ХОВД: Ажиглах байранд байсан хүүхдүүдээс ХАЛДВАР илэрлээ

2021 оны 06 сарын 02

-Тусгаарлан ажиглах байранд байсан хоёр хүүхдээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ-
 
Зургаадугаар сарын 01-ний 08:00 цагаас зургаадугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод PCR шинжилгээ хийлээ.
 
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 75 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 81 сорьцод PCR шинжилгээ тус тус хийхэд халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж, нийт тохиолдол 271 боллоо. Үүний 248 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
 
Тодруулбал, Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан хоёр хүүхдээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
 
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.02/ байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр нэг өвчтөн байгаа бол бусдйнх нь биеийн байдал хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн хоёр хүүхдийг өнөөдөр /2021.06.02/ "Тусгаарлах эмнэлэг" рүү тээвэрлэхээр болжээ. 
 
Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад 8, гэрийн ажиглалтад 466 иргэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top