ЗТХЯ: Зам цуурсан асуудлыг судлах АЖЛЫН ХЭСЭГ байгуулагдсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Хөшигийн хөндийн хурдны зам цуурчээ. Хэдхэн хоногийн дараа шинэ нисэх буудлыг хүлээж авах хугацаа болж байдаг. Гэтэл дээгүүр нь машины хөдөлгөөн нээгдээгүй байгаа шинэ зам ийм байдалд хүрсэнд олон нийт эгдүүцэж байна. 

Нийтдээ 140,3 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 400 орчим тэрбум төгрөгийн зээлийг БНХАУ-аас авч, энэ чиглэлийн хурдны замыг тавьсан билээ. 

Өнгөрсөн 2019 оны долоодугаар сарын 5-нд ашиглалтад орж байсан уг замаар өнгөрсөн хоёр жилийн турш автомашин зорчоогүй гэхэд болно. Гэвч авто зам цуурч, 10 см орчим зааг гарсан шалтгааныг тодруулахаар албаныхантай холбогдлоо.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Яамнаас нэгдсэн мэдээлэл өгнө. Манай хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоорой” гэсэн товч хариулт хэлээд, утсаа таслав.

Харин тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Галбадрах “Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Загдраднаа, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд болон зөвлөх, гүйцэтгэгч нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Авто зам юунаас болж цуурсан талаарх шалтгаан нөхцөлийг тодруулаад, гүйцэтгэгч компаниар дахин засварлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Эргэн сануулахад, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замтай болсон юм. 

Хурдны зам тавих гэрээг БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.Туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ард капитал” ХХК ажилласан байна. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар болжээ.

32.2 км үргэлжлэх хурдны авто зам нь асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй. Нийт зургаан гүүр, 20 нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой, автобусны зогсоолгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Дөнгөж сая авсан мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэн асуудлаар 16.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyun(124.158.80.155) 2021 оны 06 сарын 04

Gazar hodloltoos bolson ym bolov uu. hedder orgoro. urtragt hamaarah. hichneen hemjeetii urt hagaral uus ym bloo. Chanartai ni l holbootoi bhdaa. Tanai dara orgonoos ni manai darga zuzaanaas ni hasdag gesen onigoo baidag sanagdlaa

0  |  0
Top