Э.Бат-Амгалан: Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжих гэж Түр хороо байгуулагдсан

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тавдугаар сарын эхээр нийслэлийн удирдлагуудтай уулзсан юм. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь анх удаа болсон үйл явдал байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн нэгдэж,  нам үл харгалзан, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 28-нд байгуулсан. Тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдлаа. Энэ хороо байгуулагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Нийслэл хотод олон жилийн туршид ужгирсан, дангаар шийдэх боломжгүй, эрх зүйн чадамжгүй байдал байсаар байна. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь оршин сууж байна. Дэд бүтэц, хотын эдийн засаг гээд гацаанд орчихоод байна. Нийслэл хот асуудлаа дангаар шийдье гэхээр төсөв, хөрөнгө дутагдалтай, санхүүгийн эрх мэдэл хомс байдалтай 30 гаруй жил явж ирсэн. Тэгэхээр хотоос сонгогдсон гишүүд тойрог, дүүрэг рүүгээ хандсан ажил хийгээд хотын асуудал цэгцрэхгүй. Иймээс Улаанбаатар хотын асуудлыг нэг цонхоор харж, нийлж, нэгдэж ажиллах шаардлага байна гэж үзэж, хотын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг эрхэлсэн Түр хороог УИХ-д байгуулъя гэж шийдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийг дан ганц хотын удирдлагуудад даатгаж орхих биш, УИХ, Засгийн газрын түвшинд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэдгээр нь Түр хороо байгуулахыг дэмжсэн. Түр хороонд Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд хамтарч, хотынхоо хөгжлийн төлөө гар, бие оролцож, хөгжлийн шинэ шатанд гаргах зорилготойгоор нэгдлээ. Түр хороо нийслэлийн иргэдэд өдөр тутам тулгамдаж байгаа асуудлыг нийслэлийнхээ удирдлагатай хамтарч шийдэх, ялангуяа бодлогын түвшинд нь УИХ дээр дэмжиж ажиллана. Ерөнхий агуулгаараа бол нийслэлийг эрх зүйн чадамжтай хот болгоно. Энэ хэрээрээ ажлыг нь шахаж, хяналт тавьж ажиллах юм.

-Мэдээж нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Ажлаа юунаас эхлэх вэ. Цаашид юунд анхаарч ажиллах вэ?

-Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол, автомашины түгжрэл, хүн амын хэт төвлөрөл гээд олон тулгамдсан асуудал байдаг. Эдгээрийг бараг амтай болгон ярьдаг ч өнөөг хүртэл яг аль нь нэн тэргүүнд шийдвэл зохих тулгамдсан асуудал вэ гэдгийг статистик, тоо баримттай, судалгаатай гаргаж ирээд, иргэдээсээ асууж, тодорхойлж байсан удаа байхгүй.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг өнгөрсөн тавдугаар сард урьж, хотод тулгамдаж байгаа асуудлуудыг анх удаа тооцоо, судалгаатай тайлагнасан. Мөн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Хотын хүн ам 1990 онтой харьцуулахад бараг гурав дахин нэмэгдэж, 45.5 хувь нь орон сууцны хороололд, 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Мөн их, дээд сургууль, коллежийн 95.8 хувь, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 31.3-47.1 хувь нь хотод төвлөрчээ. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 75.8 хувь буюу 152 мянга гаруй нь нийслэлд байрлан үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг бүрдүүлж байна.

Энэ тоо баримтуудаас үзэхэд, Улаанбаатар хот маань өөрөө Монгол Улсын эдийн засагт үлэмж нөлөө бүхий хүн ам, эдийн засаг, бизнесийн цогцолбор төв болсон нь харагдаж байгаа юм. Гэхдээ асуудал мундахгүй их. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тоо орон сууцанд амьдарч байгаа иргэдээсээ даруй 10 хувиар их байна. Нийслэл Улаанбаатар хотод 569 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 54.5 хувь.  Тээврийн хэрэгсэл ихээр төвлөрсөн учраас авто зам ачааллаа дийлэхээ больсон. Судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 85 орчим хувь нь тулгамдаж байгаа асуудлаараа түгжрэлийг нэрлэсэн. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн ажлын бүтээмж, чадвар буурч байгаа. Ажлын өдөр ид ачааллын үед Улаанбаатар хотын иргэд найман км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна. Импортоор орж ирж байгаа машинуудыг цэгцлэхгүйгээр, ямар нэгэн бодлого, шийдвэр гаргахгүйгээр энэ байдлаар явбал 2024, 2025 онд Улаанбаатар хот тэг зогсох хэмжээнд хүрэх судалгаа байгаа. Тиймээс түгжрэлийг бууруулах, дахин төлөвлөлт хийх, хөрс, агаарын бохирдлыг шийдэх, гэр хорооллыг цахилгаан, дулаанаар хангах, орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэх мэт олон шийдэх асуудал бий. Төсөв, мөнгө ч нэлээдгүй шаардагдана. Түр хороо энэ бүх асуудлуудыг шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлж, бодлогын түвшинд анхаарч ажиллаж, асуудлыг нийслэлийн удирдлагууд Засгийн газартай хамтарч шийднэ.

