Банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн гурван сектор жигд хөгжиж гэмээнэ санхүүгийн системийн иж бүрдлийг эрүүл байна гэж дүгнэдэг. Манай тухайд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж ирсэн. Эдийн засаг дахь энэ үнэмлэхүй нөлөөлөл нь банкны секторт давуу болон сул талын аль алийг дагуулж байдаг. Монгол Улс бодлогын зохицуулалтаараа хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарыг төдийлөн амжилттай хөгжүүлж чадаагүй.
Түүнчлэн санхүүгийн системийг тэлэх хүрээнд хөрөнгийн зах зээлд даатгалын салбарын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил ажил хийж байгаа вэ гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах хариултыг өгч байна.
“Хөрөнгийн болон даатгалын зах зээл харилцан уялдаа холбоотойгоор зэрэгцэн хөгжсөнөөр санхүүгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт, нөлөөллийг авчирна гэж үзэж байгаа. Даатгалын салбарын хувьд даатгалын дөрвөн компани олон нийтэд хувьцаагаа нээлттэй, амжилттай арилжаалж, олон нийтийн буюу хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниуд нийт хөрөнгөөсөө Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа болон компанийн бонд /өрийн хэрэгсэл/-д хөрөнгө оруулах, байршуулах зохицуулалтыг боловсронгуй болгосноор дээрх төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж бүхий нийт 190 орчим тэрбум төгрөгийг байршуулах боломжийг бий болгосон” гэв.
Тодотгоход, энэ оны эхний улиралд даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )