З.Оюунчимэг: Ром хотын ард иргэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс байх гэсэн сэтгэгдэл төрүүлсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

“Миний аялсан 1000 хот”  нэвтрүүлгийн продюсер хөтлөгч, санаачлагч, редактор Зандангийн Оюунчимэгтэй ярилцлаа. “Явсан хүнээс үг дуул” гэж үг байдаг даа. Газар газрын онцлог, ард түмнийх нь зан араншин, сэтгэлгээ, ёс заншил, шашин шүтлэгийн ялгаа гээд олон сэдвээр түүнтэй хөөрөлдсөн юм.


-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Геологи уул уурхайн яамны томилолтоор олон үеийн залуучуудын хамт Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд оролцож явсандаа бахархаж дурсаж явдаг. Эрдэнэт үйлдвэрт СЭЗТехникум төгсөөд очиж тооцооны нягтлан бодогчоор орж ажиллаж байгаад, ахлах нябо, ерөнхий нягтлангийн татвар хариуцсан орлогч нягтлан бодогчоор 26 жил, Монгол дахь Зарубежстрой компанийн ерөнхий нягтлан бодогчоор таван жил ажилласан. Одоо “Дэлхийн Глобал Газрын зураг” компанийн захиралын албыг хашиж байна. Хажуугаар нь “Миний аялсан 1000 хот”  нэвтрүүлгээ үзэгчиддээ хүргэж байна даа. Чөлөөт уран бүтээлч ч гэж хэлж болно. Хоббигоо ажил болгосон доо. Миний мөрөөдөл сэтгүүлч, аялалын хөтөч болох байлаа. Залуугийнхаа мөрөөдлийг биелүүлж байгаа юм. Ажилдаа маш их дуртай, хайртай шүү.

-Таныг “Миний аялсан 1000 хот” гэдэг аялалын нэвтрүүлгээр нь хүмүүс мэднэ. Дэлхийн ямар, ямар хотуудаар аялж байв?

-Дэлхийн олон хотуудаар аялж байсан. 2017 оноос хойш нэвтрүүлэг хийж хүмүүст хүргэх санаа төрсөн дөө. Өөрөө үзсэн харсан юмаа хүнд хүргэх гэдэг зорилго тавьсан. Харин гурван жил гаруй хугацаанд нэвтрүүлэг хийж хүргэсэн нь 80 -аад хот болж байна. Сүүлийн хоёр жил коронавирус өвчин гарсанаар завсарлаад байгаа. Очсон улс орныхоо хамгийн их сонирхолтой хотуудаар аялж, тэр улсын түүх, хүмүүний амьдрал аж ахуй, дурсгалт газрууд, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газруудаар аялах нь сонирхолтой байдаг шүү.

-Аялсан газрын хамгийн сонин, содон нь юу байдаг вэ, юу таныг гайхшруулдаг вэ?

-Аялсан газрын хүмүүсийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, биднээс юугаараа өөр юм бэ, ахуй соёл , хүмүүсийн амьдарч байгаа нийгэм эдийн засаг, улс төрийн орчин тэдэнд яаж нөлөөлж байгааг олж харах дуртай. Ер нь товчхондоо хүмүүс нь их сонин байдаг. Намайг өөрийн эрхгүй гайхшруулдаг зүйл гэвэл хүрээлэн буй нийгэм, эдийн засаг, шашин, газар нутгийн хэмжээ, ёс заншил, байгаль орчин зэргээсээ хамаараад орон орны хүмүүсийн амьдралын хэв маяг хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай байдгийг олж харах явдал юм. Жишээ нь, Япон улсын хүмүүс нь маш их найрсаг, ажилсаг, хүнд төвөг болохгүйгээр амьдрах нь тэдний хувьд эрхэм зорилго нь байдаг. Тэд ажилд орсон л бол тэр компаныхаа төлөө үнэнчээр зүтгэж, ажлаас халагдана гэдэг тэдний хувьд сүйрэл болдог. Тиймдээ ч энэ улс асар хурдтай хөгждөг байх. Хүний хүчин зүйл компанийн хөгжлийн гол түлхүүр шүү дээ. Энэ бүхэнд энэ орны тэтгэврийн даатгалын системийн онцлог болох 70 хүрсэн ч ажиллаж байвал тэтгэврийн хувь хэмжээ нэмэгддэг, ажил олгогч нар нь олон жил ажиллах тусам цалинг нь нэмдэгтэй холбоотой байдаг. Тиймдээ ч Япон оронд өндөр настай хүмүүс их байдаг. Гэртээ уйтгарлан суух биш насан туршдаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс.