-Нийслэлийн Засаг дарга та бүхнийг уриад төсөв, төлөвлөгөөгөө танилцуулж байсныг санаж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар таван “Т” бодлого дээр анхаарч ажиллана гэсэн байсан. Энэ талаар та дэлгэрүүлж яриач?

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого иргэд эрүүл, аюулгүй амьдрах тоотой орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болоход чиглэх ёстой. Энэ ч үүднээс хотоос түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, газрын харилцааг шинэтгэх гэж  таван чиглэлд бодлогоо тодорхойлсон. Энэ бодлогыг УИХ-ын түвшинд дэмжиж, тусалж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. УИХ-ын дарга Г.Занданшатар Түр хороо байгуулах санал гаргахдаа таван “Т”-гийн бодлогыг анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Энэ нь төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг бүрдүүлье, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё.

Үндсэн хуулиар УИХ-д олгосон хууль, төсөв батлах онцгой бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, нийгмийн асуудлыг хот өөрөө бие даан шийдвэрлэх төсөв, хөрөнгийн чадавхтай, эрх мэдэлтэй байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох хууль, тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд Түр хороо анхаарал хандуулна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот эрх зүйн хувьд бие даасан, өөрсдөө орлогоо олдог, олсон орлогоороо асуудлаа шийдвэрлэх чиглэлд нь дэмжиж, шаардлагатай гэвэл хууль, эрх зүйн хүрээнд шинэтгэл хийж, хамтарч ажиллана.

-Зөвхөн Улаанбаатар хотоос сонгогдсон гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд Түр хороо байгуулахыг дэмжиж ажиллана гэж байсан. Нийт хэдэн гишүүн нэгдээд байна вэ?

-Улаанбаатар хотоос сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Д.Өнөрболор зэрэг гишүүн хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотын асуудал бол зөвхөн энэ хотод амьдарч байгаа иргэдийн асуудал биш. Улаанбаатар хотод орон нутгийн иргэдийн үр хүүхэд ажиллаж, амьдарч, сурч, бизнес, арилжаа наймаа хийж, нийгэм, эдийн засгийн харилцаанд орж байна. Тэгэхээр энэ бол Монгол Улсын нийт хүн амд хамаарах асуудал болж хувирч байгаа юм. Тиймээс Түр хороонд орон нутгийн гишүүд ч нэгдэх нь гарцаагүй.

Дэлхийд нэг саяас дээш хүн амтай 400 гаруй хот байдгийн нэг нь Улаанбаатар. Гэтэл энэ хот Монгол Улсын газар нутгийн ердөө 0.3 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний газарт нийт хүн амын тал хувь нь аж төрж байгаа нь Улаанбаатар хотыг зайлшгүй тэлэх шаардлагатай болсныг харуулж байна.

-Түр хороо ямар хугацаанд үйл ажиллагаа явуулах вэ?

-УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Түр хороог тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж болно гэж заасан байдаг. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулахыг батлахад УИХ-ын олон гишүүн Түр хороо биш, Улаанбаатар хотын бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороо болж ажиллах ёстой гэдэг санал гаргаж байсан. Тэгэхээр Түр хороо энэ хавар, намрын чуулганаар хэрхэн ажиллаж, ямар үр дүн гаргаснаас шалтгаалж, цаашид хэрхэх вэ гэдгийг шийдэх болов уу.

-Ардчилсан хувьсгал гарч, Монгол Улс парламентын засаглалтай болсон 30 орчим жилийн хугацаанд анх удаа Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулагдлаа. Энэ нь мөн л Монгол Улсын Их хурлын түүхэнд тэмдэглэх үйл явдлуудын нэг болов уу. Энэ хороо Улаанбаатар хотод ямар давуу талуудыг бий болгох вэ?

-Засгийн газар саяхан нийслэлд түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум орчим төгрөг төлөвлөж байхаар шийдсэн. Энэ нь Улаанбаатар хотын жил бүр улсын төсөвт төвлөрүүлдэг байсан мөнгийг хотод нь үлдээж байгаа гэсэн үг. Иргэн Доржийн төлсөн татвар, эргээд өөрийнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа болж үлдэнэ л гэсэн үг.  Цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Нийслэлд концесс болон үнэт цаас гаргах эрх олгосон. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай болон Концессын тухай хуулиудад тусгах шаардлагатай байгаа. Дахиад хэлэхэд, Түр хороо нийслэл хотоо ТӨРИЙН БОДЛОГООР дэмжиж ажиллана.

