ЭМГЭНЭЛ | Н.Түвшинтөгс

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13


Бидний хайрт аав, хань, өвөө, хүү, ах, дүү Н.Түвшинтөгс  2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.   

Н.Түвшинтөгс 1957 оны 12 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Хурхунаг Жибурын хөндий Ононгийн Дэлүүн Болдогийн бэлд Онон-Хурхын бэлчир хэмээх газарт Батын Нямаагийн гутгаар хүү болон мэндэлжээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуульд сурч, гэрээрээ Нийслэлд шилжин суурьшин 1975 онд УБ хотын 3-р сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл факультет, 1982 онд Москвагийн Эрчим хүчний дээд сургууль (Үндэсний Судалгааны Их Сургууль)-ийг Өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн инженерийн мэргэжлээр дүүргэсэн.

1982-1991 онд эрчим хүчний салбарт, түүний дотор Төвийн эрчим хүчний систем, IV цахилгаан станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудад инженер, ахлах инженер, ерөнхий инженер, 1991-1996 онд Фредрих Эбертийн сангийн тэргүүн, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-2001 онд Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч, 2001-2009 онд Ардчилал хөгжлийн сангийн тэргүүн, 2009-2012 онд УИХ-ын Тамгын газарт референт-шинжээч, 2012-2013 онд Диспетчерийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байлаа.  

Н.Түвшинтөгс нь 1990 оноос Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцад анхнаас нь идэвхитэй оролцож Эрдэнэт хотын Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, улмаар Хэнтий нутгийн ард иргэдээ төлөөлж 1996-2000 онд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдон төр түшилцэж явсан төрийн зүтгэлтэн юм.  

Н.Түвшинтөгс 2009 оноос Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд “Урамтай шатар” сэтгүүлийн Удирдах зөвлөлийн дарга, 2014 оноос Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Монгол Улсын шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг дотно зан чанар, гэгээн дүр  нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.  

Ээж, хань, үр хүүхэд, ач зээ нар, төрөл төрөгсөд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top