Дүнсгэр сонгуулийн дүнг чимээгүй хүлээх үлдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

Олон өдөр бүүдийж дуншсан тэнгэрийн цаанаас ямар нэгэн үзэгдэл хүчтэй илэрдэг. Гамшигтаа тулахгүй ч тодорхой хэмжээнд араншингаа дэлгэдэг нь байгаль эхийн жам.

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ажиллагаа, эргэн тойрон яг л олон өдөр бүрхэж дуншсан тэнгэр шиг харагдана. Монголчууд бид 1992 оноос УИХ-ын болон Орон нутгийн найман удаагийн сонгууль өгч өдгөө Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиа өгөх гэж байна. Сүүлийн гучаад жилийн туршлага бусад зүйлээс харж байхад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шиг дүнсийж дуншсан сонгууль үзсэнгүй гэж хэн ч хэлнэ. Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ямар их гал дунд өрнөж байлаа.

Нэр дэвшигчид тодрох нь бүү хэл сонгуулийн чимээ алс байхад Х.Баттулгыг “Баянгол” зочид буудал тойруулан элдэхээс л эхэлсэн. Мөн тодорхойгүй байхад М.Энхболдын дэглэсэн гэх “60 тэрбум”-ын схемыг бичлэгээр дэлгэж гээд бөөн хөл болж байлаа. Хоёр нэр дэвшигчийн дунд гүйсэн Х.Доржзодов гэх нөхөр нэг сая ам.доллар давсан өртгөөр үнэлэгдэв. Сүүлдээ Х.Доржзодов өндөр үнэ хүрсэн бие цогцосоо гадны иргэнийд нуух хүртэл арга хэмжээ өрнөсөн. Гуравдагчдын зүгээс нэр дэвшсэн С.Ганбаатарын солонгосчуудаас мөнгө авч байгаа бичлэг ч цацагдав. Дэндүү өрнөлтэй байв. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор нэр дэвшигчид тодрох мөчид гал улам ч дүрэлзэв. Х.Баттулгын банкны дардастай их хэмжээний мөнгө хураагдаж, М.Энхболдын захын хороонд явуулсан мөнгөний ажиллагаа ч ил болж оволзож өгсөн дөө.

Ийнхүү МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар жинхэнэ популист гэдгээ харуулж дахин санал хураах хэмжээнд сонгуулийн үр дүнд нөлөөлөв. Сонгогч олонд тараадаг мөнгөний хэмжээ 10, 20 мянгаар биш 100, 100 мянгаар өсөж, ханш өндөр авах хүртэл өрнөсөн дөө. МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин санал хураалт болох үеэр бараг өөрөө Ерөнхийлөгч болчихсон мэт хөөрч, хувийнхаа телевизээр тангараг өргөхдөө тулав. С.Ганбаатартаа хэтэрхий их итгэсэн байх. Энэ удаагийн сонгууль тун чимээгүй дүнсгэр өрнөж байна. Ийм дүнсгэр дүр төрхийн цаанаас чухам юу болох вэ гэдэг л асуулт хариултгүй үлдлээ. Ёстой л дүнсгэр сонгуулийн дүнг л хүлээх үлдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.25) 2021 оны 05 сарын 23

Ийм сонгууль гэж юу байсийн. Санал өгөхгүй. Дэмжих ганц олигтой нэр дэвшигч алга

0  |  0
Иргэн(192.82.67.197) 2021 оны 05 сарын 22

АН хувьсгал гэж нэрлээд үймээн самуун дэгдээж дараагийн ээлжийнхэн нь тэрбумтан болох гэж мөрөөдөөд л. Даанч одоо та нарыг олон түмэн нэвт шувт мэддэг болсон доо. Хайран хөгжлийн 30 жил. Гэтэл өмнөд Солонгсыг хар даа!

1  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 22

Сонгууль болохгүй хувьсгал болох магадлал нь өндөр байгаа.

2  |  1
Top