Бүтэн багаараа бүрэн улсаа төлөөлөх ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТИЙНХӨН

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Эх орноо төлөөлөн “Токио-2020” олимпын наадамд барилдах эмэгтэй чөлөөт бөхийн баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцах, багш дасгалжуулагчидтай нь ярилцах боломж гарснаар бид бүхэн амралтын өдрүүдээр Биокомбинатыг зорьсон юм. Биокомбинат тийшээ Туул голын эрэг дагуу “Хасу мегаватт” компанийн барьж байгуулсан “Эко спорт цогцолбор”-т эмэгтэй тамирчид маань бэлтгэлд гарчээ. Замаар явсаар бэлтгэлийн танхимын хаалгаар явж орвол үйлчлэгч эмэгтэй гутлаа тайлаад заалруу орох шаардлагатайг сануулан бидэнд замчилж өглөө. Жилийн дөрвөн улиралд байрлаж бэлтгэлээ хийх талбай, байраар хангаж өгч байгаа нь тэднийг амжилт гаргахад үзүүлж буй бас нэгэн тус. Бэлтгэлийн заал руу оронгуут “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбатын нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн төв” гэсэн том самбар угтсан нь содон харагдаж байлаа. П.Өнөрбатын хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн эрчүүдийн найман жил тасарсан медалийг АНУ-ын Лас Вегас хотод залгуулсан цуут бөх. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг Монгол төр үнэлж, 2015 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цол тэмдгээр шагнасан билээ. Сонирхуулахад, тэрээр чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын 19 дэх бөх болж байсан юм. Мэдээж заал руу ороод хамгийн сайн таньдаг тамирчнаа нүдээрээ хайсан ч алга. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг албан ажлаар хотруу явсан хойгуур нь бид бүхэн очиж таарчээ. Хайрлаж, хүндэлдэг тамирчинтайгаа ярилцах нь хэмээн бодож ирсэн сэтгэл жаахан гонсгор. Гэхдээ мэдээж бусад эрх авсан тамирчид маань бүгд бэлтгэлдээ хамрагдаж байгаа нь сайн хэрэг байлаа. Заалны хойд хэсэгт чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр 76 кг-ын жинд олимпын эрх авсан О.Бурмаад хэрхэн хөл авах талаар зааж байлаа. О.Бурмаа бол энэ жил 39 насандаа олимпын эрх авсан бас нэгэн ховор түүхийн эзэн болсон юм. Өнгөрсөн 2016 оны Риогийн олимпод Испанийн нэгэн тамирчин 40 настайдаа орж байсан бөгөөд О.Бурмааг өдий насандаа олимпын эрх авсныг нь Дэлхийн бөхийн холбооноос онцолж байсан билээ. Ер нь манай эмэгтэй тамирчид энэ жил анх удаа бүтэн багаараа хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон наадамд оролцохоор болсон. Өмнө нь 2012 оны олимпод эмэгтэй дөрвөн жин байхад бүтэн багаараа орж байсан. Гэвч энэ удаагийнх нь зургаан жинтэй болсноос хойш анх удаа бүтэн багаараа орж байгаагаараа онцлог юм. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх 2004 оноос эхлэн олимпын хөтөлбөрт багтах болсон байдаг. Эрэгтэй тамирчид сонгомол, чөлөөт тус бүр долоон жинд, эмэгтэй тамирчид чөлөөтийн дөрвөн жингийн ангиллаар олимпын аварга цолны төлөө өрсөлддөг байсан бол энэ жилээс эмэгтэй чөлөөт бөх зургаан жинд аваргаа тодруулна.

