Бүтэн хоёр жилийн ХАЛУУРАЛ дууслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Монголын эдийн засаг улс төрийн сонгуулийн үеэр юу юунаас илүү халж хөөсөрдөг. Байгалийн баялгийн засаглалаа шийдчихсэн орнууд лугаа адил аашилдаг. Халалт үндсэндээ хоёр жилийн турш үргэлжиллээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд, тэр дундаа уул уурхайн салбарын орлого өндөр байсан жилүүдийг залган УИХ-ын 2020 оны сонгууль тохиосон. Парламентын сонгуулийн жилийн эхэнд дэлхийг хамарсан КОВИД-19 цар тахал гарав. УИХ Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт Оюутолгойн үр өгөөжийг дээшлүүлэх шийдвэр гаргаад байсан үе л дээ. Дээр нь Засгийн газраас зэсийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоож, Тавантолгойн засаглалыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх IPO яригдаж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид төрд эргүүлэн авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх арга хэмжээ авав. КОВИД-19 цар тахлын улмаас иргэдийн орлого тасалдсан үед энэ нь нүдээ олсон шийдвэр болж хувирсан. Ерөнхий сайд үүнээс хоцролгүй уул уурхайн лицензүүдийг цэгцлэв. Харин Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд эргэн тойронд хий улстөржилт өрнөсөн төдийхнөөр өнөөдөртэй золгов. Уг нь Монголын эдийн засаг Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой гурваас дэндүү өндөр хамааралтай. Эдгээрээс орж ирэх орлого нэмэгдээгүй боловч цар тахлын үед Монгол Улс төсөв, санхүүгийн бүхий л боломжит хувилбараа ашиглаж шавхлаа. Сонгогчдыг хүссэн хэмжээнд угжив. Улмаар улс орны төсөв санхүү хүндэрч, эдийн засаг доройтсон. Өнгөрсөн оны төгсгөлд эдийн засгийн уналт 5.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Одоо бодит хөрсөн дээрээ буух цаг ирж байна. Сонгуулийн маргааш бүх үнэн тодордог хойно.

Эрх баригчид хоёр жил дамнасан сонгуулиар монголчууд диваажинд амьдарч буй мэт шоу хийх гэж хичээсэн. Шил шилээ дарсан гэнэтийн шийдвэрүүдийн нөлөөгөөр халамжийн улс байгуулчихлаа. Сүүлдээ давхардсан тоогоор Монголын гурван хүн тутмын хоёр нь халамж авч амьдарч байгаа талаар УИХ дээр хөндөгдөв.

Нийт 3.4 сая хүн амын 2.5 сая нь ямар нэг байдлаар тэтгэмж хүртдэг байх юм. Хэрээс хэтрэх биш хэтийдсэн гэж болно. Хэрэгцээтэй хэсэгт нь олгодог байсан хүүхдийн мөнгийг 20-иос 100 мянгад хүргэж, нийтдээ 1.2 сая хүүхдэд 864 тэрбум төгрөгийг төсвөөс олгохоор болсон. Монгол Улсын 2017 онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон болзлоо хангахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувьд олгох, 2018 оноос өрхийн амьжиргааны түвшин доогуур 40 хувьд үүрэг хүлээж байлаа. Энэ нь халамж хүртээд сурчихсан иргэдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлсөн учир  2019 оноос хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд буюу 90 хувьд, 2020 онд хүүхэд бүрд олгож эхэлсэн. Парламент дахь олонхын бүлэг болон сөрөг хүчин уг шийдвэрийг гаргахад цаанаа дургүй байсан ч наана дэмжээд явуулсан. Эцэст нь, улс хүүхдийн мөнгөө санхүүжүүлэх чадваргүй болсон бөгөөд Азийн хөгжлийн банкны зээлээр шийдвэрлээд байгаа. Гэвч 100 мянган төгрөгийн дэмжлэг энэ долдугаар сарын 1-нээс зогсоно. Өрх бүрийн үдээр ордог улстөржилт буюу хүүхдийн мөнгө ингэж хөрсөн дээрээ буух нь. Эрх баригчид анх хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлснээ цар тахлын үеийн дэмжлэг хэмээн тайлбарлаж байлаа. Харин улс төрийн хөшигний ард зурагдаж, сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан юм. Бусад халамжууд яг энэ замаар явсан.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг огцом нэмэгдүүлсэн явдал бол Засгийн газраас УИХ-ын 2020 сонгуулийн өмнө зарласан 5.1 их наяд төгрөгийн халамжийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг. Уг хөтөлбөрт иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний тог, цахилгааны төлбөрийг чөлөөлөх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татвар тэглэх зэрэг үндсэндээ төсвийн зарлагыг нэмэгдүүлж, орлогыг хаах санаачилгууд багтсан байдаг. Монголчуудын хувьд 5.1 их наяд гэдэг бол урд хожид дуулаагүй их мөнгө учраас сүрийг нь хүүхдийн мөнгө, үнэгүй тог цахилгаанаар мэдрүүлсэн. Үүнээс 4.1 их наядыг үрчихсэн гэдгийг Сангийн сайд мэдээлж байлаа.  

Удалгүй аймаг, нийслэлийн 2020 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль залгав. Цар тахлын нөхцөл байдал ч бүр том халамжийн бодлого үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн. Ах нь дүүдээ уламжлуулсан засаг 10 их наядын хөтөлбөр зарлав. Сонгууль угтсан популизмын хоёроор үржигдсэн гэсэн үг. Ингэхдээ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийн сэргээнэ” гэдэг аймар сүртэй гуншинтай мэндэлсэн. Цогц төлөвлөгөө байдлаар зурсан уг арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хоёр их наяд, залуусыг ажилд сургахад 500 тэрбум, малчдыг дэмжихэд 500 тэрбум, ипотекийн зээлд гурван их наяд гэх мэтээр явж өгсөн байгаа. Засгийн газар дангаар хэрэгжүүлээгүй энэ арга хэмжээг Монголбанк охин компани маягаар дэмжсэн. Өнөөдөр цар тахлын улмаас монголчууд өдөрт арав арваараа нас барж, эдийн засаг сэргэх хандлага гараагүй гэдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж болно. Мөн Засгийн газар энэ он гарсаар олон удаагийн хөл хориог тогтоож, ялангуяа хавар эдийн засгаа идэвхжилтийнх нь үед түгжсэн. Үүнийгээ их хэмжээний бэлэн мөнгө тараах замаар цайруулсан юм. Ганцхан жишээ татахад, Оюутолгойн татварын маргаанаас орж ирсэн нэг их наяд төгрөгийг иргэдийн дархлааг дэмжих нэрээр цацаж орхисон. Засгийн газар Оюутолгой компанитай үүсгэсэн маргаанаа одоог хэр нь эцэслээгүй бөгөөд олон улсын арбитрын шүүхэд ялагдсан тохиолдол энэ мөнгийг улсаараа буцааж төлнө. Дэргэд нь вакцинд хамрагдсан иргэн бүрд олгосон 50 мянган төгрөг задгай мөнгө болж хувирах нь аргагүй байгаа биз.

Монголчууд энэ мэтээр хоёр жилийн хугацаанд 20-иод их наяд төгрөгөөр сонгуульдчихлаа. Хоёр жилийнхээ төсвийг хуваагаад хүртчихлээ. Орлогоо нэмээгүй Монголын төр төсөвтөө хэт ачаалал үүрснээр өрийн удирдлагаа алдсан. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын нэр дээрх гадаад өр 8.4 тэрбум ам.доллар болж, 1.1 тэрбумаар өссөн байх жишээтэй. Бүхэл бүтэн тэрбум ам.доллар гэдэг бол нэг Чингис бондын хөрөнгө. Мэдээж, дотоод нөөц бололцоогоо шавхчихсан улс цар тахал мэтийн гэнэтийн үед гадаадаас зээлж таарна. Өнгөрсөн хугацаанд хэмнэж, хуримтлуулаагүйн улмаас цар тахал эхэлсэн цагаас эхлэн хагас тэрбум ам.долларыг гадаадаас зээлж хэрэглэсэн. Одоо Монголд нэмж мөнгө зээлэх гадаад түнш ховор болсон. Харин энэ хэцүү үед хэн Монголд мөнгө зээлэх бол. Гэсэн ч энэ он гарсаар төсөв хагас их наяд  төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Энэ мэт төсөв санхүү талаасаа  үнэнтэй нүүр тулсан Засгийн газар ирэх сарын 1-нээс тог, цахилгааны төлбөрөө авч эхэлнэ. Хүүхдийн мөнгөө бууруулж, урьдын адил зорилтот бүлэг гэж хуваана. Цар тахлын нөлөөгөөр уул уурхайн экспорт гацаанд орчихсон. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий ханш өндөр байгаа ч Хятад руу гаргаж чадахгүй байна. Хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүн тасалдаад байгаа. Сонгуулийн дараа юань, ам.долларын ханш нисдэг жишиг ч бий. Нөгөө талдаа татвар хураамжаа нэмэхгүйгээр эдгээрийг нөхөхөд хэцүү болж ирлээ. Эрх баригчдын хувьд энэ бүгдийг хэрхэх талаар тайлбар хийгээгүй байгаа. Ямартай ч сонгуулийн маргааш буюу өнөөдрөөс хөрсөн дээрээ бууж ажиллах нь гарцаагүй. Энэ бүгдийг 2017 онд улс долоон төрлийн татвар нэмж, бүх халамжаа танадаг шиг олон улсын зөвлөхүүдийн хүчинд шийдвэрлэж магадгүй. Засгийн бодлого ч бүсээ чангалах чиглэлд явна гэж найдаж байна. Тэр үед өнгөрсөн хоёр жилд их наяд, их наядаар нь цацсан асуудлууд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжсэн эсэхийг эргэн хэлэлцэж таарна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард (49.0.142.98) 2021 оны 06 сарын 11

Чалчаа үг, залихай явдалтантай арга зөвлөлдөж үл болох, Цагаан боловч сэжиг их хүнтэй хэрэг шийдэж үл болох. хэдэн зуун жилээр хэлцэж ирсэн монгол түмэндээ

0  |  0
Top