ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэгийг “Өглөөний зочин” буландаа урьж, монголчуудын хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа
-Та “Инновацийн долоо хоног 2021”-т тавьсан “Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал” илтгэлдээ монголчуудын 20 гаруй хувь нь өлсгөлөн буюу хангалттай шим тэжээлтэй хүнс хэрэглэхгүй байгааг дурдсан. Сэтгэл зовоом энэ үзүүлэлт хэр бодитой вэ?
-Аливаа асуудлыг хөндөж тавихад үндэслэл чухал. Манай нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас таван жил тутам гаргадаг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын V судалгаа”-наас харахад “монголчуудын 22.7 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан” гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг батлах нэг үзүүлэлт бол Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тогтмол гаргадаг “Өлсгөлөнгийн зураглалын 2020 оны тайлан”-д “Монголын хүн амын 21.3 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай” гэж дурдсан байгаа.
2019 онд хийсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлд дурдсанаар Монгол Улсад ядуурлын хамралтын түвшин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 хувиас буураагүй, хүн амын 1/3 ядуу байгаа нь ядуурал бодитой, улам бүр ужгирч байгааг харуулна. Дээрх баримтууд юуг илэрхийлж байна гэхээр монголчууд бид хүний эрүүл, энх тунх амьдрах үндсийн нэг болсон шим тэжээлтэй хоол, хүнсийг хангалттай хэрэглэж чадахгүй байна. Түүнд мэргэжилтэн, судлаачид бидний сэтгэл ихээхэн зовж байна.
-Бүлэглэж ангилбал аль насныхан илүү шим тэжээлийн дутагдалтай байна?
-Насны бүлгээр авч үзэхэд дуталд ороогүй нас гэж бараг байхгүй байгаа нь хамгийн ноцтой асуудал юм. Насны бүлгээр нь жишээлэн үзье л дээ. Нялх балчир хүүхдэд хамгийн чухал тэжээл бол эхийн сүү гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл судалгаагаар манай эхчүүд хүүхдээ хөхүүлэх нь багасаж байгаа нь харамсалтай. Арваадхан жилийн өмнө, 2012 оны судалгаагаар 0-5 сартай нийт хүүхдүүдийн 65.7 хувь эхийн сүүгээр хооллож байсан бол 2018 онд энэ дүн 50.2 хувь болтлоо буурчээ.
Өнөөдөр манай тав хүртэлх насны хүүхдийн дунд аминдэм, эрдэс бодисын дутал хамгийн өндөр тархалттай байгаа. Тэдний 27 хувь нь цус багадалттай, 21 хувь төмөр дуталтай, 70 хувь нь А, 90 хувь нь Д аминдэмийн дуталтай. Энэ баримт манай хүүхдүүд хоол, хүнснээсээ хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй байгааг харуулж байна. Ид өсөх насандаа хоол тэжээлийн дуталтай байна гэдэг нь тэр хүүхэд ирээдүйд суурь өвчтэй болох, сурах идэвхгүй байх өндөр магадлалтай, улмаар эрүүл чийрэг иргэн болж төлөвшиж чадахгүй. Гэтэл 6-11 насны хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.7 хувь нь таргалалттай, 2.8 хувь нь тураалтай гэсэн харьцангуй үзүүлэлтүүд гарсан. Энэ насныхны 99 хувь нь хүнсний хэрэглээндээ илчлэг өндөр, шим тэжээл багатай хүнс давамгай хэрэглэж байна. Үүнээс харахад бид хүүхдүүдээ зохистой хооллож огт чадахгүй, хэтрүүлэх, эсвэл дутагдалд оруулах хандлага ажиглагдаад байна. 15-24 насны эрэгтэйчүүд, 15-44 насны эмэгтэйчүүдийн чихэр амттан, чихэрлэг ундааны хэрэглээ бусад бүлгээс 2-3 дахин их, 45-аас дээш насны эрэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ хоёр дахин их байна. Илүүдэл, дутлыг аль алиныг нь нийтэд нь “шим тэжээлийн доройтол” гэдэг. Хүн амын хооллолтын тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалтгүйгээс шалтгаалан хоол хүнсний нэр төрөл цөөн байгаа бол амьдралын хүрэлцээгүй байдал, буруу хэвшил, дадлаас шалтгаалан нийтээрээ бичил тэжээл, аминдэм, эрдсийн дутагдалд өртөх буюу илүүдэлд ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүнсний хэрэглээнд илчлэгийн нягт өндөртэй, бичил шим тэжээл багатай хүнс давамгайлж, шимт бодисын тэнцвэр алдагдсан.