Энэ жил  цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорил тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн ирэх наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болох хуваарьтай байгаа бол эхний өдөр эмэгтэй 76 буюу хүнд жингийн барилдаанаар эхэлнэ. Харин манай баг тамирчид долоодугаар сарын 28-нд Япон улсад очих төлөвлөгөөтэй байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалан ганц, хоёр хоногоор наашлуулж магадгүй байгаа гэнэ. Учир нь тамирчиддаа тухайн орны уур амьсгалд дасан зохицох хугацаа олгох нь чухал. Энэ жил эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Э.Бэхбаяр оролцох бол 65 кг-ын ОУХМ Т.Тулга, Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Б.Хонгорзул, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 76 кг-д О.Бурмаа нар эрх авсан учраас олимпын наадамд сорил хийлгүйгээр барилдуулахаар шийдвэрлэсэн нь бас л асуудал дагуулж байгаа. Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал энэ сарын 24-нд Спортын төв ордонд болж, 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдсэн юм. Гэсэн ч энэ бүхнийг үл тоож, нэгэнт гаргасан шийдвэрээ хүндэтгэж, тэмцээнд оролцох тамирчдынхаа дээлийн захыг мушгих нь зүйтэй байх. Тэгж байж эрх авч, сонгогдсон тамирчдаасаа өндөр амжилт шаардах нь зүйд нийцэх биз ээ.

Энэ удаагийн олимпод орохоор болсон бөхчүүд дотроос олимпын тэмцээнд барилдаж явсан туршлагатай нь 76 кг-д эрх авсан О.Бурмаа, 68 кг-ын С.Батцэцэг нар. О.Бурмаагийн хувьд Афины 2004 оны олимп, Лондоны 2012 оны олимпын наадмуудад оролцож байсан туршлагатай. Харин нөгөө дөрөв нь анх удаа олимпын наадамд зодоглож байгаа шинэ залуу бөхчүүд байгаа юм. Чөлөөт бөх бол манай улсын топ дөрвөн төрлийн нэг гэж тооцогддог ч эрэгтэйчүүд 1980 оноос хойш олимпын медаль аваагүй түүхтэй. 2012 оны Лондонын олимпоос Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эмэгтэйчүүдийн анхны медалийг авч ирснээс хойш мөн л эмэгтэй чөлөөтийнхөн медаль хүртээгүй. Дасгалжуулагч Ө.Ууганбаяр 2017 онд эмэгтэй шигшээгийн дасгалжуулагчаар ирснээсээ хойш залуучуудаа түлхүү дэмжиж ажилласан гэнэ. Үүний хүрээнд 2017 онд шигшээгийн тамирчдын дундаж нас 28 байсан бол одоо 23 нас болж залуужжээ. Манай эмэгтэйчүүд саяхан Казахстан улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээрээ анх удаа тэргүүлсэн учраас эмэгтэй шигшээгээс хүлээх хүлээлт өндөр болсон нь гарцаагүй.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, үндсэн дасгалжуулагч З.Дүвчингийн хамтаар Польш улсад болох тэмцээнд оролцохоор нэрээ өгч, ирэх долоо хоногт эх орноосоо мордохоор болжээ. Харин бусад тамирчид элдэв эрсдлээ тооцоод тус тэмцээнийг өнжиж, олимпын бэлтгэлээ хангахаар болсон байна. Энэ талаар гавьяатын үндсэн дасгалжуулагч З.Дүвчингээс тодруулахад “С.Батцэцэгийн хувьд энэ оны нэгдүгээр сараас хойш томоохон тэмцээнд оролцоогүй учраас олимпын өмнө барилдаан үзэх, дэвжээний мэдрэмжээ сэргээх зорилгоор Польшийн олон улсын тэмцээнд оролцохоор нэрээ өгсөн” гэсэн юм.

Цар тахлаас үүдэлтэйгээр бэлтгэл тасалдах, нэг тэмцээнд явж ирчихээд тусгаарлалтад орох зэрэг нь тамирчдын бэлтгэлийг тасалдуулсан тохиолдол байгаа ч баг тамирчид аль болох цахимаар бэлтгэл хийх, өрсөлдөгч улсуудын тамирчдын барилдааны бичлэг дээр судалгаа хийх зэргээр цаг үедээ тааруулсан бэлтгэлүүдийг ч хийсээр байсан аж. Багш, дасгалжуулагчид тусгай дэвтэр гарган хуваарийн дагуу бэлтгэл хийдэг байна.

