ОЛОН ӨНГӨ: Гоо сайхан гэдэг...

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 29

“Гоо сайхан ертөнцийг аварна” хэмээн хэлдэг. Энэ ертөнцийн гоо сайхан энгийн бүхэнд оршиж байдаг. Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй.  Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Эмэгтэй хүний харцнаас л аз жаргалтай, гуниг зовлонтой амьдрал туулж буйг нь мэдэж болно доо. Харц нь гэрэлтсэн эмэгтэй хүн хайр татам агаад бүхнээс сайхан харагддаг даа. Харин нүдэндээ гуниг тээсэн эмэгтэй хүн наанаа хэчнээн инээмсэглэж байсан ч цаанаа л бүүдгэр. Басхүү сэтгэлийн атаа, шунал, хорсол ихтэй хүний харц нь хүйт даагаад зэврүүн. Цаг хугацаа гэдэг өршөөлгүй зүйл хүмүүний залуу насыг хуу хамж оддог доо. Тэр бүхнийг нөхөж залуу сайхан зүс царай, бие бялдраа авч үлдэхийн тулд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, гоо сайхан, иог бясалгал, спорт фитнесс гээд сонголт ч өргөн болсон. Нэгэнт “гоо сайхан” гэж эхэлснийх сүүлийн үед ихэнх эмэгтэйчүүдийн сонгоод байгаа гоо сайхны үйлчилгээ болох зовхи татах, үрчлээ тэнийлгэх, филлер шахуулах сонголтууд ч чухамхүү өргөн болжээ. Мөнгөтэй хүн мөнхийн залуу болох боломжтой боллоо. Энэ бол хувь хүний сонголт. Мөнгөтэй л бол 40-тэй хүн 20-той юм шиг, 50-тай хүн 30-тай юм шиг л өөрчлөгддөг болж.

Гэвч нэг л хиймэл, амьгүй, сэтгэл хөдлөлгүй харагдана. Инээе гэх нь ээ арьс нь таталдаад өөрийнхөө байж чадахгүй, зовлонтой ч юм шиг. Хэчнээн толийж гөлийгөөд, тормолзож, жөмбийгөөд ч мөнөөх л харцны гунигийг ямар ч мэс засал аварч чадахгүй ажээ. Зарим нь тогос шиг гоёод ч могой шиг зан нь арилахгүй. Гоо сайхан гэдэг дотоод сэтгэлд оршиж байдгийг мэдэх нь цөөхөн. Ай даа, хүн гэдэг өнгө мөнгөний хорвоод атаархал, басамжлал, баярхал, чамирхал гээд олон өнгөн дундуур туучиж амьдрах гэж “зовдог” үйлтэй ч амьтан юм шиг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top