Эмэгтэй хүн болсны гавьяа алдар, утга учир, хамгийн сайхан чимэг нь хэн нэгний ээж байх юм. Бүсгүйчүүд ээж болсон түүхээ хоорондоо хөөрөлдөн ярилцах дуртай. Нандин учраас тэр. Хэдэнтэй ярьсан ч өөрийг нь уйдаахгүй, гарцаагүй номер нэгт ярилцах сэдвүүдийн нэг нь. Ар гэрээ авч явах, ахмад буурлаа хүндлэн хайрлах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх өндөр үүрэгт ажлаа өдөр тутамдаа амжуулахаас гадна албан ажлаа ч нэр төртэй биелүүлэхийн тулд цаг наргүй, өдөр шөнийн ялгаагүй хөдөлмөрлөдөг, тэвчээрийн дээд сайхан ээж олон. Ээж хүн бусдыг болон юмсыг илүү гүн гүнзгий мэдэрч, хайрладаг. Юугаар ч үнэлшгүй тийм нэг ариун нандин мэдрэмжийг хэвлийд нь бяцхан зүрх цохилж ирсэн тэр цагаас эмэгтэй хүн мэдэрч эхэлдэг. Хүүхэд бүр ээжийнхээ амин эрдэнэ, бие, сэтгэлийнх нь бүтэн хэсэг байдаг. Ээж хүн өөрт тохиолдсон баяр бүхнээ, тэдгээрээс ч илүүг хүүхэддээ хүсч, сайхан хоол идсэн бол хүүхэдтэйгээ л хуваалцахыг хүсч, гоё хувцас өмссөн бол илүү сайхныг хүүхэддээ өгөхийг хүсдэг. Чамайг хэвлийдээ буйг анх мэдэхдээ хязгааргүй их баярлаж, хамтдаа байсан хором, мөч бүхнээ хайрлан хамгаалдаг юм шүү.
Чамайг хорвоод мэндлэх тэр өдрийг ээж нь, аав нь, хайртай гэр бүл нь, ээж, аавынх нь найзууд, хамаатан саднууд нь бүгдээрээ тэсэн ядан хүлээдэг. Цагаар, хормоор хэмжиж хүлээнэ. Ээж нь чамайг төрүүлэхэд өвдсөн тэр их өвдөлтийн хэмжээлшгүйг зүйрлэх юу ч үгүй. Ээж бүхэн тэгэж их өвдсөн ч өөрийгөө бодохгүй, чамайг л эрүүл саруул төрөөсэй гэж залбирсаар байдаг. Яг тэр сэтгэлээрээ насан туршдаа чамайг хайрладаг. Чи ээжийгээ уурлуулж гомдоосон ч, үгийг нь сонсолгүй, баяр, гунигт мөчийг нь хуваалцаагүй өнгөрөөсөн ч чамд гомдохгүй. Ээж хүний агуу их сэтгэл, хайр халамж, дундаршгүй тэвчээр нь хүний ертөнцийн хамгийн тод, хамгийн том гэгээ нь. Ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн ээж бүхэнд, энэ эрхэм алдрыг нь хүртээсэн Монголын мянган мянган үрсэд Эх, үрсийн баярын "дулаахан" өдрийн мэндийг хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )