Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг цэгцлэхгүй бол нэг төрлийн “Санхүүгийн шорон” болж хувирсан. Иргэний эдийн засгийн эрх чөлөөнөөс хальж компани байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хаадаг учраас үүнийг “шорон” үзэхээс өөр аргагүй.
Татварын орлогыг бууруулж, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг зүйл боллоо. Уг нь улс орнуудын Төв банкууд эдийн засгийн өсөлтөө дэмждэг болохоос ингэж шоронд таг хорьдоггүй. Анхандаа банк, санхүүгийн байгууллагуудын хүрээнд харилцагчдынхаа зээлийн мэдээллийг нэгтгэдэг байсан энэ систем сүүлдээ гар утас, кабелийн телевиз, гэрийн интернэтийн төлбөрийг хүртэл хянадаг болсон.
Нийгэмд гэлтгүй төрд нөлөөтэй байсан үүрэн телефоны оператор компаниуд удаан хугацааны лобби хийсний эцэст 2018 онд өөрсдийн хэрэглэгчдээ Төв банкны мэдээллийн сангийн хяналтад хийгээд авсан. Хэрэглэгчид төлбөр төлж, үйлчилгээ авч байгаа болохоос хэн нэгнээс мөнгө зээлээгүй гэдгээ мэддэг. Гэвч хэзээнээс л төрийн хяналтын байгууллагын шийдвэр иргэдийн хүсэл сонирхлоос дээгүүр тавигдаж ирсний жишгээр үүрэн холбооны хэрэглэгчид өнөө хэр нь дарамтлуулсаар байгаа. Дээр нь технологийн дэвшлийн нөлөөгөөр үүссэн банк бус санхүүгийн байгууллагууд олон мянган “хар данс”-тан “хар жагсаалт”-ыг зузаатгах болсон. Мөдхөн иргэдийн тог, ус, цахилгааны хэрэглээг Төв банкны зээлийн мэдээллийн сан хянахаар яригдаж эхэлсэн. Удахгүй хэрэгжээд эхлэх байх. Ийм байдлаар Монгол Улсын Төв банк “Санхүүгийн шорон” мэт зүйлийг бий болгочихоод байгаа.
Албан мэдээллээр 2021 оны гуравдугаар сарын байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд 32 их наяд төгрөгийн 2.1 сая зээл, төлбөрийн мэдээлэл цуглараад байгаа аж. Үүний 10 гаруй хувийг чанаргүй зээл эзэлж байна. Бүр тодруулбал, өнөөдөр зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөлд байгаа гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлчихэж. “Хар жагсаалт”-ад мөн тооны хэрэглэгч багтсан гэсэн үг. Тэгвэл тэднийг ямар шалгуураар “санхүүгийн шорон”-д хийчихсэн гэдгийг авч үзье. Санхүүгийн доройтолд орсон хэсэгт хүчтэй үйлчилж буй хууль, журмаараа зээл, төлбөр 90 хүртэл хоног хэтэрвэл “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоногийг хэвийн бус, 181-360 хоногтойг эргэлзээтэй, 361-ээс дээш хоногтой бол “муу” гэж үздэг. Эдгээр шалгуураар зээл олгосон байгууллага өөрсдөө хар жагсаалтаа хөтөлдөг. Хэрвээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд “хар жагсаалт”-ад орж, “хар данс”-тай болсон нь л бол зургаан жил зээл авахгүй эрхгүйгээр “санхүүгийн шорон”-д хоригддог журамтай. Ингэхдээ авсан зээлээ төлж барагдуулсан өдрөөс эхлэн зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн “хар жагсаалт”-аас хасдаг. Өнөөдрийн байдлаар арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үүрэн телефоны оператор зэрэг 700 орчим байгууллага “хар жагсаалт” хөтөлж байгаа. Үүнд, нэг ноцтой зүйл байгаа нь тэд өөрсдийнхөө үзэмжээр “хар жагсаалт”-аа буюу мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хариуцдаг. Энэ нь зээлдэгч талд маш том давамгай байдал үүсгэдэг бөгөөд төр нь зээлдэгч талыг буланд шахаад өгчихөж байгаа юм. Гэтэл зээлийн гэрээ зээлдэгчийн эрх бүрэн нийцдэг эсэх өөрөө эргэлзээтэй.