-Яаж хоолловол бид шим тэжээлээ хангалттай авч чадах вэ?
-Манай хүн амын бичил шим тэжээлийн хэрэгцээг хангаж байгаа гол нэрийн хүнсний 63 хувийг буудайн гурил дангаараа эзэлж байна. Мах, махан бүтээгдэхүүн 13 хувь, чихэр амттан хоёр хувь, цагаан идээ зургаан хувь, төмс хоёр хувь, өөх тос таван хувь, бусад хүнс есөн хувь эзэлдэг. Зөвлөмж хэмжээгээр хүн дундажаар хоногт 200 гр жимс, 260 гр хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Гэтэл бодит хэрэглээгээр нийт хүмүүсийн 28.9 хувь огт жимс, ногоо хэрэглэдэггүй, 38.4 хувь нь 80-160 гр, 15.9 хувь нь 240-320 гр, 16.6 хувь нь л 400 гр-аас дээш хэмжээтэй хэрэглэдэг дүн гарсан. Энэ нь халдварын бус өвчнөөр өвдөх анхдагч эрсдэлт хүчин зүйл болж байгаа.
2019 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар Монголын 20-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь илүүдэл жинтэй, 10 мянган эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин өвчинтэй 117.7 хүн, зүрх судасны өвчинтэй 1609, элэгний хатууралтай 78.8, цусны даралттай 853.8, хоол боловсруулах тогтолцооны өвчтэй 2199, амьсгалын тогтолцооны өвчтэй 2174, хорт хавдартай 11.1 хүн байна гэж гарсан. Тэгвэл 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь илүүдэл жинтэй байна. 10 000 эрэгтэйгээс 19.9 нь хорт хавдартай, 2022 нь амьсгалын тогтолцооны өвчтэй, 1481 нь хоол боловсруулах тогтолцооны, 1026 нь зүрх судасны өвчинтэй, 467.3 нь цусны даралттай, 104.6 нь чихрийн шижинтэй байгаа нь судалгаагаар тодорсон. Үнэхээр анхаарахгүй байхын аргагүй үзүүлэлт биш гэж үү.
-Сүүлийн жилүүдэд монголчууд илт мэдэгдэм таргалж байгаа. Илүүдэл жин юутай холбоотой үүсэж байна?
-Энэ бол цэвэр бидний амьдралын буруу хэв маягтай холбоотой. Бид хотжиж, нүүдлийн соёлоос суурин амьдралд шилжиж, техник технологийн үсрэнгүй хөгжлийн дүнд амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад хөдөлгөөний дутал, буруу хооллолт, хүнсний буруу хэрэглээ ихэсч байна. Монголчуудын хэрэглээний соёл, уламжлалыг харахад улирал харгалзахгүй өдөрт гурван удаа махан хоол иддэггүй, ямар улиралд ямар хүнс хэрэглэх нь дэг жаягтай байсан. Зуны дулаан цагт “гэдэс цайлгах” нэрийн дор биеэ цэвэрлэж, тухайн улиралд хамгийн олдоцтой хүнс, цагаан идээг иддэг байсан бол намартаа жимс, ногоо, айраг цагааг, өвөлдөө эрч дулааны агууламжтай мах, өөх, тослог хүнс хэрэглэж байсан. Гэтэл одоо бид жилийн дөрвөн улиралд мах идэж байна. Ядаж махаа зохимжит хэмжээгээр, ялангуяа үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, дайвар дотор махыг хаягдалгүйгээр хэрэглэвэл зохилтой байгаа юм. Бас өдөр тутмын хоол, хүнсний нэр төрлөө олшруулах, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэх хэрэгтэй байгаа.
-Хоол хүнснийхээ нэр төрлийг яавал олшруулах вэ?
