Баярынх нь өдрөөр хүүхдүүдээ “хорьсон” ХОТЫН ӨНГӨ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 1-нд нартай ч гэсэн цаанаа нэг сэрүүхэн өдөр байлаа.

Энэ жил ер нь цар тахлаас үүдэн хүмүүсийн сэтгэл гундуу, цаг агаар тааруу ч байх шиг. Гэсэн хэдий ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэдэгээр Хүүхдийн баярын өдөр байсан нь сэтгэлийг өег болгож байсан цөөн зүйлийн байлаа. Ер нь хүүхэд л жаргалтайгаар инээж, нүдэнд нь оч гялалзаж л байвал ямар ч бэрхшээл, зовлон нимгэрээд ирдэг дээ. Тэгээд ч “Хүн бүрийн дотор хүүхэд оршин байдаг” билээ л.

Баярынхаа өдрөөр хотын бяцхан иргэд маань хэрхэн баярлаж, хөөрч байгаа талаар сурвалжилга бэлтгэхээр боллоо.

Даанч өнгө алагласан хүүхдүүдээр өвч чимэглэж, цовоо цолгиун инээдэнд нь хөхин баясдаг асан нийслэлийн маань гудамж, талбай эль хуль. Уг нь энэ л өдрөөр нийслэл хот маань төв замаа хааж, энд тэндгүй хөөрч догдолсон хүүхдүүд аав, ээжийнхээ гараас сугаран алдан, томчууд маань ч гэсэн хүүхдүүдийнхээ нэгэн адил баяр жаргалтай алхдагсан. Харамсалтай нь, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн Улаанбаатар хот маань хоёр жил дараалан хүүхдүүдээ баярлуулж чадсангүй. Ноднин дотооддоо халдвар алдаагүй байсан ч эрсдэлийг тооцон тийм шийдвэр гаргаж байсан бол энэ жил хотын дарга Д.Сумъяабазар Хүүхдийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрээ Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөмжид үндэслэсэн хэмээн тайлбарласан. Бага тойрууг бүтэн тойрч алхсаар "Ард" кино театрын буудлаас “Хүннү молл”-ын тоглоомын тасаг, тэшүүрийн талбай орохоор Нисэх чиглэлийн автобусанд суулаа. Бүх нийтийн амралтын өдөр болоод ч тэр үү нийтийн тээвэр хүн бага, сэлүүхэн. “Зорчигч та амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барина уу” хэмээн тогтмол зарлах нь талархууштай ч нэг бодлын сэтгэлд төвөгтэй аж. урд суудалд суусан эмээ ач, зээ нараа зорьж яваа бололтой утсаар ярьж, хаанаас бэлэг авахаа зөвлөнө. Зорьсон газраа хүрч очсон ч аав, ээжтэйгээ хөтлөлцсөн хүүхдүүд хаа нэг явахаас өөрөөр хөл хөдөлгөөн алга. Хаалга нь хаалттай тэшүүрийн талбайг дурамжхан хараад үлэг гүрвэлийн араг ясны дэргэд зургаа татуулж, хоржигнон урсах усан доторх хэдэн улаан загасыг хальт хараад хоолны газрын ширээг дуртай, дургүй чиглэнэ. Арга ч үгүй биз, бүтэн хоёр жил хамгийн үнэнчээр хөл хорионд байсан хэдэн хүүхдүүдээ эцэг, эхчүүд “Хүүхдийн баяраар л...” хэмээн аргалцгаасан байж таарна. Гэтэл хөл, сэтгэл нь хориогүй ч баяр нь хорионд.

Баярлан хөөрч буй хүүхдүүдтэй уулзах хүсэлдээ хөтлөгдөн тэндээсээ шууд Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн орлоо. Түүх сөхөхөд, 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг зохиож, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулж байжээ. Паркийг анх нээх үед 37 га талбайд 6000 мод буттай, 60 гаруй мянган метр квадрат зүлэгжсэн талбай, оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж байсныг уншаад түүхийн шаргал хуудасны хэд нь одоо бүтэн үлдээ бол гэж өөрийн эрхгүй бодогдож явлаа. Зам засварын ажлаас болоод паркын хаалгыг хойд талд нь гаргаж, “Түр хаалга” гэсэн бичиг хадсан юм билээ. Өнөөх түр хаалга нь ч хаалттай болохоор дунд, ахлах ангийн хүүхдүүд, үрсээ дагуулсан томчууд хаалганд нь тулаад буцаж байна.

