Бүртгэл нь орон нутагт ч, Улаанбаатарт амьдардаг мянга мянган иргэний тоон мэдээлэл байдаггүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж, дотоод шилжилт хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын дотоод шилжих хөдөлгөөний статистикийн систем, хүн ам, өрхийн судалгаа зэрэг шилжих хөдөлгөөнийг тооцсон тоон мэдээлэл, судалгаануудад системт үнэлгээ хийх, аймаг, нийслэл, дүүргийн болон холбогдох төрийн албан хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлд хамтран ажиллана.

Мөн шилжих хөдөлгөөний тоон мэдээллийн хэрэглээг дэмжих зорилгоор хэвлэмэл болон цахим хэлбэрийн ач холбогдол бүхий тоон мэдээллийг тодорхойлох,  xэрэглээнд нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос хойш эрчимжиж, 2021 оны байдлаар нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байна.

Эсрэгээрээ хөдөө орон нутаг эзгүйрч, сум аймгийн хөгжил удаашрах, хот хөдөөгийн ялгаа ихсэх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа билээ.

Зөвхөн 2020 онд л гэхэд орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирж, оршин суух бүртгэл хийлгэсэн 39 мянган иргэн байна.

Гэвч оршин суух бүртгэл нь орон нутагт боловч, Улаанбаатар хотод оршин суудаг мянга мянган иргэн байдаг ч эдгээр иргэдийн тухай тодорхой тоон мэдээлэл байдаггүй байна.

Цаашлаад, бүртгэлтэй газраасаа өөр газарт төрийн үйлчилгээ буюу боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах явдал орон нутагт ч мөн хавтгайрсан ба энэ нь төр иргэнд хүрч үйлчлэхэд, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд саад болсоор байна.

Иймд НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага болон ҮСХ хамтран дотоод шилжих хөдөлгөөний талаарх үндэсний мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх, одоо байгаа шилжилт хөдөлгөөний тоон мэдээллийн ашиглалт, хүртээмж, харагдах байдлыг сайжруулан, шилжилт хөдөлгөөнийг бодлого, зохицуулалтад уялдуулан, цогц байдлаар нэвтрүүлэх чиглэлд хамтран ажилласнаар Монгол улсын Засгийн газар баримт нотолгоонд суурилсан дотоод шилжих хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийг бодлого, зохицуулалтад өргөнөөр ашиглах боломж бүрдэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь Дотоодын Шилжилт Хөдөлгөөнийг Ойлгож, Удирдах нь төслийн хүрээнд хэрэгжинэ гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top