Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн нутагт өнгөрсөн сарын 29, энэ сарын 4-ний өдөр хүрэн баавгай бэлчээрт байсан мал руу дайрсан тохиолдол гарсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хонгор сумын нутагт хүрэн баавгай хэд, хэдэн удаа мал руу дайрсан тохиолдол гарч байсан бөгөөд есөн өрхийн 117 толгой бог, зургаан бод мал барьжээ. Бид энэ талаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Баянмөнхтэй холбогдон тодрууллаа.
-Хүрэн баавгай мал руу яг хэзээ дайрсан бэ?
-Дөрөвдүгээр сарын сүүлээр мөр нь үзэгдэж эхэлсэн юм. Тэгээд хамгийн эхэнд тавдугаар сарын 29-нд эхний айлын хот руу дайрсан. Малын бэлчээрт үхэр, хонь бариад идчихсэн тохиолдол гарсан. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд манай Дархан-Уул аймгийн хэмжээнд хэд хэдэн удаа айлын мал барьсан. Энэ жилийн хувьд баавгай нэлээд эрт ороод ирлээ. Уг нь хавар энэ тэнд харагдаж байдаг ч есдүгээр сарын дунд үеэс эхлэн орж ирээд аравдугаар сар бүтэн айлын хот түйвээгээд байгаа юм.
-Та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аймгийн Байгаль орчны газрынхан тэр чигээрээ эргүүл, хяналт хийдэг. Эхний ээлжинд бид бүх айл өрхөөрөө яваад сэрэмжлүүлэг өгсөн. Хөдөөний айлууд маань бараг одоо гаршиж байна. Баавгай ирэхээр дуу чимээ гаргах, бусаддаа хэл чимээ өгөх, байнга гэрэл асаах, гэрийнхээ хаалганы ойролцоо машинаа тавьж хонох гээд бүхий л аргыг хэрэглэж байгаа. Гэвч баавгай чинь өөрөө их төвөгтэй. Дандаа газрын бартаа дагаж явдаг, шөнийн тас харанхуй үеэр айлын хот руу орж, сүйд хийдэг. Тэгээд чимээ өгөхөөр бартаа дагаж гүйгээд л битүү ой руу орчихдог учраас түүнийг барих ямар ч боломж байдаггүй. Өдрийн цагаар бараг л үзэгддэггүй, ойгоосоо хүн, амьтан бага газраар бартаа саад дагаж л гардаг юм билээ. Одоогоор ямар ч байсан хүн рүү дайрсан тохиолдол гараагүй. Гэсэн ч бид баг болон хуваагдаад айлуудаа манаж хонож байна. Даанч нэг айлаас нөгөө айл руу шилжих арваадхан минутын дотор л айлын хот руу ороод малыг нь барьчихдаг.
-Цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Бид эхний ээлжинд хуулийнхаа дагуу устгалд оруулах боломж байхгүй. Баавгай чинь Улаан номонд орсон амьтан. Тиймээс Байгаль орчин, Аялал жуулчлалын яам руу санал явуулдаг. Бид ч гэсэн тэр дагуу саналаа өгчихсөн байгаа. Ой руу нь хөөх, дуу чимээ гаргах зэрэг аргыг бол бид авсан. Гэвч давтамж нь ойртоод айлын хот руу ороод байх юм бол яамнаас тоо толгойг нь цөөрүүлэх шийдвэр гардаг. Тэрний дагуу устгалд оруулдаг. Гэсэн ч бид одоогоор нэг ч баавгайг устгалд оруулаагүй байгаа. Тэгээд ч баавгай устгалд оруулъя гээд л буудуулчихаар амьтан ч биш.
-Баавгай ингэж ойр, ойрхон орж ирээд байгаа нь хоол тэжээл нь хомсдосоноос болдог уу. Галзуу ч гэдэг юмуу амьтны элдэв өвчин анзаарагдсан уу?
-Их олон шалтгаанаас болж байна. Яг хоол тэжээл, өвчин гэсэн юм алга. Бидний бодож байгаагаар хүн, амьтан хоёрын амьдрах орчноо булаалдсан л зүйл болж байна. Төв, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар айл өрх нутаглуулахгүй болохоор айлууд маань баавгай нутагладаг газарт очиж буудаг. Тэгэхээр амьтны эзэмшил газар хумигдаж эхэлдэг. Хоёрдугаарт, сүүлийн хэдэн жилүүдэд тоо толгой нь тодорхой хэмжээгээр өссөн. Бас айлуудын маань мал их өсөж байгаа нь зэрлэг амьтны эзэмшил нутагт бэлэн шахуу хоол болчихдог. Мөн арваад жилийн давтамжтайгаар баавгай уулнаасаа, хөвчөөсөө бууж ирдэг давтамж ч байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Байгалын зохилдолгоогоороо яваг дээ хөөрхий.
Самарчид хамгийн их гай тарьж байгаа. Нутаглах орон зайг нь эзэгнээд, идэш тэжээлийг нь цөлмөөд байхаар мал руу орохгүй яах билээ.