Хөгжим, урлагийн цахим нэвтэрхий толь www.mongol.asia нээгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Хөгжмийн салбарын эрдэмтэн багш нар, суралцагчид, судлаачид болон байгууллага хамт олны хэрэгцээг эн тэргүүнд хангах, цаашлаад олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй, иж бүрэн мэдээллийн эх сурвалж болох “Хөгжим урлагийн цахим нэвтэрхий толь” нээгдлээ. Уг төсөл нь дараах асуудлуудад гол анхаарлан хандуулан ажиллах юм.  

 

  • Хөгжим нь маш өргөн хүрээг хамарсан томоохон судлагдахуун бөгөөд эх хэлээрээ найдвартай эх сурвалжаас иж бүрэн мэдээлэл авах боломж монголчуудад хомс
  • Хөгжим, урлагийн боловсролын ач холбогдол буурч, суурь боловсролын заавал үзэх хичээлийн үзэх цаг багассан, зарим сургуульд хасагдсан
  • Үндэсний, язгуур урлагийн холбогдох мэдээлэл гол төлөв монгол хэлээр байгаа нь гадны судлаачид, сонирхогчдын хувьд бэрхшээл болдог
  • Цахим шилжилт болон энэ цаг үеийн хүмүүс хүртээмжтэй, хайх болон суралцах, ойлгоход хялбар, үнэгүй эсвэл маш хямд, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах боломж хязгаарлагдмал
  • Монголын хөгжмийн төдийгүй урлагийн салбарт мэргэжлийн шүүмж дутагдалтай. Урлагийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлч, боловсон хүчин бэлтгэгдээгүй, түүнчлэн энэ чиглэлийн мэдээ шүүмжид санхүүгийн хөшүүрэг байхгүй;

 

Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Жанцанноров Сан” нь монголчуудын үндэсний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжмийн зохиолч, урлаг судлаач Н.Жанцанноровын уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой төрийн бус байгууллага ба 2010 онд үүсгэн байгуулагдсанаасаа эхлэн уран бүтээлчид, хөгжимчдийн бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, судалгааны ажил, сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон арван үйл ажиллагаа зохион байгуулж урлаг соёлоор дамжуулан улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирлээ.

Энэ удаа бид сангийн арван жилийн ойд зориулан “ХӨГЖИМ УРЛАГИЙН ЦАХИМ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн эрхэм таны гарт өргөн барьж байна. Энэхүү толь нь хөгжим, хөгжмийн түүх, онол зэрэг түвшинд сонгодог, нийтийн, рок поп гэх мэт урсгал бүрээр, хөгжмийн зэмсэг, тайзны бүтээл, уран бүтээлч, хөгжмийн зохиолч, яруу найрагч зэрэг холбогдох сэдвүүдийг өргөн хүрээнд хамарсан хөгжим урлагийн иж бүрэн цахим нэвтэрхий толь болох бөгөөд амьдралын бүхий л талбарт оршин байж, хүмүүн бидний сэтгэл мэдрэмжийг ямар хэлтэй, ямар үндэс угсаатайгаас үл хамааран илэрхийлэгч хөгжим хэмээх гайхамшигт урлагийн мэдлэгийг дусал дуслаар нэмэх олон нийтэд нээлттэй эх сурвалж юм.

Швейцар, Монгол хоёр улс 1964 онд дипломат харилцаа тогтоосноос хойш урт удаан хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн ба Швейцарын хөгжлийн агентлаг 2004 онд Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан юм. Швейцарын хөгжлийн агентлаг нь Швейцар Улсын хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эрх тэгш, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж, жил бүр стратегийн чиглэлүүдээр олон тооны төсөл хэрэгжүүлдэг.

Тэдгээрийн нэг чиглэл нь нийгмийн өөрчлөлтийн гол илэрхийлэл, хөгжлийн цөм болох соёл урлагийн салбар хэмээн үзэж урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачилгыг идэвхтэй дэмжин ажилладаг. Манай төслийг дэмжиж, олон талын зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагт гүн талархал илэрхийлье.

Бид энэхүү төсөлдөө хөгжим урлагийн бүхий л талбарыг багтаахаар зорьж байгаа тул цаашид эрхэм хэрэглэгч, уншигч таны болон түнш байгууллагууд, суралцагчид, уран бүтээлчид, урлаг судлаачид, нийтлэлч, сэтгүүлчдийн тусламжтайгаар улам баяжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж, хамтран ажиллахыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top