Ж.Цэдэнрагчаа: Манай банканд хувьцаа эзэмшигчидтэй холбоотой чанаргүй зээл байхгүй

Н.Баавгай | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал Ж.Цэдэнрагчаатай ярилцлаа.
 

-Юуны өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тухайд товч танилцуулахгүй юу?

-2006 онд анх Оросын хөрөнгө оруулалттай Менатеп банкийг худалдан авч, Үндэсний хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан түүхтэй. Эдүгээ 15 дахь жилдээ банкны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбарын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаатай адил манай банк сүүлийн нэг жилийн хугацаанд банкны шинэчлэгдсэн стратеги, бизнес загварт нийцүүлэн технологийг шинэчлэх ажлуудыг шат дараатайгаар үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа. 2021 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг Монголбанканд 2021 оны зургадугаар 30-ны дотор өгөхөөр ажиллаж байна.

-Хувьцаа эзэмшигчдийн бүтэц гэснээс танай банкны хувьцаа эзэмшигч болох Асашёорюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумъяабазар нар нь банкны үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?

-Банкны хувьцаа эзэмшигч нь гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хэлэлцсэн асуудлын хүрээнд санал өгөх байдлаар л оролцох эрх, үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Банкны зохистой засаглалын журмын дагуу банкны хувьцаа эзэмшигчид болон банкны удирдлагын хоорондын харилцааг нарийвчлан тусгасан байдаг тул бусад банкны адил манай банканд энэхүү зарчим бүрэн мөрдөгддөг.

Хувьцаа эзэмшигчид банкны дотоод үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй. Манай банканд Эрсдэлийн хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Удирдлагын хороо гэж байдаг. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын дэргэдэх эдгээр хороогоор асуудлууд хэлэлцэгдэж, шийдвэр гаргадаг. Гэхдээ Эрсдэлийн хороо, Удирдлагын хорооны гаргах шийдвэрийн хэм хэмжээ гэж бий. Энэ хэм хэмжээнээс давсан асуудлыг ТУЗ-өөр шийддэг зарчимтай. Тэгэхээр банк бол засаглалынхаа зарчмын дагуу ажиллаж байна гэдгийг 100 хувь баттай хэлнэ.

-Хэвлэл  мэдээллийн хэрэгслээр Асашёорюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг танай банкнаас чанаргүй зээл авсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Манай банканд хувьцаа эзэмшигч болоод тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс, аж ахуйн нэгжийн авсан нэг ч төгрөгийн зээл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөн банкны бүх тайлан, баланст жил бүр хөндлөнгийн аудит орж, баталгаажуулдаг. АТГ болон холбогдох байгууллага шалгаж байна гэдэг мэдээллийг харсан. Үүний дагуу холбогдох хуулийн байгууллагад хандаж лавлагаа авсан. АТГ-ын 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн албан тоотоор манай банкны хувьцаа эзэмшигчидтэй холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй гэсэн байна лээ.

-Сонгуультай холбоотойгоор энэ мэт худал мэдээлэл гараад байна уу?

-Сонгууль дөхөхөөр л иймэрхүү төрлийн мэдээллүүд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой давтамжтайгаар цацагддаг. Мэдээлэл нь ор үндэсгүй, илтэд худал, банкны нэр төрийг гутаах, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зорилготой нь анзаарагддаг. Үүнийг хэн нэгний явуулга гэж хардах үндэслэл ч бидэнд байгаа. Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг этгээдийн захиалгаар тодорхой хэдэн сайтууд дээр байнгын давтамжтайгаар нийтэлдэг. Тиймээс бид зохих хууль, хяналтын байгууллагад хандаж, хувьцаа эзэмшигчдийн нэр хүндийг сэргээх, банкны бизнесийн нэр хүндэд халдсаны улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top