Мэдээж, “шорон”-д орчихсон иргэд, аж ахуйн нэгжүүд байнга энэ асуудлыг хөндөж таарна. Иргэд санхүүгийн эрх чөлөөгөө нэхэж, компаниуд ижил өрсөлдөөн хүсэх нь ойлгомжтой. Тиймээс Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэх албан нэршилтэй муу тогтолцоог өөрчлөх тухай яриа үе үе цухалзсаар өнөөдрийг хүрлээ. Цар тахлаас үүдэл эдийн засгийн хүндрэл цэгцлэх санаачилгыг эрчимжүүлсэн. Тэгвэл яг өнөөдөр “хар жагсаалт” гэж яригдаад байгаа энэ “шорон”-гоос иргэд, аж ахуйн нэгжүүдийг өршөөж суллах асуудал сөхөгдөөд байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдийн “хар данс”-нд нэг удаагийн өршөөл үзүүлэх асуудал яригдсан. Үүнийг Монголбанкнаас дэлхийг хамарсан КОВИД-19 цар тахалтай холбоотой нийтэд үзүүлж буй дэмжлэг хэмээн тайлбарлажээ. Гэвч Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүссэн зээл, төлбөрөө энэ сард багтаан бүрэн төлсөн байх шаардлага тавьж байна. Уг нь цар тахлын үед зээлээ төлөх чадваргүй болсон иргэн, аж ахуйн нэгж өөрсдөдөө дахин боломж гаргахын тулд төрөөс өршөөл эрж байгаа гэсэн ойлгосон нь буруу байж. Ийм дэмжлэг ирэх 20 гаруй хоногт багтаан бүх зээлээ тэглэх чадвартай хэсэгт хүрэх бөгөөд цар тахлын дэмжлэг гэж үзэх нь маш өрөөсгөл хэрэг. Үүгээр дамжуулан цар тахлын эдийн засаг дахь дарамтыг бууруулна гэвэл бүр андуурсан явдал болно. Нөгөө талаар зарим иргэн эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж, цөөн тооны аж ахуйн нэгж сэхэл авч болох юм. Харин бүх нийтээрээ биш. Иргэн, аж ахуйн нэгжүүдээ бүхэл бүтэн зургаан жил хэлмэгдүүлдэг тогтолцоо арилсан цагт л цар тахлын дараах эдийн засгийн өсөлт яригдаж таарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Mongol bank dollariin hanshiig hucheer barij ene ni mash buruu
Ter zeeliig ni avahaa baichahaajee albatai um shig avchaad suuld ni gonginood baih um chaavaas..
Ард түмэн гээд байгаа 200-300 мянган наймаачид чинь жинхэнэ ард ард түмнээ шулж луйвардаж л 30 гаруй жил боллоо. Тэгээд банкуудыг луйвардуулахгүй байна гээд давшлаад эхэлжээ. Дургүй хүрч байна.
Хар жагсаалт гэдэг арай хэт туйлширсан жухам. Цаүингийн зээл аваад төлөөд дууссан хүн, тухайн аж ахуйн нэгж байгууллагынхаа доголдлоос болоод зээлээ хэд хоног алдаж төлсөн байхад дахин зээл авах боломжгүй болдог,,,,,үнэн хатуу
Д.Мягмардорж оо, зүгээр л газраа сум сумаар нь хуваагаад идвэл дээр байсан юм тийм ээ, үүнийг \nзах зээлийн нэг хар гар зохицуулдаг юм /баабар сайн мэднэ/, зохицуулах гээд толгойгоо эргүүлээд, бас болоогүй баяжсан ч хөрөнгийн ахин хувиарилалтаар юм олноо тийм ээ, гар хөл.....
Монгол шиг дампуурсан улс энэ дэлхийд байна уу. Дандаа ард түмнийхээ эсрэг, хохироосон шийдвэр гаргаж байдаг
Монгол шиг ард түмнээ хүүгээр ил цагаан шулж байдаг бусармаг тогтолцоотой улс дэлхийд өөр байдаг уу.Монголчууд бид юмыг ухаарах хэрэгтэй.Баячууд дарга нарынхаа орлогыг ядарсан ард түмнээ шулж бүрдүүлж байдаг.Иргэддээ идэж уусныхаа үлдэгдлээс өвдөл цөвдөл төдийхнийг шидэж өгөөд аргалж байр сууриа бэхжүүлж улам ихээр дахин дахин шулдаг эрх мэдэлтнүүдтэй тал засаж долигонох бус хууль ярьж тэмцдэг болох хэрэгтэй.