Хэдийгээр коронавирус дэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Европ тив цар тахалд нэрвэгдсэн хэвээр байгаа бөгөөд олон мянган бизнес эрхлэгч тэсэж үлдэхээр тэмцэж байна.
Европын орны Засгийн газрууд хүндхэн сорилттой тулгарч, дэлхийн эдийн засаг их хямралаас хойших хамгийн өндөр хувиар агшаад байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд зарим газарт хөл хориог чангатгасан нь ажилчид, бизнес эрхлэгчдэд улам хүнд тусаж байгаа юм.
Европын холбооны эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд огцом буурч, Герман, Франц зэрэг улсын эдийн засаг уналтад ороод байна. Их Британийн ДНБ өнгөрсөн оны сүүлийн гурван сард мөн буурчээ.
Европын холбооны орнуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн арванхоёрдугаар сард 7.5 хувьд хүрч өссөн байна. Энэ нь 16 сая хүн ажилгүй болсон гэсэн үг юм.
Нэгдсэн Вант Улсад ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсч буй хүмүүсийн тоо гурваас арванхоёрдугаар сарын хооронд 2.6 сая болж хоёр дахин нэмэгдсэн талаар тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ. АНУ-ын ажилгүйдлийн түвшин ирэх 10 жилийн хугацаанд цар тахлын өмнөх хэмжээнд хүрч чадахгүй хэмээн Вашингтоны нам бус Засгийн газрын бүлэг болох Конгрессийн төсвийн алба мэдэгджээ.
Түүнчлэн дэлхийн хамгийн ядуу буурай 47 улсад цар тахлын улмаас хүнсний хомсдол үүсэж, өлсгөлөн нүүрлэхээр байгаа аж. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ-ыд гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэхээр байгаа юм байна. Цар тахлын улмаас өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул дэлхийн улс орнууд өргөн хэрэглээний барааг хүн амд тэгш хуваарилах шаардлагатай гэж НҮБ-аас зөвлөөд буй. Түүнээс гадна вакцин нийлүүлэх тал дээр хөгжингүй орнууд ядуу буурай орнуудад манлайлал үзүүлэн вакцины тэгш хуваарилалтыг хангах ёстой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд буй.
Ерөнхийдөө энэ 2021 болон 2022 он хүн бүрийн хувьд хүндхэн жил болж өнгөрөхийг судлаачид анхааруулжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаанаас харахад, цар тахал 108 сая ажилтан ядуурах шалтгаан болсон байна. Энэ нь хөл хорионы улмаас ажлын цаг эрс багасч, чанартай ажлын байрууд үгүй болсонтой холбоотой гэж НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгджээ.
Хөдөлмөрийн байгууллагын хийсэн судалгаагаар 2019 онтой харьцуулахад дэлхий даяар 108 сая ажилтан ядуу эсвэл нэн ядуу гэсэн ангилалд багтах болсон бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр ажилтны гэр бүлүүдийн нэг гишүүн өдөрт 3.2 ам.доллароос бага мөнгөөр амь зуух болсон байна. Өнгөрсөн онд залуусын хөдөлмөр эрхлэлт хамгийн ихээр буурсан байна. Тодруулбал, 2020 онд 8.7 хувиар буурсан нь хижээл насныхны хөдөлмөр эрхлэлтийн бууралтаас хоёр дахин их байна. Өнгөрсөн онд хижээл насны ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт 3.7 хувиар буурчээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын онцолсноор, цар тахлаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээлийн хямрал дуусах болоогүй гэнэ. Цар тахлын ерөнхий нөхцөл байдал дордохгүй тохиолдолд 2022 оны хоёрдугаар хагасаас дэлхий даяарх хөдөлмөр эрхлэлт хурдацтай сэргэх аж. Гэхдээ вакцины тэгш хүртээмжгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэлт сэргэх байдал жигд явагдахгүй аж. Учир нь, нийт вакцины 75 гаруй хувийг ердөө 10 орон эзэмшиж, бусад орон вакцингүйн улмаас эдийн засгаа сэргээх боломжгүй байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага анхааруулжээ. Ингэснээр 2022 онд дэлхий даяар 205 сая хүн ажилгүй болох гэнэ. 2019 онд энэ тоо 187 сая байжээ. Ажил эрхлэлт 2023 оноос нааш тахлын өмнөх үедээ очихгүй гэж судлаачид анхааруулжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )