Арвын даваа бол АВАРГА ЦОЛТНЫ босго даваа

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 30

Монгол бөхөд аварга цолыг хэрхэн яаж олгодог вэ гэдгийг судалж үзлээ. Ингэхдээ 1951 оноос хойш онцгой ойн жил гэж нэг удаа ес давж түрүүлсэн начин цолтой бөхөд аварга цол олгосон түүнчлэн улсын  аварга шалгаруулах тэмцээн спарткиадын барилдаанд аварга цол олгосон явдлыг энэ тохиолдолд тооцсонгүй. Ерөнхийдөө 1951 оноос хойш 1990 он хүртэл 39 жилийн хугацаанд улсын баяр наадмын бөхийн барилдаанд тогтмол 512 бөх барилдаж иржээ. Тиймээс ес давж түрүүлбэл улсын арслан цол олгоод дахиж ес давж түрүүлбэл аварга цол олгодог байсан тул аварга цолтон гэдэг бол дор хаяж наадамд хоёр удаа ес давж түрүүлсэн бөх гэсэн ойлголт бидний толгойд хар аяндаа тогтсон байв. 1990 онд Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ байгуулагдсан. Улмаар 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд 768 бөх барилдуулсан даншиг наадам, 1994 онд мөн 768 бөхтэй, 2001, 2006, 2011, 2016 онд 1024 бөх барилдуулсан наадам тус тус зохион байгуулснаар 10 болон есөн даваатай наадам сөөлжин хийгдэж ирсэн байна. 1995 онд МҮБХ-ноос бөхийн дүрмийн цол олгох болзолд өөрчлөлт оруулж 1991 оны наадамд ес даван түрүүлсэн  улсын арслан О.Балжиннямд, 1994 оны наадамд ес даван үзүүрлэж арслан цолны амжилтаа баталсан тул аварга цол олгосон. Тэгвэл 1990 онд даншиг наадамд 10 давж түрүүлсэн даян аварга Б.Бат-Эрдэнэд дархан аварга цол, 1994 онд чимэг олгосон байдаг. Харин 2001 онд 10 давж түрүүлсэн арслан А.Сүхбатад 1951 оны наадамд 10 давж түрүүлсэн арслан Ж.Цэвээнравданд гуайд аварга цол олгосонтой яг адилхан аварга цол олгосон байдаг.

2003 онд үндэсний баяр наадмын тухай хууль батлагдаж зургаагийн даваанд харцага, наймын даваанд гарьд цол олгож ижил цолтой бөхчүүдийг амжилтаар эрэмбэлэх, дөрвийн давааг оноолтоор барилдуулах зарчмын чухал өөрчлөлт бөхийн дүрмэнд орсон. Энэхүү өөрчлөлт орсноор тав давсан бөх зургаа давсан бөхийг, долоо давсан заан найм давсан зааныг амладаг тооны хуулийг зөрчсөн дутагдал арилж цолоо баталсан бөх цолоо батлаагүй бөхийн дээр эрэмбэлэгдэж  өөрөөр хэлбэл 2 >1 хоёр нэгээс их гэдэг тооны логик зөв зүй тогтолдоо орсон юм. Гэхдээ энэ хуульд 10 давсан бөхөд ямар цол олгох талаар заагаагүй байсан юм. 2006 оны наадамд Д.Сумъяабазар гарьд, Д.Азжаргал начин нар ес даван үзүүрт хүрэхэд арслан цол олгосон бөгөөд Д.Сумъяабазар 10 даван түрүүлэхэд түүнд олгох цол хуульд бичигдээгүй хуулийн цоорхой наадмын талбай дээр түмний  өмнө илэрсэн. Ийнхүү наадамчдын шаардлага уухай түрлэгээр аварга цолыг шударга ёсонд нийцүүлэн түүнд Ерөнхийлөгч зарлиг гарган олгосон билээ. Хуульд 2007 онд өөрчлөлт оруулж 1024 бөх барилдах үед арслангаас доош цолтой бөх 10 даван түрүүлбэл аварга цол олгоно гэсэн заалт оруулсан тул 2011 онд С.Мөнхбат, 2016 онд Ч.Санжаадамба нар тус тус 10 даван аварга цол хүртсэн. 2011 онд ес даван үзүүрлэж арслан цол хүртсэн Эрхэмбаяр 2013 онд ес даван түрүүлж аварга цол хүртсэн байна. 2014, 2018 онуудад Н.Батсуурь, 2012, 2020 онуудад П.Бүрэнтөгс нар тус тус хоёр удаа ес даван түрүүлж аварга цол хүртжээ.

