Хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэг үгийг Монголчууд бид дэмий нэг хэлж, ярьдаг юм биш. Байгаль, экологийн зүй зохист тэнцвэрт байдлыг хадгалахын төлөөх аливаа тэмцэл Монгол орны нутаг дэвсгэрт үеийн үед монгол хүмүүс тайван, амгалан амьдрах ёстойг тод сануулсан үйл хэрэг байдгийг “Экологийн цаг” нийтлэл, нэвтрүүлгийн баг өмнөх олон цувралуудаараа хөндөж байсныг эхэнд сануулъя.
Түүнчлэн энэ удаагийн бичвэрээрээ Монголчууд бидэнтэй хүйн холбоотой, түүхийн хосгүй үнэт дурсгалт газар нутаг болох Ноён Уулыг харийнхны савраас буцаан авч, ирээдүй хойчдоо үлдээсэн У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газрын түүхэн шийдвэрийн талаар тодотгон хүргэх гэж байна.
Ноён уул яагаад хосгүй юм бэ. Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн улбаа Хүннүгийн түүх соёлын тод ул мөрийг хадгалан авч үлдсэн, 10 гаруй метрийн гүнд мөнх цэвдэгт онголсон өвөг дээдсийн 500 гаруй булш, бунхнаас бүрдсэн бөгөөд дэлхийд “Ноён уулын булш” хэмээн нэрийдэгдэж 20-р зууны шинжлэх ухааны томоохон нээлтэд зүй ёсоор тооцогджээ.
Гэвч сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол Улсын нутаг дахь соёлын өв дурсгал, онгон дагшин байгаль мөнгөний өмнө хүчин мөхөсдөх болсны нэг тод жишээ нь Ноён Уулыг тойрсон асуудал юм.
Одоогоос 29 жилийн өмнө 1992 онд сонгогдсон Ерөнхийлөгч П.Очирбатаас эхтэй “Алт” хөтөлбөрийн балгаар, анх Ноён Уул алтанд шунасан этгээдүүдийн бай болсон бараан түүхтэй. Ноён Уул орчмын Бороогийн ордыг эзэмшигч Гацуурт компани Дэлхийд хосгүй өв агуулсан Ноён Уулыг зоосны нүхээр харж өөрийн лицензээ Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компанийн охин компани болох “Сентеррагоулд Монголия” ХХК-д арилжаалжээ. Энэ цагаас Ноён Уул дахь өвөг дээдсийн булш харийнхны доромжлолд өндөлзөж эхэлсэн юм. Тэд Гацууртын голыг дундуур нь ухаж голдирлыг өөрчлөн, байгалийн тэнцэлд ноцтой хор хохирол учруулж байлаа.
Бахархал болсон их түүх, өвөг дээдсийнхээ булш бунхныг уул уурхайн техникт өлгөөтэй байхыг харахыг ард иргэд тэвчихгүй гэдгээ эхнээсээ л илэрхийлж байв.
Улмаар Монгол Улсынхаа хууль шүүхийн байгууллагад хандаж, Ноён Уултай холбоотой 58 удаагийн шүүх хурал болж, 36 мянган иргэний оролцоотой шат дараалсан тэмцлүүд, өнгөрсөн олон жилүүдэд өрнөж байсныг Монголчууд мартаагүй.
Монгол Улсын төр “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг сануулж 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газраас Ноён Уулыг дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.
Улмаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ноён Уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр хэлэлцэн, баталсан юм.
Засгийн газраас 2019 оны есдүгээр сард гаргасан тогтоол түүхэнд зүй ёсоор бичигдэн үлдэх ёстой шийдвэрүүдийн нэг байсан гэдгийг тодотгох нь зүйтэй.
Мөн нөгөө талд “Урвагч ноёд улсаа худалддаг”-ийн жишээг байнга сануулж байх учиртай. Тухайн үед Ноён Уулыг харийнханд ухуулахыг сум орон нутгийн удирдлагууд зөвшөөрч байсанд Засгийн газрын тэргүүн ихэд шүүмжлэлтэй хандаж байсныг сануулъя.
Ард иргэд нь өвгөд дээдсийнхээ өлгий болсон ганц уулыг ухуулахгүй ээ гээд зүтгэж байхад сум багийн удирдлагууд нь иргэдийнхээ талд биш компанийн талд байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу шүүмжилж байсан юм. Өвгөд дээдсийн онгон дагшин, захиастай уул усыг ухуулахгүй гэдгээ мөн тэрбээр аймгийн ноёдод сануулан хэлж байлаа.
Нэмж хэлэхэд, “Сентерра Гоулд” ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж “Бороо Гоулд” ХХК-ийн ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан байдаг. Үүний улмаас Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алдсан гэх мэдээлэл бий.
Нийгмийн асуудал бүрт соргогоор хандаж, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтарч гарц, шийдэл эрэлхийлсэн Монгол Улсын Засгийн газраас Ноён Уулыг дархан цаазат газар болгож, хамгаалалтад авах тогтоол, шийдвэрийг гаргаснаар Монголын түүхээр наймаалцсан харийнхны үйл ажиллагааг таслан зогсоож чадсан юм.
У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газар олон жилийн туршид аврал эрсэн Тост, Тосон Бумбын нуруу, Ноён уулаа хамгаалан авч үлдсэнийхээ араас хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эзэмшилд байсан хууль зөрчсөн 1000 орчим лицензийг цуцалсан байдаг.
Зөвхөн Монгол бус дэлхийн түүхэнд хосгүй үнэтэй олдворуудыг 2200 жилийн туршид үүцлэн хадгалж, түүхийг өртөөлөн төдийгөөс өдийг хүрсэн тахилгат их шүтээн болох Ноён Уулаа Монгол түмэн эртнээс шүтсээр, сүрдсээр ирсэн билээ.
Монгол Улсын Засгийн газрын түүхэнд үлдэх онцлох шийдвэрүүдийн нэгийг "Экологийн цаг" эрхэм уншигч танд нэхэн санууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Тосон бумбыг ухах гээд зүтгүүлээд улайраад байсанУвсын Чойжилсүрэнг олны өмнө улайтал шүүмжилснээр Хүрэлсүхэд итгэх хүн эрс олширсон юм.Одоо хонголын шүүгч нарыг чирч гарган хонгилоо цэвэрлэх том ажил байгааг бид хүлээж байна.
Тосон бумбыг ухах гээд зүтгүүлээд улайраад байсанУвсын Чойжилсүрэнг олны өмнө улайтал шүүмжилснээр Хүрэлсүхэд итгэх хүн эрс олширсон юм.Одоо хонголын шүүгч нарыг чирч гарган хонгилоо цэвэрлэх том ажил байгааг бид хүлээж байна.
Уул уурхай гэгч арангыг цэгцлэх үнэхээр зоригтой бөгөөд ухаалаг шийдвэр мөнөөс мөн. Цаашид үүнийг үргэлжлүүлэх нь амин чухал байна шүү монголчуудаа.