Манай Улсад хөгжиж дэвшдэггүй ганц зүйл бол аялал жуулчлалын салбар бөгөөд цар тахлаас үүдэлтэйгээр бүр ч нам зогслоо. Аялал жуулчлалыг Монгол Улсын хөгжлийн гурван тулгуурын нэг гэж үздэг. Гэтэл энэ салбар цар тахал болон бусад шалтгаалах зүйлээс үүдэн зогслоо. Өнгөрөгч 2020 онд гэхэд аялал жуулчлалын урсгал 90 хувьтай буурсан бол энэ он гарсаар 100 хувь хүрээд байгааг салбарынхан дуулгалаа.
Цар тахал нь зөвхөн Монгол Улсад дэгдсэн бус дэлхий нийтийг хамарч байгаа учраас ихэнх улс орнууд халдвар хамгааллын журмаа хатуу чанга мөрдөн, аялал жуулчлалаа тасалдуулахгүйн төлөө тэмцэж байна. Олон улсад цар тахлын тархалт өндөр түвшинд байгаа АНУ, Солонгос, БНХАУ гээд бүхий л улс орнууд цар тахал гээд аялал жуулчлалаа хаячихаагүй байхад бид ч гэсэн энэ салбараа урагшлуулж хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Цар тахлын хамгийн том хохирогч бол аялал жуулчлалын салбар мөн хэдий ч нөхцөл боломждоо тулгуурласан бодлого байх шаардлагатайг дэлхий нийт сануулж байгаа юм. Монгол Улс жирийн үед аялал жуулчлалаас маш бага ашиг олдог ч дотоодын хэмжээнд орон нутгийн шинжтэй арга хэмжээнээс олдог тодорхой ашиг бий.
Тухайлбал, Архангай аймагт болдог ''Адууны баяр'', Өвөрхангай, Баянхонгор аймагт болдог ''Сарлагийн баяр'', Ховд аймагт болдог Олон ястны наадам, Хөвсгөл аймагт болдог “Мөсний баяр” гээд орон нутгийн төсөв, иргэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц арга хэмжээ олон бий. Тэгэхээр эдгээр баяруудыг улсын хэмжээнд анхаарч, орон нутгийн хэмжээнд ч атугай зохион байгуулах хэрэгтэй аж. Өнөөдөртөө өндөр ашиг харахгүй ч нэгэнт гаргасан энэ мөр замаа баллах бус эрсдэл үүрээд ч хамаагүй явуулж байх хэрэгтэйг олон улсын жишгээс харж болно.
Өнгөрөгч 2019, 2020 онд дотоодын жуулчдын урсгал давтагдсан тоогоор нэг орчим сая байсан, мөн дотоодоос гадагшаа аялж байгаа нь давхардсан тоогоор 2.4 сая байжээ. Эндээс харахад монголчуудын аялах сонирхол харьцангуй нэмэгдсэн гэж үздэг. Мэргэжлийн байгууллагаас тооцоолсноор бол цар тахалтай ч иргэд аялахдаа өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 орчим тэрбум төгрөгийг 21 аймгийн эдийн засагт оруулах боломжтой гэжээ. Цар тахлаас өмнө аялал жуулчлалын салбараас жилд дундажаар төсөвт 500-600 сая орчим ам.долларын орлого бүрдүүлж, 35-40 мянган шууд ажлын байр бий болгодог эдийн засгийн гол тулгууруудын нэг байв.
Манай улсад 2020 оны гуравдугаар сараас эхлээд гадаадын жуулчдын хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ нь яах аргагүй бодит нөхцөлтэй тулсныг үгүйсгэхгүй, харин тэр чигт нь хаясныг үгүйсгэнэ. Зөвхөн тухайн үеийн судалгаанаас харахад эхний таван сарын байдлаар аялал жуулчлалын салбар 120 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1300 орчим аж ахуйн нэгж 88 мянган ажлын байрыг бий болгосон ч энэ нь өнөөдөр зогссон. Цар тахлаас үүдэн Улаанбаатар хотод байрлалтай 300 орчим зочид буудал, тэр дундаа олон улсын гурваас дээш одны зэрэглэлтэй зочид буудлуудын үйл ажиллагаа зогссон. Гаднаас жуулчин авчирч аялуулдаг, гадагшаа жуулчин аялуулдаг хоёр үндсэн чиглэлтэй 300 орчим тур оператор компаниудын үйл ажиллагаа тэг зогсолтод орсон. Монгол Улсын хэмжээнд нийт 450 орчим жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 50 нь Улаанбаатар хот орчмын бүсэд, 400 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд дотоодын жуулчдын урсгалаар харьцангуй эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна гэх тооцоо байгаа ч өнөөдрийн байдлаар боломж алга боллоо.
