ТОЙМ: Зуун жилийн ЭСРЭГЦЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Ардын хувьсгалын 100 жилийн тухай л яриад байна гэж уншигч та бодож мэднэ. Гэхдээ үгүй юм. Бүтээгч үйлдвэрлэл багатай Монгол Улсын ачааны хүндийг үүрдэг уул уурхайн салбар ирэх жил 100 жилтэйгээ золгоно. Чухамдаа энэ л салбар экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, ДНБ-ний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэвч бодлого тойрсон маргаан, мега төслүүдийн маргааш, цааш тэмүүлэх бодлого зэрэг нь өнөө цагтайгаа эсрэгцсээр 100 жилтэйгээ золгох гэж байна.

Салбарын эсрэгцэл

Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн уул уурхайн салбар экспортын бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг эзэлж буй. Ердөө энэ л тооноос уншигч та Монгол гэдэг чинь уул уурхай дээрээ тогтдог юм байна гэдгийг ойлгосон байх. Үүнийг батлах ганц тоо байгаа нь 10.4 их наяд төгрөг. Цар тахлын сүүдэр нөмөрсөн бэрх цагт уул уурхайн салбар 10.4 их наяд төгрөгийг нэгдсэн төсөвт бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт. Энэ бол гайхаад байхаар үзүүлэлт биш. Ардчилсан нийгэмд алхан орсон сүүлийн 30 жилийн 20-д нь уул уурхайн салбар ачааны хүндийг үүрсээр ирсэн. Ялангуяа цар тахлын сүүдэртэй цагийн бэрхийг нуруундаа үүрдгээрээ үүрчээ.

Уул уурхай гэлтгүй эрдэс баялгийн салбар зөвхөн улсын төсөвт жин дарахаас гадна бусад салбарт ч шууд утгаараа нөлөөлж байдаг. Арай мэргэжлийн хэлээр хэлбэл үржүүлэх нөлөө нь энэ юм. Монгол Улсын экспортын 90 илүү хувийг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, гол орлогыг нугалж байгаа ч олон нийт үүнийг зөвхөн өнгөцхөн утгаар нь харсаар өнөөг хүрчээ. Уул уурхайн салбар экспортын голыг нугалдаг юм байж. Ачааны хүндийг үүрдэг юм байж. Хоёр тэрбумаар нь улсын төсөвт төвлөрүүлдэг юм байж. Харин үүний эсрэгцэл нь захиран зарцуулалт юм. Захиран зарцуулах эрх нь бодлого боловсруулагчдад бий. Өнгөрсөн жилүүдэд бодлого боловсруулагчид уул уурхайн салбарыг зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэгч гэж харсаар ирсэн. Үйлдвэрлэлийн үр ашигтай салбар гэж харахгүйгээр зөвхөн нэг талаас нь харсаар өнөөг хүрчээ. Монгол бол уул уурхай дагасан мөчлөгийн эдийн засагтай, үүнийгээ тойрсон улс төртэй гэдэг нь уул уурхайн салбарт баримталж ирсэн бодлогын баримт бичгээс тодорхой харагдана.

Бодлогын эсрэгцэл

Уул уурхайн салбар тэлсээр Монголын эдийн засаг болохынхоо хэрээр үе, үе солигддог улс төрийн “салхи” зүг бүр эргүүлсээр байсан нь нотлох албагүй үнэн. Ердөө ганцхан жишээ татъя. Монголчууд баялагтай гэдэг нь дэлхийн чихэнд сонсогдож, “minegolia” гэж өхөөрдүүлж байсан 2007 он. Өхөөрдүүлсэн Монгол Улсыг зөв бодлогоор залж чадвал Сингапур, Японы ирээдүй ойрхон байна гэж улстөрчид нь маадайж байсан цаг. Маадайсан улстөрчид гэтэл ямар шийдвэр гаргасан гээч. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авахаар болов. Ах нар гэж авгайлдаг ОХУ-д мөрдөгдсөн ухвар мөчид татварыг “Бортуун” гишүүн хуулаад “гэнэтийн ашиг” гэх “гэмгүй” нэр оноогоод энэ хууль батлагдсан.  Гэтэл баялаг ихтэй гэж байсан Монгол Улсад алт тушаалт огцом унаж, уул уурхайн компаниуд хаалгаа барих дээрээ тулав. Хувь заяаны шоглоомоор яг энэ үед одоо хүртэл маргаашаа шийдээгүй байгаа “Оюу Толгой” гэх төсөл яг энэ татвараас болоод саатаж байлаа. Улмаар алт олборлогчид цаашлаад, эрдэс баялгийн бусад компаниуд татвар төлөхөөс зайлсхийх болсон юм. Гэнэтийн ашгийн татвар нэр шигээ монголын эдийн засагт гэнэтийн шок болох зам дээрээ гарсан нь энэ. Гадна дотнын элдэв зөвлөгөөгөөр энэ шок үүсгэхээсээ өмнө 2011 онд хүчингүй болсон билээ. Алдсан хугацааны боломжийг тооцвол энэ хууль уул уурхайн салбарын хамгийн муу түүх юм.

Алдсан тооцооллоосоо яг дөрвөн жилийн дараа буюу 2014 онд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлагдсан байдаг. УИХ-ын 18 дугаар тогтоолоор дөрвөн зүйл бүхий энэ бодлогод тунхгийн шинж чанартай олон заалт бий. Гэхдээ үүнээс аль нь ч хэрэгжсэн юмгүй зөвхөн цаасан дээр л үлдсэн. Бодлогын баримт бичиг 2014-2025 онд хэрэгжих хугацаатай. Геологийн судалгаа, лиценз олголт зэргийг шилэн тунгалаг болгож, нээлттэй өрсөлдөөний тогтолцоог бий болгон, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулна гэсэн үг одоо бодлого санаачилсан улстөрчдийн цээжинд ч байхгүй байх. Дээр өгүүлснийг үгээр базъя гэвэл ердөө сахилга хариуцлага. Өнгөрсөн жилүүдэд бид зөвхөн ухахаа урьтал болгодог байснаас бус хариуцлага гэдэг үгээ ор тас мартаж орхижээ. Мега нь байна уу, микро нь байна уу том, жижиг уурхай ялгалгүй хариуцлагатай л байвал эдийн засаг цаашлаад экологийн тэнцвэрт байдалд ч нөлөөлдөг аж.

Мега төслийн эсрэгцэл

Монголын эдийн засгийн гол нурууг уул уурхай бүрдүүлдэг шиг уул уурхайн салбарт нэг том төсөл байгаа нь “Оюу Толгой”. Мега нэртэй төслийн асуудлууд нь ч бас мега гэдгийг бид харлаа. Эхлээд үр ашгаа өгнө гэж байгуулаад, ашиглалтад бүрэн орохоосоо өмнө эдийн засгийн нэг гол хөдөлгөгч хүч болов. Гэтэл “Рио Тинто” толгой компани түүнтэй ойлголцож ажиллаагүй манай Засгийн газар асуудлыг нэг мөр шийдэлгүй өнөөтэй золгожээ. Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад ормогц дэлхийд эхний тавд орно гэж байсан амбицтай мөрөөдөл хэрэгжих хүртэл түүхийн урт хугацааг туулах бололтой. Энэ хооронд юу болсныг уншигч та санаж байгаа байх. Дубай хотод үзэглэсэн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг батлах Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчсөн гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сард гаргав. Түүнчлэн “Оюу Толгой” компани далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа сунаж, зардал нэмэгдсэн гэдгийг зарласнаас хойш хувьцаа эзэмшигчдийн маргаанаас огт салаагүй. Энэ нь явж, явж “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн дургүйг хүргэж Нью-Йоркын шүүх дээр очтолоо өндрөө авсан. Гэхдээ хөрөнгө оруулагч талууд харилцан тохиролцох гэж байгаа тухай “Блумберг” болон бусад агентлагууд мэдээлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч, “Туркойз Хилл Ресурс” ч хоорондоо муудалцан Канадын арбитр дээр очингоо алдсан. Гэвч энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр “Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдэлд хоёр компани арбитрын маргаанаа хэрэгсэхгүй болгож байгаагаа зарласан юм. Уг мэдэгдэлд “...Мөн Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрынмаргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно” гэж дурдсан байв.

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө, нэг ёсондоо хөрөнгө оруулагчид толхилцооноо тохирчихоод байхад Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төсөл дээр Монголын эрх ашгийг хангуулах талаар Лондоны арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэхдээ “Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч “Rio Tinto Holdings Limited” нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг арилгуулах. Хоёрдугаарт, “Оюу Толгой ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч нь “Оюу Толгой” төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг барагдуулах гэсэн үндэслэлээр арбитрын нэхэмжлэл гаргасан” гэж байсан юм. Дээрх үндэслэлийг харахаар Арбитрын шүүхийн маргаан наанадаж гурван жилээр, цаашлаад түүнээс ч олон жилээр үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Олон жил энэ асуудал сунжирвал “Оюу Толгой” төсөлд ч, нэхэмжлэл гаргасан Засгийн газарт ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй байх нь тодорхой. Магадгүй ажлын хэсгийн гишүүд нь тэмцэгчдийн дүрээр улс төрийн оноо авсан өнгөрсөн жилүүдийн тавилан давтагдах өнгө аястай болоод байна.

Төгсгөлийн оронд

Эсрэгцсээр буй уул уурхайн салбартай эсрэгцэх зүйл бишгүйдээ бий. Уул уурхайн салбар ачааны хүндийг үүрдэг мөртөө үүрсэн хэмжээгээрээ популистуудын шүлс үсчүүлдэг салбар байсан хэвээр. Уул уурхайн салбар экспортын талыг нугалдаг мөртөө дэд бүтэц хөгжөөгүй учраас хоёр хөршийн интеграциас хол хоцорсон хэвээр. Энэ салбар гол тэжээгч салбар мөртөө технологийн дэвшилээс хол хоцорсон хэвээр. Хамгийн чухал нь биднийг улс төр гээд талцаж байх зуур хоёр хөрш уул уурхайн салбарт хамтан ажиллахаар болоод байна. Тэд зэс, нүүрс, ган, бокситын салбарт хамтран ажиллахаар болоод зэсийн салбартаа хувь нийлүүлсэн компани хүртэл байгуулжээ. Хувь заяаны шоглоомоор “Эрдэнэт”-ийн ард үлдэж байсан Удоканыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Элгагийн зэсийн орд газрыг Хятадтай хамтран эргэлтэд оруулах гэж байна. Хоёр хөрш ийн чиглэж байхад 100 жилтэйгээ золгох гэж буй уул уурхайн салбар яаж зөөх вэ, яаж гаргах вэ, баруун зүүн аль талаар нь төмөр замаа барих вэ гээд улаан, цэнхэр, ногоон балаар зурах гээд оролдож сууна. Дараа жил уул уурхайн салбар 100 жилтэйгээ золгоно. Бодлогын эсрэгцэл, салбарын эсрэгцэл, мега төслийн маргааш хэрхэх бол...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 10

Морь унасан толгойгүй хүний хөшөөг буулгаж хаямаар вм. Хар залуугаараа нүд аньсан хүн тархи толгойны асуудалтай байдаг.

0  |  0
Top