаа баяжихын төлөө хөдөлмөрлье дөө. "Хөдөлмөрлөж урсгасан хөлс бүхэн хүний төлөө дусалж байдаг" гэсэн мэргэн үг байдгыг төгсгөлд нь тэмдэглье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top