-Эрүүл амьдралын үндэс нь тэнцвэртэй хоол, хүнс хэрэглэх. Хүнд бага балчраас нь ийм дадал зуршилд сургавал насан туршдаа үүнийгээ амьдралын мөрдлөг болгон хэвшүүлдэг. Энэ дадлыг олох анхдагч орчин гэр бүл юм. Эцэг, эх хооллох ямар соёлтой байна, тэр гэр бүлд өсөж байгаа хүүхэд тийм л заншилтай болж төлөвшинө. Энд онцолж хэлэхэд, хүүхдүүдийн чихрийн хэрэглээ томчуудаас шууд хамааралтай. Өнөөдөр монгол хүүхдүүдийн 45.9 хувь нь чихэрлэг хүнсийг долоо хоногт хэд хэдэн удаа, 97,8 хувь нь нэгээс олон удаа хэрэглэж байна. Сахар агуулсан ундааны хэрэглээг үзэхэд хүүхдүүдийн 80.9 хувь нь долоо хоногт хамгийн багадаа нэг удаа, 20.3 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа, 4.1 хувь нь өдөрт нэгээс олон удаа хэрэглэдэг. Энэ дүн хот сууринд 82.6 хувь, хөдөөд 76.3 хувь, Улаанбаатарт 85.8 хувь, бусад бүсэд 69.6-79.5 хувь байна.
-Бид чихрийн хэрэглээгээ яавал хязгаарлах вэ?
-Өрхийн хэрэглээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээг нэмэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн хүнс үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй хүнсэн дэх сахарын хэмжээг багасгах шаардлагатай. Хамгийн гол нь өрх бүхэн хооллолтын буруу хэвшлээ өөрчлөх хэрэгтэй.
-Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологийн шинэ шийдэл хайх шаардлагатай гэж та хэлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Түрүүн хэлсэнчлэн бидний гурилын хэрэглээ зохистой хэмжээнээс хэтэрсэн. Нийтээрээ талх, боов боорцог гээд гурил хэрэглэх дуртай ард түмэн болчихлоо. Тиймээс хэрэглээгээ зөв болгох үүднээс гурилан бүтээгдэхүүний орц найрлагыг анхаарах шаардлагатай. Ялангуяа үйлдвэрлэлд транс тос хэрэглэхгүй байх, сахар, давсны хэрэглээг бууруулах, бүхэл үрийн гурил, төрөл бүрийн үрт ургамлаар баяжуулсан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулж, зөв хэмжээгээр хэрэглэх нь чухал байна. Манай орны хувьд улаан буудайг хэрэгцээнээсээ дөрөв дахин илүү үйлдвэрлэдэг. Газар тариалангаа зохистой ашиглах, нөгөөтээгүүр хүнсэнд хэрэглэх будааны төрлийг нэмэгдүүлэхийн тулд буудайн тариалалтын сэлгээнд арвай, бог будаа, гурвалжин будаа гэх мэтийг тариалж, тариалалтаа зөв төлөвлөх шаардлага урган гарч байна. Хөрсний микро, макро бодисын агууламжийн судалгаанд үндэслээд үржил шимээ нэмэгдүүлэх, тариалалтын талбай ашиглалтын менежментийг хийх шаардлага урган гарч байна. Сүүлийн үед мах, сүү, үр тариа, хүнсний ногоогоо өөрсдөө бэлтгэж буй гэх боловч хүнсний хангамж импортоос хамааралтай хэвээр, хүмүүсийн үндсэн хэрэглээ гурил, мах, сүүнээс хэтрэхгүй, ногоо жимсний хэрэглээ голдуу улирлын чанартай байгаа. Тиймээс бид хот орчмын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хот тойрсон хүнсний ногооны хангамж, хэрэгцээг зөв төлөвлөж, зохион байгуулах хэрэгтэй байгаа юм.
-Бид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой юу?
-Монгол Улс нэг тэрбум орчим литр сүүний нөөцтэй гэж үздэг. Хүн амын тоогоо мал аж ахуйдаа харьцуулахад сүүний нөөц элбэг хангалттай юм шиг боловч бодит байдалтай нийцдэггүй. Бид хэрэгцээт сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 53 хувийг л дотоодоосоо хангах боломжтой. Зах зээлээ бүрэн хангаж, зохих хэмжээнд хүртэл сүү хэрэглэж чадахгүй байгаагийн шалтгаан бол сүү үйлдвэрлэл нэгд улирлын чанартай явагддаг, хоёрт өргөн уудам нутагтай, таруу байрлалтай учир сүү бэлтгэн нийлүүлэх, төв суурингийн хэрэглэгчдэд хүргэх өртөг өндөр, тээвэрлэлтийн зардал их. Гэхдээ орон нутагт зөв менежментийг хөгжүүлж, өөрсдийн хэрэгцээг хангах бага хүчин чадлын сүү боловсруулах үйлдвэрийг зохион байгуулах шаардлагатай. Сүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд төв суурин газрыг тойрсон сүүний аж ахуйг хөгжүүлэх, тэдгээрт чиглэсэн тэжээлийн аж ахуйг бодлогоор дэмжих нь зүйтэй гэж харж байна.