Ингэхдээ нэг өдрийн бэлтгэлийг өглөө, орой хэмээн хувааж, хүчний болон мэхийн гээд олон бэлтгэл хийлгэнэ. Эмэгтэй шигшээ багийн хувьд нэг газраа дээд тал нь 14 хоног бэлтгэл хийдэг юм байна. Үүний учрыг дасгалжуулагч Ө.Ууганбаяр хэлэхдээ “Тамирчид нэг газраа удаан бэлтгэл хийхээр бэлтгэлдээ ханах хандлага байдаг. Тиймээс бэлтгэлийн газраа солих нь тамирчдад сайн талтай. Шинэ газар очихоор тамирчдын сэтгэл санаа сэргэж, бэлтгэлийг өндөр түвшинд хийдэг” хэмээн тайлбарлаж байна билээ. Олимп болтол тамирчид эх орондоо бэлтгэлээ хангахаар төлөвлөсөн бөгөөд хамтарсан бэлтгэлийг эх орондоо гадны тамирчдыг урьж хийхээр болжээ. Эрэгтэй тамирчдаа ОХУ-ын Буриадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх бол эмэгтэйчүүдээ урд хөршийнхөнтэй бэлтгэлд гаргахаар төлөвлөсөн байна. Хоёр хөршийн баг тамирчид өндөр чансаатай. Тиймээс тэдэнтэй хийсэн бэлтгэл олимпод амжилт гаргахад чухал нөлөөтэй байх нь дамжиггүй. Хятадын шигшээ багийн тамирчид хэвтээ барилдаанд үнэхээр сайн барилддагаараа алдартай бол Буриадын бөхчүүд Оросын шигшээд тогтмол дуудагддаг.

Японы нийслэл Токио хот манайхаас нэг цагийн зөрүүтэй. Тиймээс Бээжингийн олимпод гаргасан манай тамирчдын амжилт давтагдах, түүнээс ч илүү гарах боломжтой гэж олон хүн үзэж байгаа. Тамирчид маань ч эх орныхоо итгэл найдварыг тээж, амжилт гаргахаар шургуу бэлтгэж байна. Гэвч хэн нэгний нэрийг дурдаж, амжилт гаргана гэх нь өрөөсгөл. Хэн нэгнийг цохоод нэрлэчихээр тамирчдын сэтгэл санаа, хэт их хичээх зэрэг нь бэлтгэлд сөргөөр нөлөөлдөг гэж Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан хэлнэ лээ. Угаасаа тамирчин хүн бүр ялна л гэж бодож бэлтгэлээ хангаж, хичээдэг. Харин тэднийгээ хамаагүй шахаж, сэтгэл зүйд нь дарамт учруулахгүй байх хэрэгтэй аж. Олимпод нэг жинд дэлхийн аваргын эхний зургаан байр, дэлхийн эрхийн тэмцээн, тивийн эрхийн тэмцээнүүдэд түрүүлсэн хоёр, хоёр бөхчүүд гээд нийтдээ 16 бөх барилдах учиртай. Сүүлд гарсан шинэ дүрмээр барилдах өдрөө жингээ үзүүлээд финалын барилдаанд шалгарсан тохиолдолд маргааш өглөө нь дахин жингээ үзүүлэх ёстой гэнэ. Японы эмэгтэй тамирчид хөлний мэхэндээ сайн байдаг бол хятадын эмэгтэйчүүд тэсрэлттэй, хэвтээ барилдаандаа сайн гээд улс, улсын тамирчдын судалгааг шигшээгийнхэн судалгаанд тулгуурлан бэлтгэдэг. Харин монголын эмэгтэйчүүдийг зогсолт сайтай, баргийн хүнд бярдуулдаггүй гэж дэлхий үнэлдэг гэдгийг дасгалжуулагчид нь хэлж байна. 

Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Харин манай шигшээ багийн хувьд ноцтой бэртэл, гэмтэл байхгүй байгаа нь хамгийн сайн мэдээ. Цар тахлын вакцинд бүрэн тундаа бүгд хамрагдаад, цусны болон бусад шинжилгээг өгөхөд бүх зүйл сайн гарчээ. Тиймээс манай тамирчид одоо зөвхөн хувийн бэлтгэлээ сайтар хангаж, үлдэж байгаа хоёр сар хүрэхгүй хугацаанд эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах үлдэж байгааг шигшээ багийн дасгалжуулагчид онцолж байсан. Энэ удаагийн олимп өмнөх наадмуудаа бодвол нэг жилээр илүү сунасан нь томоохон шалгуур болж байгаа юм. Чөлөөт бөхийн тэмцээн болох өдрүүдэд Японд хамгийн халуун үе нь таарах юм байна. Олимп зохион байгуулагчдын зүгээс тэмцээн дуусаад 48 цагийн дотор амжиж нутаг буцах гэх мэтийн шаардлагуудыг тавьж байгаа ажээ.

“Хасу мегеватт” ХХК тамирчдаа юунд ч санаа зовохгүйгээр бэлтгэлээ хийх заал танхимаар хангаж өгч байгаад нь талархууштэй. Мэдээж Биеийн тамир, спортын улсын хороо, Олимпын хороо, Шигшээ баг гээд олон хүний хичээл зүтгэлээр тамирчид амжилт үзүүлдэг. Зөвхөн сайн тамирчин байлаа гээд шууд амжилт үзүүлнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй. Тэр шилдэг тамирчны ард түүний бэлтгэлийг хангах гэж хамгийн чухал хүмүүс бий. Тэд ч үүргээ сайтар ухамсарлаж, бэлтгэлийг нь хангадаг бололтой. Ц.Баярсайхан дасгалжуулагч шүгэл үлээснээр тамирчид барилдааны бэлтгэлээ хийж эхлэхийг харах сайхан байлаа. Харин тэр хооронд З.Дүвчин, Ө.Ууганбаяр дасгалжуулагч тамирчин бүр дээр очиж, зааж зааварлана. Яг л энэ зүйрлэл шигшээгийн тамирчдад онох мэт санагдана. Жирийн хүний дааж чадах ачааллаас хэд дахин илүү ачааллыг тэсвэрлэж, хөлсөө дуслуулан бэлтгэлээ хангаж байгаа нь бахархмаар.

Тамирчдад томоохон тэмцээн, уралдаанаас өмнө тэр бүр сонин, хэвлэлд ярилцлага өгөхгүй байх юмсан гэсэн бодол байдаг бололтой. Түүнийг нь ч бид хүндэтгэн үзэж, тамирчдаасаа элдэв асуулт асуусангүй. Тэгээд ч тэдний гаргасан амжилт нь өмнөөс ярих учраас олимпын дараа баяртайгаар эргэн уулзахын ерөөл өргөн бэлтгэлийн заалнаас гарахад “Гурван минут амраад, бэлтгэлдээ!" хэмээн Ц.Баярсайхан дасгалжуулагчийн хэлэх сонсогдлоо. Минут бүрийг үр ашигтай өнгөрөөхийн төлөө хичээж, бэлтгэлээ чамбайруулж буй чөлөөт бөхийн эмэгтэй шигшээгийнхэндээ алтан соёмбот далбааг арлын оронд мандуулж, төрийнхөө дуулал эгшиглүүлээд ирэхийг сэтгэлдээ шивнэлээ.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.126.90.6) 2021 оны 06 сарын 01

Шудрага сорилт хийх хэрэгтэй тэр Болормаа гэж авгай хорчин авгай юмаа ард түмэн бүгд хэож бна нөхрийнхөө ард нуугдсан, тэртээ тэргүй Бэхээ орох нь тодорхой юман дээр олон тамирчдыг хоххироочоод, бүтэн 4 жилийн хөдөлмөр, шүү дээ олон хүнийг гонсойлгосон хүмүүс амьтаны ерөөл биш хилэнгээр амжилт олох уу, Зүгээр шудрага сорил оо хийчих л дээ тамирчид нь сорил хийгээд ялагдахад гомдолгүй л гэж бгаа шүү дээ

0  |  0
Zochin(59.153.87.43) 2021 оны 05 сарын 31

Erhee absan bvh tamirchid dasgaljuulagch nartaa olipin tengert toriin duulalaa egshiglvvlehiig hvsej itgej bn amjilt

1  |  0
Top