Энэ сарын 7-8-нд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим газарт авто зам, явган хүний зам, нүхэн гарц усанд автаж иргэдийн хөдөлгөөнд саад учруулаад байна.
Өчигдрийн байдлаар Дунд гол үерлэж, далан сэтэрч Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарц хоёр метр орчим гүн усаар дүүрч, хэсэг газарт хөдөлгөөнийг хоригложээ. Усыг соруулж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар зэрэг мэргэжлийн байгууллагаас Энхтайвны гүүрний нүхэн гарц дээр ажиллалаа. Ус сувгийн удирдах газрын ажилтны өгсөн мэдээллээр бол "Бороо их орсон учир Дунд гол үерлэж, үерийн далан сэтэрсэн. Тиймээс хонхор хэсгүүд усанд автаж, усыг соруулах ажлыг өглөө эртлэн зохион байгуулж эхэлсэн.
Далан сэтэрсэн хэсгүүдийг хааж, уснаас хамгаалсны дараа ус соруулах ажлыг гүйцэтгэж байна. Үерийн ус ихээр орж ирсэн болохоор усыг соруулж дуусахад хугацаа орох байх. Мөн нийслэлээс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа” гэдгийг хэлсэн юм. Уг нүхэн гарц нь 2.2 метр өндөр. Үүний хоёр метр орчимд нь ус дүүрсэн. Тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг ашиглан Ус сувгийн удирдах газрын 10 ажилтан үүрэг гүйцэтгэж байв. Түүнчлэн “Баянмонгол” хорооллын ойролцоох нүхэн гарцын ус зайлуулах ажлыг өчигдөр Ус сувгийн удирдах газраас хийлээ. Геодези, усны барилга, байгууламжийн газрын Ерөнхий инженер С.Батсайхан “Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн нь Улаанбаатар хотын зарим байршилд замын нүхэн гарц дээр ус дүүрэх нөхцөл байдлыг үүсгэжээ. Яаралтай арга хэмжээ авч байна. Дахин бороо орохгүй бол үүсээд буй нөхцөл байдлыг удахгүй хэвийн болгоно” гэлээ.
Энэ сарын 8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ гүүрний нүхэн гарц мөн усанд автаж, нүхэн гарцаар хүн, машин зорчих боломжгүй болсон. Тухайн өдрөө суудлын автомашинууд усанд “сууж”, хөдөлгөөн саатсан учир Яармагийн замд түгжрэл үүсгээд байсан билээ. Тиймээс холбогдох албаныхан болон шинэ гүүрийг барьсан “Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорац”-ын төлөөллүүд нүхэн гарцын ус зайлуулах ажлыг өчигдөр хийж гүйцэтгэж байсан юм. Тэдний хэлснээр бол “Ус зайлуулах хоолойд үерийн лаг шавар хуримтлагдаж бөглөрсөн учир нүхэн гарц усаар дүүрсэн. Ус соруулах ажлыг яаралтай дуусгахаар ажиллаж байна” хэмээсэн. Улаанбаатар хотын далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газраас хариуцан хийдэг. Тухайлбал, үерийн хамгаалалтын далан сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэдэг. Жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоох төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг боловч үерийн хамгаалалтын далан суваг хур хаягдлаар бөглөрөх асуудал дуусдаггүй аж.
Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст усанд автсан тухай 10 дуудлага иржээ
Нийслэлийн хэмжээнд 153 км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж, 187 км урт шугам сүлжээ барьж байгуулж байгаа хэдий ч хот хүрээгээ тэлсээр ялангуяа захын гэр хороолол орчимд үерт өртөх, өвлийн улиралд халиа дошинд автах зэрэг асуудал нийтлэг тулгардаг байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст усанд автсан тухай 10 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 35, 63, 34, 74, 10, 29 дүгээр ангийн 70 гаруй алба хаагч, 10 автомашинтай очиж ажилласан гэв.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулжээ. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 18 алба хаагч энэ сарын 8-ны 20.30 цагт “Дүнжингарав” хорооллын 104 дүгээр байрны зоорийн давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсан байсныг авран хамгаалжээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Нарантуул”, “Өгөөмөр” зах руу ордог авто замын хэсэгт ч ус ихээр тогтсон гэж иргэд шүүмжилж байлаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучнаар 22-ын товчооны урд айл өрхүүд усанд автсан талаар иргэд фэйсбүүк хуудастаа мэдээлсэн. Ийнхүү гэр хорооллын дундах замууд, орон сууцны хорооллын зам, явган зам, талбайд борооны ус тогтож, эвдрэл гэмтэл гарсаар байгааг шүүмжлэх иргэдийн яриа дууссангүй.
Хуурай сайр, гуу жалгаараа уруйн үер бууж магадгүй гэв
Улаанбаатар хот дөрвөн уулын дунд оршдог. Туул голын цутгал Сэлбэ, Улиастай, Толгойт, Нарангийн голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг аж. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүллээ. Энэ сард Монгол орны ихэнх гол мөрний усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчимд хэвийн буюу бага байх төлөвтэй гэнэ. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч сарын сүүлийн 10 хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэйг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Хуурай сайр, гуу жалгаараа уруйн үер буух нөхцөл бүрдэх ч боломжтой аж. Зургаадугаар сард Завханы хойд, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн баруун, Баянхонгор, Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсэг, Төв болон Сэлэнгэ аймгуудын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэйг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн Ерөнхий инженер Б.Жаргалан хэллээ. Олон жилийн дундажтай нь харьцуулбал зургаадугаар сард Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм хур тунадас ордог байна.
Энэ сарын 7-8-нд орсон борооны улмаас өчигдөр Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны зам дагуу Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр замын дээгүүр, Нарны замаас урагш “Баянмонгол” хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаалаа. Улаанбаатар хот 1200 орчим км авто замтай боловч гудамж, зам, нүхэн гарцын ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэх, чанартай хийх асуудал тулгамдсан хэвээрээ гэдгийг өнгөрсөн өдрүүдийн бороо харууллаа. Нэг хоногийн бороонд “сөхөрсөн” замууд бүтэн зуны бороог дааж чадах уу гэдэг л эргэлзээтэй боллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Одоо зам бол юу ч биш. Арга ядахад манай сайчууд данхаа бариад явахад хэр баргийн эвдрэлийг засчихна. Харин 10 хоног дараалан усагнавал хотын оршин суугчдын 20 хувь нь үерт осолдох магадлал байна.