-Ердөө гуравхан сарын дараа “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль хэрэгжинэ. Мэргэжлийн хүний нүдээр харахад манай ЕБС-ууд сурагчдадаа үдийн хоол өгөхөд хэр бэлэн байгаа бол?
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шим тэжээлийг гол суурь болгон авч үзэж, шинжлэх хааны үндэслэлтэй зохион байгуулах ажил эхлэлийн шатанд явж байна. Бидний нэн даруй анхаарах зүйл бол хүний нөөц. Монгол Улс хүнсний аж үйлдвэрийн салбарын дээд мэргэжлийн инженер, технологичдыг дотооддоо бэлтгээд 50 жил болж байна. Энэ хугацаанд ШУТИС хүнсний 10 мэргэжлээр 4424 мэргэжилтэн бэлтгэсэн. 2009 оноос “хоол зүйч” мэргэжлээр сургалт явуулж, эмнэлгийн болон сургуулийн гэсэн хоёр чиглэлээр мэргэшүүлэх болсон. 200-гаад хоолзүйчийг бэлтгээд байна. Бэлтгэсэн хүний нөөц хангалтгүй тул сургуулийн эмч нарт хоолзүйчийн үүргийг хавсруулахаар яригдаж байгаа. Энэ жилийн хувьд хугацаа тулсан учир ийм шийдэл гаргаж болох ч цаашид мэргэжлийн хоолзүйч ажиллуулах шаардлагатай.
-Та илтгэлийнхээ төгсгөлд “Монгол Улсын хүнсний бие даасан байдал алдагдсан байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байна билээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байх вэ?
-Манай улс хүнсний хангамжаа дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр 47.4 хувь, импортын хүнсээр 52.6 хувь тус тус бүрдүүлж байна. Импортын хамаарал 50 хувиас дээш гарсан тохиолдолд “Хүнсний бие даасан байдал алдагдсан” гэж үздэг. 2018 оны статистикийн мэдээгээр нийт хүн амын 43.3 хувь нь хүнсний хүртээмж талаасаа хүнсийг хүртэх боломж тун тааруу, жигд бус байгаа. Хүнс нь нийгмийн давхарга, орлогын түвшнээс үл хамаараад иргэн бүрд тэгш, хүртээмжтэй байх ёстой. Монгол Улсын аль ч газар нутагт гол нэрийн тэжээллэг, эрүүл хүнс хүн бүр хэрэглэх боломжийг бүрдүүлэх учиртай. Түүний зэрэгцээ иргэдийг хүнсээ зөв сонгож, зохистой хэрэглэх боловсролтой болгох ажлыг нэн даруй зохион байгуулах шаардлага урган гарч байна. Харин ядуу, амьдралын боломжгүй гэр бүл, хүмүүсийг халамжийн бодлогоор хэрэгцээт хүнсээр хангах ёстой. Олон улсын хэмжээнд үнэлдэг хүнсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо” Монгол Улсын хувьд хангалтгүй байгаа. Энэхүү тогтолцоог бий болгохын тулд шинжлэх ухаанд суурилсан бодлого, зарим үйл ажиллагааг явуулах шаардлагатай юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүнсний салбарт бие даасан судалгааны байгууллага байхгүй болсон. Тэр орон зайг бага боловч нөхөж, манай сургуулийн судлаачид Монголын хүнсний аж үйлдвэрийн салбарт олон талт судалгааны ажлыг хийж ирлээ. Бид монголчуудын хоол, хүнсний өнөөгийн байдлыг бодитоор үнэлэх, бидэнд юу дутагдалтай байна, үүнээс гарах арга замыг хэрхэн яаж зохицуулах ёстой талаар дуу хоолойгоо өргөж ирсэн. Учир нь хүнсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх зөв бодлого нь эрүүл мэндийн зардлыг бууруулах, нийгмийг эрүүлжүүлэх гол үндэс болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Эцэг эхээс гадна наймаачин худалдаачид элдэв аргаар хүүхдийг хуурдаг. Тэднийг яагаад хэлэхгүй, эцэг эхийг буруутгаад байна вэ?\nХүүхэдүүдэд эцэг эхээ буруутгах үзэл суулгах гээд байна аа даа.
ми овогт зайл
ЗА МИЕЭГИЙН ХАЙРТЫГ ЯАГААД ДАХИАД ГАРГААД ИРЭВ
Мундаг эмэгтэй