Монгол хэлний аварга гэдэг үгийн учир жанцанг шинжилбэл  аливаа зүйлийн тэргүүн манлай хамгийн дээд тал орой, хамгийн өндөр амжилт гаргасан хүнийг сайшаан магтсан өргөмжилсөн утгатай үг байна. 512 бөхтэй наадамд түрүүлсэн бөх тэр жилийн наадмын манлай болсон боловч монгол бөхийн  есийн даваа бол угаасаа арслан цолтны босго даваа тул түүнд аварга цол олгох боломжгүй нь илт байна. Цаашаа барилдъя гэсэн хүсэл байвч  давааны тоо дууссан байдаг. Гэтэл аварга цол гэдэг бол арслан цолноос дээд эрэмбийн цол байдаг дахиж улсын наадамд түрүүлж эсвэл ес давж арслан цолоо баталбал арслан цолны босгоос нэг шат ахисан дээд эрэмбийн амжилт гаргасан гэж үзээд аварга цол олгож иржээ. Тэгвэл 10 даван түрүүлж байгаа бөхийн хувьд  арслан цолны босго есийн давааны амжилтаа ахиулах, улсын баяр наадамд түрүүлэх гэсэн аварга цолны хоёр болзлыг нэгэн зэрэг 100 хувь хангаж байгаа юм. Нөгөө талаас арслан цолны босго есийн даваагаар түүний дээд талын эрэмбийн 10-ын давааны  аварга цолыг тодорхойлон, хоёр удаа ес давахыг нэг удаа 10 давахтай дүйцүүлж байгаа нь цэвэр тооны шинжлэх ухааны талаас логик зөрчилтэй харагддаг боловч 512 бөх барилдах үед үүнээс өөр аргагүй.

Эндээс дүгнэлт хийхэд 10-ын тоо есийн тооноос их гэдэг тооны логик утгаар ч тэр “Монгол бөхийн цол бүр босго даваатай байна“ гэдэг аксиомоор ч тэр, улсын аварга бөх наадамд түрүүлсэн манлай бөх байна гэдэг утгаараа ч тэр 10-ын даваа бол яалт ч үгүй аварга цолтны  даваа гэдэг нь батлагдаж байна. ХХ зууны эхэн үед Монгол Улсын хүн ам зургаан зуун гаран мянгаар тоологдож байх үед зарим үед 1024 бөх барилдаж байсантай харьцуулбал ХХI зуунд 3.3 сая хүн амтай болж тав дахин өсөж улс орны маань нийгэм эдийн засгийн байдал илт хүчирхэгжиж, тээвэр холбоо, соёл ахуйн байдал өөрчлөгдөж шилжилт хөдөлгөөн маш ихсэж бөхөөр хичээллэх хүмүүс олширч байгаа тул удахгүй 20, эсвэл 30 жилийн дараа улсын баяр наадамд 1024, 512 бөх сөөлжин барилдах явдал үгүй болж байнга 1024 бөх барилдах нь маргашгүй үнэн цаг хугацааны асуудал болж байна. Хэрэв наадамд  байнга 1024 бөх барилдвал есийн даваа аварга цолыг тодорхойлогч байхаа больж зөвхөн арслангийн босго даваагаараа үлдэж 10-ын даваа аварга цолтны босго даваа болж цолны асуудал өөрийн зүй тогтолдоо орно.

Эрэмбэтэй холбоотой санал хэлэхэд 2019 оны наадмын өмнө аварга Н.Батсуурь “Би 512 бөхтэй наадамд хоёр удаа ес давж түрүүлсэн тул 10 давж нэг удаа түрүүлсэн Ч.Санжаадамба аваргын өмнө эрэмбэлэгдэх эрхтэй” гэж гомдол гаргасан байдаг. Тэгэхээр хуульд заасан аварга цолны болзлыг хоёулаа бүрэн хангасан. Эрэмбийг гаргахдаа аварга цолны дүү давааг хэн нь олон хангасан нь өмнө ам авах эрхтэйг заасан байдаг. Нэгдүгээрт 1024 бөх наадамд барилдах болсон нь Ч.Санжаадамбаас үл хамаарах хөндлөнгийн шинжтэй үйл явдал юм. Хоёрдугаарт тэгш ойгоор Монгол Улсаа, түүхэн уламжлал, тусгаар тогтнолоо хүндэтгэх үүднээс төр засаг өндөр ач холбогдол өгч үеэс үед 1024 барилдуулж ирсэн билэгдэлтэй ард түмэн. Гуравдугаарт 1024 бөх барилдсан алтан боломжийг ашиглан аварга цолонд шууд хүрэх тэгш боломжийг монголын бүх бөхчүүдэд адил тэнцүү олгосон байдаг. Н.Батсуурь аварга амархан гэгдээд байгаа энэ 2016 оны наадамд  шууд 10 давах боломжийг 100 хувь ашиглаж чадаагүй боловч найм давж 2019 онд энэ амжилтаараа 2011 оны аварга С.Мөнхбатын дээр эрэмбэлэгдэж улмаар С.Мөнхбат аваргыг амалж Ц.Содномдорж, Э.Оюунболд арслан нартай тунахаас мултарч үр шимийг нь бодитой хүртэж байсан удаатай. Дөрөвдүгээрт 1024 бөх барилдуулахыг бөхчүүд өөрсдөө маш их хүсэн хүлээдэг тухай яриад ч илүүц биз дээ.