Харин Дубайд очиход нутгийн оршин суугчид хүн амынх нь 15-хан хувийг эзлэх хэр нь тэд хаан шиг амьдардаг. Харин 85 хувь болох гаднын улс орны ажиллагсад энэ орны хамаг хүнд хүчир ажлыг хийдэг. Хууль зүйгээ маш нарийн зохион байгуулалтанд оруулан, эдгээр гаднын хүмүүсийг ажиллуулж хянаж байдаг нь гайхалтай. Гэвч энэ оронд арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах явдал хэрээс хэтэрсэн санагдсан. Эмэгтэйчүүдийг дорд үзэх, ажиллагсадаа ирсэн орон, арьс өнгөнөөс нь хамаараад ялгавартай цалинжуулдаг гэх мэтийг дурдаж болно. Зүүн Өмнөд азийн орнуудад аялж байхад маш сонирхолтой олон зүйлсийг олж харах боловч тэр дундаас хамгийн их сэтгэлд тод үлдсэн нь шашинд хэт их автсан, түүнээсээ болж төрийн дарангуйлалд өртөх нь их байдаг. Гадаад ертөнцөөс тасарсан Мьянмар, Кампож зэрэг орнуудын ард түмэн туйлын ядуу боловч дандаа инээж явдаг, найрсаг байгааг нь гайхаж байсан. Италичууд баяр баясгалантай хүмүүс бол Норвеги, Финланд, Швед, Данид хүмүүс нь жингүйдсэн юм шиг тайван, өөртөө итгэлтэй. Вьетнам хүмүүс маш ажилсаг. Кавказын нурууны орнууд болох Азербайжан, Гүрж хүмүүс их хөгжилтэй, найрсаг, зочломтгой. Харин Төв Азийн орнуудын хүмүүс, тэр дундаа Таджик хүмүүс бүр ч их зочломтгой. Оросууд маш энгийн, хувийн нууцаа найздаа ярьж байгаа юм шиг илэн далангүй. Бүгд л  гайхалтай өөр өөр байдаг шүү. Энэ бүхнийг яриад баршгүй.

 

Миний аялсан газруудаас бидэнтэй хамгийн ойролцоо зан араншинтй улсууд гэвэл Орос, Казахстан, Таджикууд гэж би хэлнэ. Ер нь өвөг дээдсийн маань удам угсаа энэ улсуудад түүхийн явцад үлдсэн нь дамжиггүй. Найрсаг зочломтгой, ний нуугүй зан, зарим үед хэнэггүй ч юм шиг. Харин эрс тэс гэвэл шашин шүтлэг, ахуй амьдралаараа өөр, өөр олон орон байдаг л даа. Эндээс Япон орны хүмүүсийн суурин амьдрал, газар тариалан эрхэлдэг зэрэг соёлтой нь холбоотой юм уу огт өөр санагддаг. Далайн орон гэдэг утгаараа хоолны соёл, гейша нарын урлаг, самуурай нарын түүх гээд их сонирхолтой. Япончууд аливаа юманд шаргуу махруу, ер нь л бүх талаараа тэс өөр санагдсан.

 

-Хамгийн мартагдашгүй газраа нэрлэ гэвэл?

-Миний хамгийн мартагдашгүй газар гэвэл энэ дэлхийн үүх түүхийн өлгий болсон гайхамшигт Ром хот юм. Хүн төрөлхтний түүхэнд  2767 жил алдар нэрээ цуурайтуулсан мөнхийн хот, Өрнө, Дорнын хамгийн хүчирхэг гүрэн байсан Ромын эзэнт улсын нийслэл буюу одоогийн Итали улсын нийслэл хот байсан.  Энэ хотын түүхийн дурсгалт газар болох Коллизей, Пантеон сүм, Тревийн усан оргилуур, Ромын форум, Ром хотын нутаг дэвсгэрт байрладаг дэлхийн хамгийн жижиг улс Ватиканы музей, Ариун Петрийн сүм, талбайг үзэх үнэхээр гайхалтай байсан. Хотод нь ойролцоогоор 900 гаруй сүм хийд байдаг. Мөн энэ хотод хамгийн хямд ресторанд ч амьдралдаа мартахааргүй амттай хоол шпагетти идэж болно. Пиццаны амт чанар үнэхээр санаанаас гарахгүй. Ром хотоор зугаалж явахад эндэхийн ард иргэд хамгийн аз жаргалтай хүмүүс байх гэсэн сэтгэгдэл төрдөг. Мөн дэлгүүрийн бараанууд нь хамгийн сүүлийн үеийн загварлаг гэж хэлж болно. Энэ хотод зундаа маш халуун байдаг учир хавар юм уу намар аялаарай гэж зөвлөж байна. Хүн амьдралдаа заавал үзэх ёстой газрын нэг шүү.