Харин чихэнд чимэгтэй нэг мэдээ энэ өдөр дуулдсан нь Засгийн газрын хуралдаанаар газрыг нь зориулалтын бусаар ашигласан байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна лээ. Паркаас буцаад Сүхбаатарын талбай орвол олны хөл хөдөлгөөн харин их байлаа. Хүүхдийн баярыг тэмдэглэхээр болсон юм байх даа хэмээн гайхсаар очвол эл өдрийг тохиолдуулан “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардаж байгаа ээжээ, ханиа, дүүгээ, охиноо тосохоор цугларсан хүмүүс аж. Төлбөртэй унуулдаг дугуй, машин байхгүй учраас зарим хүүхдүүд нь өөрсдийн тэшүүр, дугуйтайгаа иржээ. Өөрсдийн гэсэн юмгүй ирснүүдийг нь сатааруулж байгаа ганц зүйл нь хөөсөн тоглоом аж. Харин одон авсан ээжүүд цаанаа л нэг сэтгэл тэнүүн, жаргалтай харагдах нь сайхан. Аавууд нялх, нярайгаа тэвэрч, арай томхоныг нь гараасаа хөтөлсөн нь эхнэрүүддээ өнөөдөр бүтэн үйлчлэхээр шийдсэнийг илтгэнэ. Ийм нэгэн ааваас сэтгэгдлийг нь асуувал “Манайх дөрвөн хүүхэдтэй, эхнэр маань өнөөдөр Ерөнхийлөгчөөс одонгоо гардаж авлаа. Их баяртай байна” гэсэн юм. Хүүхдийн баяр тэмдэглэхгүй байгаа талаар харин “Хуруу даран тоолж хүлээсэн хүүхдүүдэд маань хэцүү л байна. Гэхдээ төр засгийн шийдвэрийг дагахаас яахав” гэлээ. 

Ингэж явсаар өдөр тийшээ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Эрдэнэсийн арал” нэртэй бичил цэцэрлэгт ирээд хайж явсан “эрдэнэс”-ээ олох шиг боллоо. Тоглоомын талбай дээр тоглох хүүхдүүд олон байлаа. Тэдний дийлэнх нь эргэн тойрны байранд амьдардаг бөгөөд хөдөлгөөний дутагдал, хорионы стрессээ энд л тайлдаг бололтой. Нийслэлийн Тавьдугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг н.Анарын хувьд өнгөрсөн жил баярын бэлэг болгож дугуйт тэшүүр авсан бол энэ жил унадаг дугуй авчээ. Цоо шинэ дугуйтай болсондоо үнэхээр баяртай байгаа тэрээр найзтайгаа ярилцсаар жийж одлоо. Түүний араас харж суутал хүүхдээ салхилуулж суусан эмэгтэй “Хүүхдийн баярыг хорьж болж байж сонгуулиа явуулах гээд байгаад нь үнэхээр гомдмоор юм аа” гэхэд нь хэлэх үг олдсонгүй. Ээж хүнээс л гарах үг байлаа. Ард түмнээ бодож байгаа, өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр мэт харагдаж байгаа ч үнэхээр хаа сайгүй сонгуулийн сурталчилгааны уулзалт хийгээд үнсэлцэж, тэврэлдээд байгааг нь юугаар зөвтгөхсөн билээ дээ. Энэ л өдөр хичнээн олон хүүхэд гоё хувцасаа өмсчихөөд гэрийнхээ цонхон дээр уйтгарлаж, хэд нь чихэр ундаагаар сэтгэлээ хуурч суугаа бол. Байранд амьдардаг нэг нь ойролцоох тоглоомын талбайд найзуудтайгаа цагийн өнгөрөөж байхад гэр хорооллын эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэлийг юугаар аргацааж суугаа бол хэмээн эрхгүй бодогдоно. Ямар ч байсан хөл хорионд уйгагүй суусан хүүхдүүдийнхээ жилдээ ганц тохиодог баярынх нь өдрийг хорьсон хотын өнгө энэ хаврын тэнгэрээс ялгарах зүйлгүй мэт дүнсгэр байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top