Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тэргүүний рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөнийг зохион байгуулан явуулж байна. Зөвлөгөөн хоёр үе шаттай явагдаж байгаа бөгөөд нэгдүгээр үе шатыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд өнгөрсөн сард дотооддоо зохион байгуулж, тэдгээр оролцогчдоос шалгарсан тэргүүний рот /батарей/, салааны захирагч нар нь хоёрдугаар шатны зөвлөгөөнд хамрагдаж байгаа юм.
Зөвлөгөөнд оролцогчдод өнөөдөр Засгийн газрын газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар уулзаж, тодорхой үүрэг даалгаврыг өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн тэргүүний рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү зөвлөгөөн нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх чухал ач холбогдолтой, өндөр үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын цэргийн насны эрчүүдийн тодорхой хувь Зэвсэгт хүчин болон бусад төрийн цэргийн байгууллагад хугацаат цэргийн албыг хааж байна. Цэргийн албыг хаахаар ирсэн залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, бие бялдар, сэтгэл зүйн хаттай болгон төлөвшүүлэхэд салаа, ротын захирагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэх албан тушаалтан байдаг.
Салаа, ротын захирагч гэдэг бол цэрэгт татагдсан залуучуудын дарга нь, багш нь, аав нь, ах нь байх ёстой. Эдгээр залуус Зэвсэгт хүчинд албаа хаагаад халагдахдаа эх оронч үзэл, хүмүүжлээр хүмүүжих, цэргийн бага мэргэжил эзэмшиж, аливаа нөхцөл байдлыг үнэлэх, түүнд тохирсон шийдвэр гаргах, захирах захирагдах ёс, хувийн хариуцлага, дэг журам, сахилга бат, ажил хэрэгч, зарчимч чанар, соёл, ёс зүйд суралцсан бүтээгч Монгол эр хүн болж төлөвших хүмүүжлийг албанаас олж авдаг гэж би ойлгодог.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүүхэд, залуусын хүмүүжлийн түвшин ямар байгаа вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн дүгнэлт гаргах нь мэдээжийн хэрэг. Энэ бүхэнд мэдрэмжтэй байж, ухаалгаар хандах хэрэгтэй. Ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах залуусыг бид бэлтгэж байгаа учир хариуцлага гэдэг зүйлийг эхэнд тавих ёстой. Үүний тулд бид хандлагаа өөрчлөх ёстой юм.
Өнөө цаг үеийн офицер, ахлагч нар эрин зуунтайгаа хөл нийлэн алхаж, бие хүний хувьд өөрийгөө бүрэн танин мэдэж, өөртөө зарчимч шаардлага тавьж, тал бүрээр хөгжиж, элдэв муу зуршлаас хол байж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйг эрхэмлэж ажиллахыг эрмэлзэх ёстой. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөх явдал бол өөрийнхөө нэр төрийг цэвэр, ариун байлгахаас эхлэнэ гэдгийг та бүхэн ухамсарлах нь чухал юм.
Мэдээж Зэвсэгт хүчин бол онцлогтой салбар. Хугацаат цэргийн алба хаагчид, залуу офицер, ахлагч нарын зан төлөв, ар гэрийн байдал, амьдрал ахуй, боловсрол, мэдлэг, бие бялдар нь ямар түвшинд байгааг нэн тэргүүнд судлах шаардлага удирдлагууд бидний өмнө үүсэж байна. Ер нь ямар ч байгууллагад хамт олны халуун дулаан уур амьсгал, гар нийлсэн үйл ажиллагаа, багаар ажиллах чадвар гэдэг хамгийн чухал зүйл. Манай Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд үүндээ байнга дүгнэлт хийж байх ёстой. Жагсаалын өмнө цэрэг удирдаж зогсох рот, салааны захирагч та нар ч гэсэн бодох ёстой. Удирдлагад байгаа цэрэг дайчдын хамт олонч байдал хэр байна вэ гэдгийг бод” хэмээгээд салбарын эрх зүйн шинэчлэл, энхийг дэмжих ажиллагаа болон эх орныхоо бүтээн байгуулалтад цэрэг дайчдын оруулж байгаа хувь нэмрийн талаар мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг сурталчлах, нэр хүндийг нь өргөх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гэвч жинхэнэ бодит бөгөөд амьд, үр дүнтэй сурталчилгаа рот, салааны захирагч та нараас хамаарч байна. Учир нь юу гэхээр та бүхний сургаж бэлтгэлээр халагдсан дайчдын амнаас, тэдний сэтгэлийн гүнээс “Зэвсэгт хүчин гэдэг үнэхээр өчүүхэн ч хир халдааж боломгүй газар. Энэ сайхан албандаа хугацаат цэргийн алба хаасан нь амьдралын минь бахархал юм” гэдэг үг урсаж байх ёстой.
Сүүлийн жилүүдэд офицер, ахлагч нарыг бэлтгэдэг сургалтын тогтолцоо тааруу болсон нь зарим гашуун жишээнээс мэдрэгдэж байна. Тийм учраас офицерын 4 жилийн академик сургалтыг ирэх жилээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Заавал академик сургалт төгссөн хүнийг хүнтэй ажилладаг албан тушаалд томилдог тогтолцоонд шилжинэ” гээд Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын талаар онцолсон юм.
Тэрээр залуу офицер, ахлагч нар өөрийгөө хөгжүүлэх, удирдлагад байгаа хүнээ зөв төлөвшүүлэх, зөв удирдан чиглүүлэхэд онцгой анхаарч, архи, согтууруулах ундаанаас үргэлж хол байх ёстойг сануулав. Цэрэг, архи хоёр хэзээ ч эвлэрэх ёсгүй. Хэрэв эвлэрвэл хариуцлагыг нь үүрүүлнэ гэдгийг ч тодотгоод бэлтгэлээр халагддаг иргэдтэй ажилладаг рот, салааны захирагч нарыг үргэлж зөв төлөвшилтэй байхыг хатуу анхааруулав. Нэгэндээ зөв шаардлага тавьж чаддаг, бурууд нүд хурц, зөвд сэтгэл зөөлөн явахыг захиад, мэргэжлийн ур чадвар, хандлага, харилцаагаараа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангидаа манлайлж ажиллахыг захисан юм.
Батлан хамгаалахын сайдын онцолж хэлсэн өөр нэг санаа нь “Ирээдүйд Зэвсэгт хүчнийг удирдах нь их үүрэг та бүхний өмнө байгаа. Та нарын дундаас төрийн генерал, цэргийн дарга төрөх нь гарцаагүй. Гагцхүү та одооноос өөрийгөө бэлтгэж, мэдлэг, чадвараараа хамт олондоо үнэлэгдсэн шижигнэсэн офицер, ахлагч болоорой” гээд зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсээд, хамтдаа дурсгалын зураг татууллаа.
Сэтгэгдэл ( 0 )