-Газар газрын хүмүүсийн онцлог гэж байдаг, манайхантай хамгийн ойролцоо болон эрс тэс ялгаатай зан араншинтай ард түмэнтэй ямар улс орон байдаг вэ?

-Миний аялсан газруудаас бидэнтэй хамгийн ойролцоо зан араншинтй улсууд гэвэл Орос, Казахстан, Таджикууд гэж би хэлнэ. Ер нь өвөг дээдсийн маань удам угсаа энэ улсуудад түүхийн явцад үлдсэн нь дамжиггүй. Найрсаг зочломтгой, ний нуугүй зан, зарим үед хэнэггүй ч юм шиг. Харин эрс тэс гэвэл шашин шүтлэг, ахуй амьдралаараа өөр, өөр олон орон байдаг л даа. Эндээс Япон орны хүмүүсийн суурин амьдрал, газар тариалан эрхэлдэг зэрэг соёлтой нь холбоотой юм уу огт өөр санагддаг. Далайн орон гэдэг утгаараа хоолны соёл, гейша нарын урлаг, самуурай нарын түүх гээд их сонирхолтой. Япончууд аливаа юманд шаргуу махруу, ер нь л бүх талаараа тэс өөр санагдсан. Мэдээж Европын орнуудын барууны соёл биднээс огт өөр. Энгийн жишээ хэлэхэд, нийгэм нь хүнийхээ төлөө маш их юм хийдгээрээ онцлог Скандиновын орнуудын хүмүүс тэр нийгмээ дагаад харьцангуй тайван амгалан байнгын инээмсэглэж явдаг боловч цаанаа л нэг хүйтэн хөндий гэж бодогддог шүү. Хувийн орон зайгаа их шүтдэг, эх эцгээ асрамжийн газар өгдөг, үр хүүхдээ 16 нас хүргээд шууд бие даах шаардлага тавьдаг гэх мэт үзлээрээ хатуу ч юм шиг. Гэхдээ нийгэм нь бүх нөхцөл бололцоог бий болгодог нь сайхан юм даа.

-Гадаад орноор аялаад явж байхад эх орондоо энийг нь нутагшуулчих юм сан, тэрийг нь нэвтрүүлчих юм сан гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг зүйлс юу байдаг вэ?

-Гадаад орноор явж байхад нутаг орондоо хэрэгжүүлэх юм сан гэж өөрийн эрхгүй бодогддог зүйл маш их ээ. 2020 онд Монгол орныхоо баруун хязгаарын гурван аймгаар аялах хувь тохиосон. Үнэндээ хэчнээн сайхан үзэсгэлэнт газрууд, түүхийн дурсгалт тууриуд, хиргисүүрүүд, хадны бичиг байгаад манай оронд ирсэн жуулчид дахиж ирэхэд хэцүү санагдсан. Дэд бүтэц, үйлчилгээний соёл хөгжөөгүй, тоос шороон дунд явж, явж очиход нь үйлчилгээгээ сайн үзүүлж чадахгүй, бие засах газаргүй, дурсгалт газрууд нь эзэнгүй, харуул хамгаалалт байхгүй гээд тоочоод баршгүй. Хэдийгээр бид нүүдлийн соёлтой байсан боловч түүхэн болон байгалийн дурсгалт газруудаа сэргээн засварлаж аялал жуулчлалын бүс байгуулах нь төр засгийн зайлшгүй үүрэг юм. Даяарчлагдсан XXI зуунд хүн төрөлхтөн дэлхийтэйгээ танилцах гэж их аялдаг болжээ. Өнөө үед аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай эдийн засагт асар их нэмэртэй. Дан ганц уул уурхай, мал аж ахуйд түшиглэсэн эдийн засгаа аврах гарц бол аялал жуулчлал гэж хардаг. Монгол Улс зэсийн үнэ унахад л хэцүүддэг шүү дээ. Биднээс ядуу Вьетнам улсад л гэхэд аялал жуулчлалаа дээд зэргээр хөгжүүлсэн байгааг хараад үнэхээр атаархдаг. Вьетнам улсын төр хэдийгээр өөрсдөө энэ салбартаа их хөрөнгө оруулдаггүй боловч хувийн хэвшлээ дэмжиж байдгийн үр дүн, бас вьетнамчууд их хөдөлмөрч хүмүүс байна шүү.

-Таныг дараа төрөлдөө төрөх нэг хотоо сонго гэвэл аль улсыг нэрлэх вэ, асуултаа эергээр хүлээж аваад хариулаарай?

-Дараа төрөлдөө төрмөөр байгаа олон хот бий дээ. Манай дүү “Та явж, явж ирээд тэнд л амьдармаар байна” гэж хэлдэг гэж нэг удаа хэлж байсан. Норвегийн Тромсо хот, Финландын Санта Клаус амьдардаг Ровенеми хот, Оросын Санкт Петербург хот, Азербайжаны Баку хот, Италийн Флоренц, Позитано хотууд, Ром хот, Японы Хирошима, Турк улсын Стамбул, Чех улсын Прага хотуудын нэгэнд төрмөөр байна даа. / инээв/

-Цар тахлын улмаас хоёр жил шахам хөл хориотой байлаа. Энэ хугацаанд юу хийж өнгөрүүлсэн бэ?

-Цар тахлын хоёр жилд хийсэн зүйл гэвэл, 2020 оны зун Монгол орноороо 60 хоног аялж 11 нэвтрүүлэг хийсэн. “1000 хот” кофе шопынхоо дарга, нярав, нягтлангаар ажиллана. Эмэгтэй хүн болохоор гэр орондоо хийх юм дуусдаггүй шүү. Мөн өдөрт өөрийгээ хөгжүүлэх нэг цагийг интернет орчинд юм уншиж судлах, дараагийн аялах орнуудаа судлах, цэцэг мод тарих гээд ер нь уйдах зав байдаггүй дээ.

-Хамгийн мартагдашгүй хоолны амт?

-Хоолны хувьд, халуун орны жимс жимсгэнэ, япон сүши, итали  пицца, шпагетти л хамгийн гоё байсан. Ер нь өөрөө мах бараг иддэггүй. Эрүүл хоол, ногоо жимс идэх дуртай.

-Та үргэлж ганган дэгжин, эрхэмсэг харагддаг шүү. Аялалаас аялалын хооронд хэр их ядардаг вэ, алжаалаа хэрхэн тайлдаг вэ?

-Ганган дэгжин гэснээс би өөртөө зохисон, таарсан л бол нэг их үнэтэй хувцасны араас хөөцөлддөггүй, мөнгөө аялалдаа л зарцуулахыг боддог. Аялалд явж байхдаа нэг ч дэлгүүрээр орох зав байдаггүй. Хааяа шаардлага гарвал ордог. Аялаад явж байхад мэдээж ядралгүй яах вэ, олон цаг онгоц, автобус, вагон, такси, явганаар их явдаг. Гэхдээ дуртай ажлаа хийж яваа болохоор ядарсанаа мэддэггүй, орой орж ирээд сайхан амраад өглөө буцаад л гүйж явдаг. Нэг удаа гарахдаа мөнгө төгрөг, цаг хугацаагаа хэмнээд нэг сар хүртэл хугацаагаар аялж зургаа авдаг. Ажил дуусаад онгоцондоо ороод санаа амрангуут ядарсанаа сая л мэддэг дээ. Ирээд долоо хоноод л нэвтрүүлгийн монтаж, редакторлох ажилдаа ордог.

-Аялаад явж байхад хамгийн их харамсаж байсан зүйл юу байдаг вэ?