Манай салбар яамнаас баримталж байгаа гол бодлого гэвэл гаднын жуулчдыг Монгол Улсад аялуулж, Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлэх буюу экспорт хийснээр аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьдог. Монгол Улсын нийт экспортын орлогын 92 хувийг уул уурхай эзэлдэг. Үлдсэн найман хувь буюу 800 сая ам.долларыг хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд бүх экспортын орлого бүрдүүлдэг. Үүний 80 хувьтай дүйцэхүйц буюу 600 сая ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбар дангаараа бий болгодог байв. Экспортын хувьд чухал салбар төдийгүй уг орлогоос гадна жуулчдын ирж байгаа тээврийн зардал болон бусад үйлчилгээний зардлыг тооцвол аялал жуулчлалын салбар бусад 13 салбарын эдийн засгийг идэвхжүүлдэг онцлогтой. Монгол Улсын хэмжээнд зуны улиралд өдрийн 70 орчим мянган ор, хоногийн нөөцийг бүрдүүлэх боломж байдаг. Тэгэхээр аялал жуулчлалын идэвхтэй саруудын хугацаанд 1.6 сая жуулчин хүлээж авах нөөц байдаг ажээ.
Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын олон улсын үзүүлэлтийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргаж, уг үзүүлэлтээр Монгол Улс 2016 онд дэлхийн 136 улсаас 102-т жагсаж байсан бөгөөд энэ үзүүлэлт өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байгаа нь ахиц дэвшил гараагүйг харуулна. Үзүүлэлтийг хойш татдаг гол зүйл гэвэл визний асуудал. Олон улсад нээлттэй үзүүлэлтээрээ Монгол Улс сүүлээсээ 10-т ордог. Монгол Улсад визгүй аялдаг Казакстан, Киргиз, Узбек гээд 20 орчим улс гэхэд бүгд цахим виз нэвтрүүлжээ.
Япон, Солонгос улсад гэхэд томоохон хотууд нь бүгд олон улсын тээврээр холбогдсон байдаг. Гэтэл Монгол Улс том газар нутагтай хэрнээ дотроо агаарын тээвэр сайн хөгжөөгүй. Энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үнэтэй болгож хөгжлийн тушаа болдог. Харин 2019 онд Төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогыг батлуулж, 2020 онд зарим тал дээр анхаарч ажилласныг үгүйсгэхгүй. Уг нь энэ тал дээр бодлого гаргасан дагуу зургаан бүсийн нисэх буудлыг олон улсын болгох шаардлагатай гэж үзээд Хөшигийн хөндийн нисэх буудал, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Дорнодын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоод шууд жуулчин авдаг болгохоор 2020 онд төлөвлөж, эхнээсээ ашиглалтад орж буй. Тухайлбал, үүний дагуу Завханы Донойн хөндийн нисэх буудал, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлыг тус тус олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэл, өргөтгөл хийсэн юм. Үүнээс харвал төрөөс аялал жуулчлалын салбарт анхаарч байгаа ч асар удааширалтай байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын хүрээнд нийт дөрвөн цогцолборыг бий болгож байгааг бид мэднэ.
Харин өнгөрөгч гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилга гарган аялал жуулчлалын салбарынхантай уулзсан. Засгийн газраас улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж буй. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдэж байсан.
Гэхдээ салбарынхан өөдрөг төсөөлөлтэй байгаа нь харагдана лээ. Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд төр, засаг хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Мөн үеэр "Монгол Улс 2029 он гэхэд гурван сая жуулчин хүлээж авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа "Алсын хараа хөгжлийн хөтөлбөр"-тэй нийцнэ гэж үзэж байна. Ямартай ч өөдрөг төсөөлөл байгаа бөгөөд Засгийн газраас бодлого гаргаж байгаа нь аялал жуулчлалын салбарт гэрэл гэгээ асаж байна. Гэхдээ дэндүү удааширалтай байгааг дуулгах нь зүйн хэрэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Аялал жуулчлалын зориулалттай зочид буудал ор хоногоо корона вирусээр халдварласан өвчитнүүдэд эмчиогээ хийхээр хөрвөж ажиллах юм бол 1 өвчтөнд зарцуулж байгаа 8 сая төгрөөөс ашиг олж болно. Гэвч шийдвэр гаргагчид нь коммунистууд гэдгийг бүү мартаарай.
Aylal juulchlaliin salbar ni hamgiin risktei salbaruudiin 1t yavdg..Salbariihn oiriin 2 jildee zogsolttoi bn bh..Ireeduid oloh ashig gej bodool covid.n daraah uedee beldsen ni deer bizdee