Харин 512 бөхөөс хоёр удаа ес давж түрүүлсэн аварга болон 512 бөхөөс нэг удаа ес давж түрүүлсэн, 1024 бөхтэй наадамд нэг удаа ес давсан амжилттай аваргуудыг эрэмбэлэхэд хоёр удаа ес давж түрүүлсэн аваргыг өмнө нь эрэмбэлэхэд болохгүй гэх зүйлгүй гэж бодож байна. Үндэслэл нь хоёр удаа ес давж түрүүлсэн аварга даваагаа тултал давсан өвдөг шороодоогүй байхад нөгөө аварга нь нэг удаа түрүүлж нөгөө наадамдаа  даваагаа тултал давж чадаагүй буюу өвдөг шороодсонд байна. Яг энэ эрэмбийн үндэслэл логикийг 512 бөхтэй наадамд түрүүлсэн арслан, 1024 бөхтэй наадамд ес даваад 10 даваанд өвдөг шороодсон арсланд хэрэглэж болох талтай, бусад цолтны хувьд хэрэглэх боломжгүй юм.

Бөх сонирхогч, хуульч Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэгч(203.98.76.60) 2023 оны 07 сарын 05

Ойлгомжтой юманд юундаа ингээд байдаг байна. 3 удаа 5 давсан начин 1 удаа 6 давсан харцагын дээр эрэмбэлэгддэггүй л байх. 1 удаа 10 давсан аварга, хоёр удаа 9 давсан аварга ижил тэнцүү гээд заачихсан байхад бусад амжилтаараа эрэмбэлэгдээд л дээр доороо гараад явчих хэрэг шүү дээ. Ер нь азтай хийморьтой аавын хүү 1024 бөхийн барилдаанд түрүүүлээд аварга болоо л биз. Бусдыг нь 10 даваад аварга болохыг хэн байг гэсэн юм.

0  |  0
Zochin(202.126.90.139) 2021 оны 06 сарын 01

Hurts arslan bolguulguul ydiin 9 davbal arslan 10 davbal hurts arslan gevel zvgeer bh esgui bol 5 jild bish 10 jild gants naadamd 1024 barilduul tegvel avraga gdg tsol unetei boloh bh

0  |  0
ЗОЧИН(103.57.95.83) 2023 оны 07 сарын 05

9,10-ийн даваа бол тоо болохоос чанарын ялгаа огт байхгүй дээшээ барилдаж бгаа бөхчүүдэд 1,2-ын даваа зүгээр л цаг нөхцөөх цаг хугацааны л асуудал

1  |  0
УМТО(66.181.169.70) 2021 оны 05 сарын 31

Зангараг чи өөрөө тархины хүлээсэнд орчихсон юм бүхнийг хүлээстэй давчуу зайгаар харж явдаг хүн юм бна

2  |  0
УМТО(66.181.169.70) 2021 оны 05 сарын 30

Батэрдэнэ аваргын хувьд тэр улс төр нийгэмтэй ямар ч авцалдаа холбоо бхгйү . аварга жаахан тээнэгэлзэж Мөнхбаатар өөрөө ханачихсан хүн элэг бүсээ тайлахаар аварга шууд дэлээд л явчихсан.

0  |  0
УМТО(66.181.169.70) 2021 оны 05 сарын 31

Зангарагт: Цэрэн аварга тухайн наадамд Дамдин аваргыг хаяагүй гэж яаж мэдэж байгаа юм. Хаясан гэдгийг маш олон хүн ярьсан дуртгалд бичигдсэн байдаг. бичлэг ч буй байх. Шаравын Ванчин начин Хөвсгөлийн 2 бөх үлдэх ёстой гэж ятгасаар Тэмээ өргөдөгийг амалуулж цуцаад Цэрэн аваргад тумбарайдуулаад амархан унасан гэж Мөнхбат аварга ярьсан байдаг. Мөнхбат аварга болохоор Бээжинг аваад амархан даваад үзүүрт үлд гэж ятгасан байдаг\n

0  |  2
Зангараг(202.179.26.220) 2021 оны 06 сарын 02

Цэрэн начин АХ ын 40 жилийн ойгоор Дамдин аваргыг хаяагүй байж нэг хүний үзэмжээр буюу Лхагвасүрэн генералын цэрэг хүн улсын наадамд түрүүлж яагаад бодохгүй гэж хэлснээр түүнийг наадамд түрүүлснээр тооцож аварга цол олгосон байдаг. Үндэсний шинжтэй социалист агуулгатай луйвар болсон гэх үү дээ.\nСүүлд 1994 оны наадмаар БатЭрдэнэ аварга Мөнхбаатар начинд доод даваанд уначаад шууд давсан мэтээр туг тойроод луйвар хийж түрүүлсэн байдаг. Үндэсний шинжтэй ардчилсан агуулгатай луйвар болсон доо.

4  |  2
Бат(202.9.46.169) 2021 оны 05 сарын 31

Монгол үндэсний бөх энэ шинэ зуунд Хөлсөө арчих алчуур засуулдаа өгөөд хэрэглэж болохгүй юу бөх хүчний спорт гэх хөлсөө мэх болгодогт л их ичих юм аа

1  |  0
Top