БНХАУ-ын хурдны төмөр замын урт 2035 онд 70 мянган км хүрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

XXI зууны эхэн үед Хятад Улсад хурдны төмөр зам гэж бараг байсангүй. Шанхай-Бээжингийн хооронд галт тэрэг явдаг байсан ч хүмүүсийн тэвчээрийг бардаг байсан гэхэд хилсдэхгүй байжээ. Харин өнөөдөр  байдал огт өөр болоод байна. Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг тус улс төмөр замын уртаараа ч олон улсад тэргүүлж эхэллээ.  Тус улсын 2008 оноос хойш томоохон мега хотуудын кластеруудыг холбосон   төмөр зам нь өнгөрсөн оны байдлаар 37.9 мянган км-т хүрчээ. БНХАУ 2008 оноос хойш  тавьсан нийт төмөр замынхаа  талаас илүү хувийг сүүлийн таван жилд хийж гүйцэтгэжээ. 2035 он гэхэд уг сүлжээ хоёр дахин урт буюу  70 мянган километрт хүрэх төлөвтэй байна. Галт тэрэгний дээд хурд нь 350 км / цаг  бөгөөд төмөр зам хөгжих тусам дотоодын аялал жуулчлалын салбарын ашиг орлого ч огцом өсөж эхэлжээ. 2020 оны байдлаар  Хятадын 500 мянган болон  түүнээс дээш хүн амтай  хотуудын 75 хувь  нь өндөр хурдны төмөр замаар холбогджээ. Европын хамгийн урт хурдны төмөр замын сүлжээтэй Испанид хурдны гал тэрэгний дээд хурд нь  250 км / цаг бөгөөд  2000 гаруй миль  үргэлжилж байгаа юм. Түүнчлэн Их Британийн төмөр зам одоогоор ердөө 107 км байгаа бол  төмөр замын уртаараа АНУ л БНХАУ-тай дөхөж очихоор байна.

 

Төмөр замын хөгжил бол эдийн засгийн илэрхийлэл

 

Хятад Улс өндөр хурдны галт тэргийг дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор дэмжиж, хөрөнгө хаяж байгаа ч тус улсад үүнээс ч илүү  давуу тал олгож байгааг мэргэжилтнүүд онцолж байна.  Тодруулбал, төмөр замын хөгжил 1960-аад оны Японы Шинкансентай адил  улсын  эдийн засгийн хүч, технологийн хөгжлийн бэлгэдэл гэж хэлж болно. Нөгөө талаас хурдны төмөр зам нь Хятадын эрх баригч Коммунист нам болон  удирдагч Ши Жиньпиний хувьд нийгмийн эв нэгдэл, ялгаатай соёл иргэншилтэй бүс нутгуудыг нэгтгэх хүчтэй хэрэгсэл юм. Лондоны  их сургуулийн Дорно дахин, Африк судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Оливиа Чеунг "Хятадын галт тэрэгний энэхүү схем нь  тус улсын томоохон хотуудыг хооронд нь холбоод зогсохгүй шинэ мега хотуудыг ч холбоно. ОХУ  төмөр замын сүлжээгээ хөгжүүлж эхлэх үед  Франц, Итали, Их Британийн  эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөөлсөн. Дэлхийн улс орнуудын XIX, XX зуунаас эхлэн урт хугацаа, олон тэрбумыг зарцуулсан уг бүтээн байгуулалтыг Хятад Улс хэдхэн жилийн дотор хэрэгжүүлж байна” гэжээ. Аялал, жуулчлалын салбарын судлаач  Марк Смит "Хятадууд урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй  хурдны төмөр замын сүлжээ бий болгосон.

Тус улсын төмөр замын сүлжээ нь дотоодын нислэгээс илүү найдвартайгаас гадна цаасан тасалбар авах шаардлагагүйгээр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын тусламжтайгаар бүх асуудлаа шийдэх боломжтойгоороо давуу талтай” гэдгийг тодотгожээ. БНХАУ анх төмөр замын сүлжээ тавихдаа Япон, Европоос технологи, туршлага судалж байсан бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй  туршлагыг хэрэгжүүлэх, сонирхох орнуудын тоо ч огцом өсөөд байгаа билээ. Хятадын асар том газар нутаг,   цаг уурын эрс тэрс байдал тус улсын төмөр замын инженерүүдэд ихээхэн сорилт бэрхшээл болдог ч нөгөө талаас арвин их туршлага хуримтлуулах боломж олгосон гэхэд хилсдэхгүй.  2020 оны байдлаар Хятадын хурдны төмөр замуудаар өдөрт 9600 гаруй хурдны галт тэрэг явж өнгөрдөгөөс гадна дэлхийд анх удаа шөнийн унтлагын хурдны галт тэрэг мөн л тус улсад явж эхлээд байгаа юм.  Тус улсын нийт хурдны төмөр замын дийлэнх нь хүн ам шигүү суурьшсан хотууд болон хөдөө аж ахуйн бүс нутаг дээгүүр явж өнгөрдөг учраас 80 гаруй хувийг бетон цутгамал гүүрэн дээр тавьжээ.

 

Лаос Хятадыг холбох төмөр зам энэ оны эцэс гэхэд ашиглалтад орно

 

5.21 тэрбум ам.долларын өртөгтэй Хятадын өмнөд хэсгээс Лаосын нийслэл Вьентьян хүртэлх төмөр зам 2021 оны эцэс гэхэд ашиглалтад орох юм байна.  Хэдийгээр өндөр хурдны төмөр зам биш ч гэсэн 257 милийн шинэ шугам нь Хятадын төмөр замын нөлөөг мэдэгдэхүйц өргөжүүлэхээр байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Үүнээс гадна  Тайландын Бангкок болон  Сингапур хүртэлх төмөр зам тавих ажил үргэлжилж байна. Хятад Улс нь Ази төдийгүй Европ, Африкт нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа тул төмөр зам нь энэ амбийцийг нь хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.  Түүнчлэн сүүлийн үед  Хятад Улс маглев соронзон галт тэрэгний  технологид олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.36) 2021 оны 05 сарын 22

Дэлхийн улс орнууд хурдны замаар хоорондоо холбогдчихвол сайхан байна.

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 23

Хятад хүчирхэг гүрэн гэдгийг мэдэж авцгаа үхэр монголчууд аа.

2  |  3
Top