БНХАУ “Нэг гэр бүл-хоёр хүүхэд” бодлогыг халж, хосуудад гурван хүүхэдтэй болох боломж олгохоор болсон билээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлаг болох Синьхуагийн мэдээлснээр энэ шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт болсон улс төрийн товчооны хурлаар зарласан байна.
Энэ жил явуулсан хүн амын тооллогоор Хятадын хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн бага хурдаар өссөн нь харагдсан билээ.
2015 онд БНХАУ-ын эрх баригчид сүүлийн хагас зуун жилийн турш баримталсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, хоёр хүүхэд болгож өөрчилсөн. Гэвч төрөлтийн түвшин хүлээлтэд хүрч чадаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэх чавдартай хүн амын тоо буурсаар байгаа аж. Гэхдээ “Нэг гэр бүл-гурван хүүхэд” бодлого хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Хятадын хүн ам хурдацтай хөгширч байгаа бөгөөд Дэлхийн банкны урьдчилсан таамгаар 2050 он гэхэд тус улсын хүн амзүйн байдал ноцтой байдалд орж, залууст нь асуудал үүсч эхлэхээр байгаа юм. Б
НХАУ-д 2020 онд ердөө 12 сая хүүхэд мэндэлсэн нь 1961 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. Үүний зэрэгцээ тус улс 2025 он гэхэд 60 болон түүнээс дээш насны 300 сая гаруй хүнтэй болох төлөвтэй байгаа нь БНХАУ-ын эрх баригчдын санааг хамгийн их зовоож байна. Гэвч “Нэг гэр бүл- гурван хүүхэд” бодлого амжилттай хэрэгжих магадлал бага байгааг ажиглагчид онцолжээ. Учир нь, дээд боловсролын төлбөр өндөр, хүүхэд харах үйлчилгээний хүрэлцээ болон төлбөр тэргүүтэй системийн асуудлаас болж өнөө үеийн залуус хүүхэдтэй болоход төдийлөн ач холбогдол өгөхөө болиод байгаа юм.
Синьхуа агентлагийн Бээжин гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тухай мэдээллийн доор сэтгэгдэл бичсэн залуусын олонх нь буюу 200 мянга орчим нь жирэмсэн эмэгтэйчүүдэд халамж үзүүлж, ажлын байран дээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ. “Credit Suisse” банкны шинжээчдийн хийсэн тооцоогоор, БНХАУ-д нэг хүүхдийг 18 нас хүртэл өсгөх нийт зардал дунджаар 500 орчим мянга, жилийн 28 мянган юаньтай тэнцэж байжээ. Гэхдээ энэхүү хэмжээ жил тутам 10 хувиар өсөх хүлээлттэй байгаа юм. Үүнээс гадна, БНХАУ-д эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 64 хувь байдаг. Тиймээс 30-40 насны эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас илүүтэй ажилдаа амжилт гаргахыг илүүд үздэг байна. “Нэг айл- нэг хүүхэд” бодлогыг халсан эхний жил албаныхан хүн амын тоо өмнөх оныхоос дор хаяж таван саяар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан ч ердөө 1.3 саяар нэмэгдэж 179 сая шинэ иргэн мэндэлж байв. “Нэг айл- нэг хүүхэд” бодлогыг цуцалсны дараа буюу 2017 он гэхэд төрөлт 20 саяд хүрнэ гэж таамагласан ч 17.2 болж буурсан байна. Энэ тоо энэ онд улам буурах хандлага ажиглагдаж байгаа юм.
Түүнчлэн эрдэмтэн, судлаачид ч олон хүүхэдтэй болж, хүн ам, ажиллах хүчийг нэмэгдүүлэх бодлогыг сайжруулах олон санал гаргажээ. Эндээс олны анхаарлыг хамгийн их татсан нь БНХАУ-ын төв хэвлэл болох Синьхуа агентлагт нийтлэгдсэн хүүхэдгүй болон нэг хүүхэдтэй иргэдээс татвар авах тухай нийтлэл байсан юм. Нанжиний их сургуулийн эдийн засгийн ухааны профессорууд болох Лю Жибао, тус улсын Жан Ие нарын бичсэн нийтлэлд өгүүлснээр “40-өөс доош настай, хүүхэдгүй, эсвэл нэг хүүхэдтэй иргэдээс жил бүр татвар авч, энэ хуримтлалаар олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх тухай тайлбарласан байна. Нийтлэл гарсан даруй Хятадын хамгийн том нийгмийн сүлжээ “We Chat”, “Weibo” –д шуугиан тарьж иргэд “Өмнө нь хүүхэдтэй боллоо гэж мөнгө авдаг байсан. Одоо хүүхэдтэй болсонгүй гэж мөнгө авах гэлээ” хэмээн эсэргүүцэж байна. Хэдийгээр Засгийн газар бодлогоо өөрчилж, хууль баталсан ч иргэдийн сэтгэл зүйг өөрчлөх амаргүй даваа байх болно гэдгийг хүн ам зүйн судлаачид онцолж байгаа юм. БНХАУ-ын иргэд шинэ бодлогыг шууд хэрэгжүүлэх, хүлээн авах бодолгүй байгаа нь сүүлийн хоёр жилийн төрөлтийн хувиас харагдаж байна. Ердөө арван жилийн өмнө хятад бүсгүйчүүд хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээсэн л бол албадан үр хөндөлт, торгууль, хүчирхийлэлд өртдөг байсан билээ. Түүнчлэн Хятадын зарим хувийн өмчит мэдээллийн хэрэгслүүдэд хүн ам өсгөх бодлого нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, үл тоомсорлож, хавчиж, хүчирхийлж буй тухай нийтлэл гаргаж эхэлснээр олон нийтийн дунд Засгийн газрын бодлогыг шүүмжлэх, эсэргүүцлээ нийгмийн сүлжээ ашиглан чөлөөтэй илэрхийлэх хандлага нэмэгджээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
ha ha ha yandaa odoo baahan ineelee
Алдарт эхийн 1,2 р одон байхгүй болохоор тэгэж байгаа юмаа. Худлаа гэвэл Багабандиас асуу.
Хаха эд нар нээрээ