ОЛОН ӨНГӨ: Агаар нь эм хөдөө нутаг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд хөдөө нутгаа зорих хүсэл хөвсөлзөөд ирнэ. Төрж, өссөн нутаг гэдэг угаас хүний сэтгэлийг соронзон мэт татаж байдаг болохоор тийм байдаг биз. Дархадын цэнхэр уулсаа тэмүүлсээр “Далай ээжийн босго”-оо даваад ороход Хөвсгөл нуур цэлийн угтахад аугаа их Ч.Сангидорж аялгууг нь хийж, Д.Банзрагч агсан шүлгийг нь бичсэн “Монгол далай” дуу өөрийн эрхгүй аялагддаг юм. Ер нь манай нутаг орон бүр өөрийн гэсэн дуу хууртай, тэр нь амьтай мэт санагддаг. Миний л хувьд Хархираан уулс цэнхэртэж, буурал тэргүүн нь гялалзаад л эхлэхтэй зэрэгцэн дуучин С.Жавхлангийн “Цэнхэр тэнгэрийн орон” санаанд буудаг бол Сэлэнгэ мөрний салаа тохой дээр урсгал ширтэн суухад С.Амартайваны шүлэг “Ай Сэлэнгэ минь” дуу аманд өөрийн эрхгүй орн ирнэ. Хаа байсан Сүхбаатар нутгийн хүн энэ нутгийн сүлд шахуу болсон дууны шүлгийг зохиосон гэхээр сонин юм шүү. Мэдээж Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир ахынхаа “Голын тохой дээр” шүлэг цээж түрэн ирээд, нөхдийнхөө хамтаар хоолой нийлүүлэн уншдаг л. 

Агаар нь тунгалаг хөдөө нутагтаа хаяа нь шуулттай гэрийн ханын шийрээр зэлэндээ тонгочих унага, зэллэн нисэх шувуудыг харж хэвтэх жаргалыг гагц монгол хүн л мэдэрдэг байх. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал манай орны хөдөө нутгийг тойролгүй, өвчлөл гарсаар байгаа ч сайхан цаг ирэх нь гарцаагүй. Агаар ус, айраг цэгээ нь ч энэ хэцүү өвчны эмчилгээ болохыг үгүйсгэхгүй. Улс төрийн талцал хуваагдал дуусаж, уршигт өвчин арилахаар ус, нутагтаа очиж эрх дураар элгэн саднаараа жарган суух цаг ойрхон биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hitome(202.55.188.103) 2024 оны 10 сарын 13

uneheer ih taalagdlaa mash goy bolson bn

0  |  2
Ану үжин(122.201.31.146) 2024 оны 12 сарын 18

Гоё блаа. Уншаал сэтгэл хөдөллөө

2  |  3
Top