Жилийн дотор 1.1 тэрбум ам.доллароор өссөн ГАДААД ӨР

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Дэлхийд өргүй улс байхгүй. Гэхдээ өр, орлогын харьцаа гэж бий. Зарим нь төлж чадах хэмжээний өртэй бол нөгөө хэсэг нь гадаадын өрийн хавханд унаж буй. Үүнээс нийт эдийн засгийн хэмжээтэй буюу ДНБ-тэйгээ харьцуулахад хэт өндөр өртэй улсуудыг дампуурах эрсдэлтэй ангилалд багтааж, өрийн хавханд орсон гэж үзээд байгаа юм. Гаднын байгууллагууд Монголыг өрийн хавханд унаж буй жагсаалтад багтаадаг. Яагаад гэвэл Монголын эдийн засаг 13 тэрбум ам.доллар хүрэхгүй. Түүнээс гадна ханшийн өндөр эрсдэлтэй уул уурхайн салбараас өөр орлогогүй зэргээс шалтгаалан арилжааны өндөр хүүтэй зээлээр хөгжлийн бодлогоо тодорхойлж ирсэн нь өнөөдрийн хүндрэлд хүргэсэн. Монгол Улсын нийт гадаад өр өнөөдөр 32.5 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл одоогоос таван жилийн өмнө буюу 2016 оны I улиралд 23.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан гээд бод. Товчхондоо, 13 тэрбумын эдийн засагтай улс 32.5 тэрбумын өртэй. Энэ үзүүлэлтээр бол гадаад өр, ДНБ-ий харьцаа 300 хувь дөхчихөөд байна.

Мөн нийт өрийн 8.4 тэрбум ам.доллар нь зөвхөн Засгийн газрын нэр дээр бүртгэлтэй байгаа нь маш том анхааруулга. Үүнийг татвар төлөгчид халааснаасаа төлөх нь ч үнэн. Засгийн газрын гадаад өрийн хэмжээг авч үзвэл 2016 оны I улиралд 4.07 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 8.4 тэрбум болж, таван жилийн дотор бүтэн нугалчихаад байгаа. Харин жилийн өмнөх үе буюу 2020 оны I улиралд 7.3 тэрбум ам.доллар байснаас даруй 1.1 тэрбумаар өсжээ. Энэ бол Монгол Улсын  төсвийн орлогын 30 хувьтай тэнцэх дүн. Монгол төрийн гадаад өр ийн өссөнийг КОВИД-19 цар тахалтай холбон тайлбарлаж, зөвтгөх шалтгаан нь байж магадгүй. Хэдий тийм ч бодит байдал дээр улсын өрийн удирдлага алдагдсаныг дээрх үзүүлэлт хангалттай илтгэж байна. Уг нь ДНБ гадаад өрийн харьцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхой хувь зааж хязгаарладаг. Гэвч төсвийг тогтворжуулах хууль маань өөрөө тогтворгүй байж ирснээр Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 85.5 хувьтай тэнцсэн тохиолдол бий. УИХ 2015, 2016 онд  өрийн таазыг нэмэгдүүлэн шинэчилж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааг 60 хувь болгосон. Дараа нь энэ харьцааг 85 хувь хүртэл өсгөж байлаа шүү дээ. Улмаар 60 хувь гэдэг таазыг 2021 оноос мөрдөж эхлэхээр болж, үйлчлэх хугацааг нь хойшлуулсан. УИХ-аас ийнхүү өрийн таазыг өндөрсгөж ирсэн учраас өр нэмэгдсэн ч зохистой хэмжээнд байгаа хэмээн ам бардам хэлэх хүн олон бий. Харин олон улсад Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувийг үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, бид үндэсний аюулгүй байдал талаасаа эдийн засгийнхаа 60 хувийг гадаадын халаасан хийчихсэн гэдэг нь уншигдаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 62.3 хувьд хүрээд байна. Улмаар гадаад өрийн хэмжээг энэ жил 44.1 хувь, ирэх 2022 онд 39.1 хувь болгон бууруулах тооцоог өнгөрсөн онд танилцуулж байлаа. Гадаад өрийн хэмжээ 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэнээр энэ зорилт биелэх боломжгүй болсон. 

Засгийн газар төсөв дэх ачааллаа бууруулахаар өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Энэ зорилтын дагуу Засгийн газар зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын төлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард төлж барагдуулсан юм.  Энэ мэт 2016 оноос хойш олон улсын зах зээл дээр гаргаж эхэлсэн бондууд нь үндсэндээ өрийг өрөөр дарах хэрэгсэл болсон. Засгийн газрын гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлж буй гол зүйл нь зээлийн хүүгийн төлбөр. Засгийн газрын өрийн хүүгийн зардал 2017 онд төсвийн орлогын 16.4 хувь, төсвийн зарлагын 13.3 хувийг эзэлж төсөвт дарамт учруулж ирсэн. Тиймээс шинээр арилжааны нөхцөлтэй гадаад зээл авахыг зогсоосноор хүүгийн зардлын төсөвт үзүүлэх дарамт буурсан гэдэг сайн мэдээ бий. Засгийн газрын зээлийн хүүгийн зардал энэ онд төсвийн зарлагын 7.1 хувь, ирэх жил 6.2 хувь болох тооцоолол байна. Гэхдээ КОВИД-19 цар тахал дагасан төсвийн гадуурх зардал, халамжийн өсөлт Монгол Улсыг өрийн хавхнаас гарахад саад болж буй. Цаашид Монгол Улс шиг хөгжиж байгаа орнууд аливаа эрсдэлээс сэргийлсэн нөөц хуримтлуулж, гадаад өрийн хэмжээг барьж байх нь чухал гэдгийг шинжээчдийн зүгээс олон жилийн турш сануулж ирсэн. Тийм боломж нь гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий ханш таатай байгаа өнөөгийн нөхцөлд тохиож буйг эдийн засагчид зүгээр ч нэг онцлоогүй биз. Нэмж хэлэхэд, өр сайн зөв зохистой ашигласан нөхцөлд л үр өгөөжөө өгдөг. Бусдаар бол хүүгийн зардал болон гадаад руу урсах хөрөнгө юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top