Манай улс жилд 300 гаруй тонн зөгийн бал хураадаг

2021 оны 06 сарын 01

Монгол оронд зөгийн аж ахуйн суурь 1965-1990 онд тавигдаж, 2002 оноос эрчимтэй хөгжиж ирсэн. Монгол улсын хойд бүсэд байрлах Шарын гол дахь зөгийн үржлийн ферм, зөгийн суурийг нэгтгэн зөгий үржүүлгийн газрыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс зөгийн болон бусад тоос хүртэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.

Монгол орны дотоодын зөгийн балны 20 орчим хувийг таримал ургамал буюу рапс, гурвалжин будаанаас гарган авдаг бол 80 гаруй хувийг байгалийн зэрлэг цэцэгсээс гарган авдаг. Нөгөөтээгүүр далайн түвшнээс өндөрлөг газарт орших Монгол орны цаг агаарын эрс тэс, ургамлын өргөн тархацтай байдал нь Монголын зөгийн балны антиоксидант чанарыг бусад орны зөгийн балаас давуу байх боломжийг  бүрдүүлж байгаа нь судалгаагаар ногтлогдсон байдаг. 

Монгол Улс жил бүр 300 гаруй тонн өндөр уулын бүст таримал бус байгалийн олон цэцэгнээс түүсэн антиоксидантаар баялаг Монгол зөгийн балыг хурааж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна Бүгд Найрамдах Солонгос Улс, Японд бага хэмжээгээр экспортолж эхлээд байна.

Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерын системээр хөгжүүлэхээр тусгасан нь Монголын зөгийн аж үйл ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн бал, техникийн шаардлага”, “Зөгийн балны гарал, үүслийг тодорхойлох” үндэсний стандартыг шинэчлэн батлуулснаар зөгийн балны чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцэгнээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балнаас ялгах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.26.87) 2021 оны 06 сарын 01

300 тн гэдэг бол худлаа тоо юм шиг санагдлаа. 30 тн байхаа.

0  |  0
Top