-Түр хороог яагаад та даргалах болсон бэ?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн, нийслэлийнхээ унаган иргэн. Үүнээс гадна дүүргийн анхан шатны нэгжээс эхлэн ажиллаж ирсэн учраас нийслэл хотынхоо тулгамдсан асуудлыг сайн мэднэ. Нэг үгээр бол, нийслэл Улаанбаатар хотынхоо тухай хэн хүнээс илүү мэднэ, зовлон, жаргалыг нь ойлгоно. Тиймээс ч Түр хороо байгуулах санаачилгыг дэмжиж, гардаж ажиллах гэж байна

-Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүнтэй уулзчихаад дүүргийнх нь тухай асуухгүй бол болохгүй. Тэгэхээр танай дүүрэгт хамгийн том тулгамдсан асуудал юу вэ. Түүнийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Манай дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. 370 мянга гаруй иргэнтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын бараг дөрөвний нэг нь аж төрж, амьдардаг гэсэн үг. Энэ хэмжээгээрээ олон асуудал тулгамддаг. Цахилгаан, эрчим хүч, төвлөрсөн дулаан, бохир, цэвэр усанд холбогдоогүй айл өрх олон байдаг. Энэ асуудал зөвхөн манай дүүрэг гэлтгүй, бүх л дүүрэгт байгаа. Түр хороо энэ асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлж, эдгээрт анхаарч ажиллана.

Баянзүрх дүүрэгт хамгийн тулгамдсан асуудал нь эмнэлэг. Дүүргийн хэмжээнд улсын тодотголтой эмнэлэг байхгүй. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ. Тиймээс Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүнтэйгээ ярьж, Засгийн газар хүсэлт тавьсан. Эмнэлгийн асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд нааштай хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд дэлхийн жишигт нийцсэн, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орсон 250 ортой эмнэлэгтэй дүйцэхүйц эмнэлэг байгуулна. Цаашид эмнэлгээс гадна эрүүл мэнд боловсролын салбарт илүү анхаарч ажиллана. Ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан сувилалтай болоход анхаарал хандуулна. Баянзүрх дүүрэгт олон зах үйл ажиллагаа явуулдаг. Мөн дүүрэг маань газар нутгаа тэлэх боломжтой. Тиймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд Зайсан, хотын төв рүү явдаг биш, байгаа газраа хотын төвд байгаа мэт үйлчилгээ авдаг тийм орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн байна(192.82.75.107) 2021 оны 06 сарын 01

БатАмгалан гишүүн олон ажил амжилттай хэрэгжүүлж байгаа хөдөлмөрч гишүүн шүү амжилт

0  |  0
Т.Мөнхцэцэг(66.181.160.22) 2021 оны 05 сарын 31

Баянзүрх дүүрэгт Төрийн эмнэлэгтэй болох гэж байгаа нь үнэхээр баярлалаа.Нийслийн 9 дүүргийн 1болох Баянзүрхчүүд бид чинь хувийн эмнэлэгт эмчилгээ авах боломж хүртээмжгүй байсан шийдвэрлэх эхний том алхам тавилаа баяртай бна

1  |  0
Түмэнжаргал (66.181.161.48) 2021 оны 05 сарын 31

Бат-Амгалан гишүүн цааш цаашдаа улам ихийг хийж бүтээх гишүүн шүү. Өмнө нь Баянзүрх дүүрэг хамгийн хоцрогдолтой нь байсан харин гишүүн ирснээр багахан хугацааанд нэлээдгүй бодит ажил хийж хэрэгжүүлж ажилласан гэж харж байгаа шүү. \n

1  |  0
Аззаяа(66.181.161.48) 2021 оны 05 сарын 31

Би өөрөө эмнэлгийн салбарт ажилладаг хүнлдээ. Эмнэлэг бол үнэхээр асуудалтай байна ажиллаж байгаа хүнд нь ч тэр, үйлчлүүлж байгаа иргэдэд ч тэр шийдэх гэж дорвитой алхамыг эхлүүлж байгаа нь магтууштай юм\n

1  |  0
ханд(66.181.161.77) 2021 оны 05 сарын 31

БЗДийн20р хорооШар хоолойнаманд малынбэлчээргүй боллоо та юу хийсэн бэ маш олон удаа хэлжбайгаашүү

1  |  0
Тэргэл(66.181.161.44) 2021 оны 05 сарын 31

БатАмгалан гишүүн олон ажил амжилттай хэрэгжүүлж байгаа хөдөлмөрч гишүүн шүү амжилт

0  |  0
Одгэрэл(66.181.161.41) 2021 оны 05 сарын 31

Нэгдэж ажиллана гэдэг ард иргэд бидний төлөө ажиллана гэж харж байна. Маш хэрэгтэй түр хороо байгуулагдсан байна. Энэ түр хороо байнгын хороо болоосой. Цааш цаашдаа ингэж нэгдэж ажиллавал олон хэрэгтэй, иргэддээ хүрсэн ажлууд явагдах байхдаа. Бат-Амгалан гишүүн гарснаар Баянзүрх дүүргийн бага ч болов асуудлууд шийдэгдэж байна гэж харж байна. \n

1  |  0
Саруул(66.181.161.126) 2021 оны 05 сарын 31

БатАмгалаэ гишүүн мундаг шүү

0  |  0
Бэлзэг бөгж. (202.126.89.205) 2021 оны 05 сарын 31

Баянзүрх дүүрэг хөгжилөөрөө хамгийн хоцрогдсон ажилгүйдэл ядуурал ихтэй шүү дээ.Шинэ сонгогдсон гишүүн Э.Батамгалан багахан хугацаанд нэлээдгүй их бодит ажил хийж байна даа. Улам их амжилт хүсье.

2  |  0
Top