-Төв Азийн орнуудаар явж байхдаа Узбекүүд түүхийн дурсгалт газруудаа маш сайхан сэргээн засаж, манай түүхтэй холбоотой газруудыг биднээс илүү дэлхийд хүргэж байгааг хараад харамсах сэтгэл төрж явсан. Москвад очоод монгол морины хөшөөг хараад тэр хөшөөг өөрийн хөрөнгөөр бүтээсэн иргэнд маш их баярлаж билээ. Одоо залуу үе маань үүх түүхээ мэдэхгүй шахуу байгаа нь тэдний буруу биш, бид хойч үедээ үлдээх дурсгалт газрууд, түүхэн хүмүүсээ мөнхжүүлэн үлдээх л ёстой гэж бодогддог. Юм хийх гэж оролдож байгаа хүмүүсээ дэмжих, эрдэмтэн мэргэдээ сонсож, үр хойчдоо үлдээх юмтай байх юмсан даа гэж бодогддог доо.

-Манай залуучуудын боловсрол, соёл хүмүүжлийн талаар ямар бодолтой явдаг вэ, залууст  юу гэж захимаар санагддаг вэ?

-Манай залуучуудад их сайхан ирээдүй бий гэж боддог. Боловсрол эзэмшихэд ч их амар болсон. Бүх мэдээллийн систем олон сонголттойгоор байгаа одоо үед цагийг маш үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай л гэж захимаар байдаг. Хүн алдагдсан боломж, цаг хугацааг хэзээ ч юугаар ч эргүүлж авч болохгүй . Бэрхшээлд бүү халшир, санаа зөв бол заяа зөв л гэж хэлмээр байна.

-Орон орны шашин өөр, өөр. Хамгийн гүн сэтгэгдэл шашны үзэл санаа хийгээд итгэл үнэмшил нь юу байдаг вэ?

-Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн шашинлаг орон гэвэл исламын шашинтай хүмүүс юм уу л гэж бодсон доо. Итгэгчдийн тоогоор дэлхийд хоёрт орохоор том шашин. 1,5 тэрбум хүн энэ шашныг шүтдэг. Хиндү, буддын гэх мэт бурханы шашин шүтдэг зарим орнууд миний бодлоор хэт туйлширсэн санагддаг. Сайхан мөргөчихвөл бүх юм цаанаасаа болно гэж бодоод өөрсдөө их хичээдэггүй харагддаг. Исламын шашин шүтдэг орны ард түмнийг харж байхад эр хүний үүрэг их, архи уудаггүй, муу зуршил харьцангүй байхгүй гэж хэлж болно. Жилдээ шашныхаа баяраар бүтэн сар хоолны дэглэм барьж тэвчээрийг заадаг, айлын бага хүү эх эцгээ асардаг, ер нь ёс зүй, ухамсар, хариуцлагын тогтолцоог давхар үүрүүлдэг нь таалагддаг. Эмэгтэйчүүд нь их журамтай. Исламын шашин шүтдэг олон орноор явсан. Сонсож байснаас шал өөр эерэг сэтгэл өвөрлөж ирсэн дээ.

-“1000 хот” кофе шопоо хэзээ нээсэн бэ, танай кофе шопт очоод хүмүүс юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

-“1000 хот” кофе шоп маань 2019 оны арваннэгдүгээр сард нээгдсэн. Финланд улсын Хельсинк хотод даарч ядраад явж байгаад нэгэн жижигхэн кофе шопд ороод халуун кофе уугаад сайхан амарч аваад сууж байхдаа өөрийн дэлгүүрээ кофе шоп болгоно доо гэж бодсон. Яг над шиг дэлгүүр хэсээд ядарсан, даарсан, хичээлээ тохитой орчинд сууж хийх оюутнууд манайд ирээд сайхан халуун кофе, сэрүүн ундаанууд, смүүти, шэйкээ шимээд, амтат бялуу, сэндвичээ идээд их хотын завгүй гудамж руу хараад найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээсэй гэж бодож байна. Магадгүй дэлхийн газрын зураг, орон орны мөнгөн тэмдэгт, дурсгалын зүйлсийг хараад аялалаа төлөвлөөсэй гэж хүсэж байгаа шүү. Бүх тав тухыг мэдрүүлэх гэж манай хамт олон хичээнгүй ажилладаг.

-Та ямар, ямар орноор аялахаар төлөвлөж байна вэ, цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

-Миний очиж үзээгүй АНУ, Австрали, Африкийн орнуудын зөндөө хотууд байгаа. Цар тахал удахгүй гайгүй болж эдгээр улс орнуудаар аялна гэдэгтээ итгэлтэй байна. “Миний аялсан 1000” нэвтрүүлгээрээ хамгийн сонирхолтой хотуудыг монголчуудаа аялуулах мөрөөдөлтэй байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гок(139.5.217.154) 2023 оны 07 сарын 06

Та нар юу ч мэдэхгүй байна даа ГОК.д байхын аймар авгай байсан эрдэнэтэд багтаж шингэхгүй хот явсан хотод очоод охин нь 1 тэрбумтаны нууц амраг болоод монголын баялгаар баяжсан авгай зан ааш хүн чанар авах юм байхгүй 1 өдөр бүх юм нь илэрч хамаг карьёр нь байхгүй болно оо шулам авгай

0  |  0
Зочин бна(66.181.161.12) 2022 оны 01 сарын 19

Хүмүүс минь та нар өөрсдөө яваад нэврүүлэг хийж чадахгүй байж чадсан нэгэндээ талархлын үг хэлж чадахгүй бол чимээгүй сууж байдаа.Мундаг эмэгтэй сэтгүүлч биш ня бо эдийн засагч мэргэжилтэй хүн өөрийнхөө хоббиг хөгжүүлж яваад би хувьдаа маш их баярлаж бна.Танд ажлын амжилт эрүүл энхийг хүсье.Миний үзэх дуртай number one-нэвтрүүлэг

3  |  0
Наранчимэг Лхамсүрэн(103.57.93.230) 2021 оны 05 сарын 30

Таны нэвтрүүлэгийг байнга үздэг. \n1000 хот кофе шоп тохижилт сайтай\nТанд амжилт хүсье.

0  |  0
Гүндсамбуу.Г(202.9.47.87) 2021 оны 05 сарын 30

Түүхийг нь ойлгомжтой товчхон оновчтой өгүүлсэн гоё сурвалжлага хийдэг. Гол нь зураг авалтаа дроноор хийдэг нь их таалагдсан.Амжилт хүсье.

1  |  0
Зочин(150.129.141.235) 2021 оны 05 сарын 31

Англи хэл нь хөөрхийлөлтэй юм байна л шүү дээ. Монгол улсын нэрийг ийм чадваргүй хүн зүүж яваад харамсаж байна...

0  |  2
italid baisan hvn (202.55.191.130) 2021 оны 05 сарын 28

bi itali ochij vzsen olon hotoor ni ybsan da.rom bol ih zavaan hogondoo daragdsan tsagaach arabuudaa ezelegdesen hot l doo.yahab vzej harah barilga dursgaltai zvils ihee. harin ard tvmen ni narlag saihan dulaan oron tul iineemseglej baidag hvmvvs l de.hoid evropuudiig bodvol amidral yduu zvdvv ch de..musilmanii hvmvvsiin hubid bol dund aziin orosiin noloond oon zuun bolson tul bas ih soeljij ogt or ch de. turkuud arai gaigui soeltoi l doo. harin afganuud morakka arab , tunis aljiruud mavartinuud tun hetsvv ch de.ene hvvhen zobhon dundad azi turkeer arai soeljson mus

1  |  0
иргэн(124.158.88.13) 2021 оны 05 сарын 31

Их л өнгөцхөн, нэг тийм өгөөж, үлдэц муутай л өөрөө л аялах гэсэн, өөрийгөө рекламдахад чиглэсэн тийм л юм билээ. өөрөөр бол яахав дээ болох л юм. Бас их мэдээлэл бэлтгэх хэрэгтэй л дээ, улсын түүх, соёл, хөгжил дэвшил яриад явахаар чинь

0  |  2
Zochin(103.57.95.95) 2021 оны 05 сарын 30

Ene emegtei Itali humuusiin amidarliig sain medehkui baina daa. Hamgiin az jargaltai humuus chine huduu manai huduu nutagt l baigaa daa.

3  |  0
Уншигч(66.181.188.155) 2021 оны 05 сарын 28

Амжилт хүсье, баярлалаа

0  |  0
Zochin(202.179.25.76) 2021 оны 05 сарын 31

Saihan yariltslaga baina. Nevtruulgiig tani uzeh durtai. Tand amjilt husen erooe..

4  |  0
=))(192.82.82.26) 2021 оны 05 сарын 28

=))

1  |  0
Top