Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцээд бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болсон Цэцийн Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзсэн хэрэг. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Ингэснээр хэдэн жилийн хугацаанд маргаантай явж ирсэн “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой асуудал нэг талдаа гарч байна. Үр дүнд нь нэгэн цагт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Хуулийн хулгай” хэмээн томъёолсон нөхцөл сэргэж байгаа юм уу даа. Үүнийг тайлбарлахын тулд 2017 оноос хойш өрнөсөн үйл явдлуудыг эргэн сануулах болно. МАН эрх барьж байсан 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасган баталж байлаа. Үүнтэй холбоотойгоор тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд нэлээд хэл аманд орсон юм. Хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг хуульд “хулгай”-гаар шигтгэсэн хэмээн зарим УИХ-ын гишүүн, нэр хүнд бүхий хуульчдад чичлүүлж байсныг санах нэг нь санаж байгаа байх. Тэр хуулийн өөрчлөлтөөр түүнтэй хуулийн сургуулийн нэг төгсөлтийн хүн, МХЕГ-т хамт ажиллаж байсан гэгдэх хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар авлигын хэргээс мултарчихсан хэрэг л дээ. Оймсондоо боодол доллар нуусан нөхөр хуулийн байгууллагынхны өмнө мунгинаж байгаа бичлэг ч цацагдаж байв.
Харин тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэвлэлд “Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж заасан. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа. Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий. Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл” гэж ярьж байлаа.
Гэвч хүний эрхийн далбаан дор авлигачдыг өршөөдөг байдал үүслээ гэсэн бухимдал нийгэмд хүчтэй дэлгэрч явсаар Засгийн газар 2019 оны дундаас хуульд дахин өөрчлөлт оруулахаар ярьж эхлэв. Хэлэлцүүлэг ч хийгдэж Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ” гэж танилцуулж байжээ. Улмаар УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тус хуулийг шинэчлэн баталсан байдаг. Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл тоолох хуучин заалтыг сэргээж орхисон.
Өнөө хүний эрх зөрчсөн хэмээн цоллуулсан хууль эргэж сэргэснийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ч мэдээллээ. Цэц 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тус асуудлыг Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гээд бүхэлд нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Цэц Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой заалтуудыг барьж шийдвэрээ гаргажээ.
Харин УИХ-ын зүгээс Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан 2020 оны 12 дугаар тогтоолыг хэлэлцээд хүлээж авахгүй гэж шийдэж байлаа. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд “Авлигачдыг уучилж болохгүй учраас Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, цухалдаж байсан юм. Тэр хуралдааны уур амьсгалыг ч хэвлэлийнхэн бичиж үлдээсэн байгааг олж уншихад хэцүү юм ер байхгүй. Тухайн үед Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэвлэлд “Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг конвецид нэгдэж орсон. Ингэснээр нийтийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу хуулийн харъяаллын давуу эрх ба энэ конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай тохиолдолд үр дүнтэйгээр мөрдөн шалгах, яллах ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрхзүйн тогтолцоо болон Үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох арга хэмжээнүүдийг авна гэж заасан энэхүү үүргийг Монгол Улс хүлээсэн. Хийсэн гэм буруугаа заавал хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр гэм буруугуу шүүлгэх ёстой гэдэг энэ зарчмуудыг дагаж УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Бид тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байсан тодорхой тооны хэргүүдийг сэргээж, шүүхээр шийдсэн. Олон улсын жишигт ч ийм зүйл өмнө нь тохиолдож байсан учраас хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэсэн олон улсын эрхзүйн шийдвэрүүд гарсан байдаг. Цэц үүнийг буруу гэж үзсэн байна. Бид олон улсын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон хэм хэмжээнийхээ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй” гэж ярьж байжээ. Ийнхүү Ш.Раднаасэд нарын хүний эрх ярьж хийсэн хуулийг Х.Нямбаатар нар Авлигын эсрэг конвенцид нэгдсэн гэдэг асуудлаар хүчингүй болгож хуучин хэлбэрээр нь явуулсан хэрэг. Харин өнгөрсөн баасан гарагт Цэц Их суудлын хуралдаанаараа Ш.Раднаасэдийн тайлбар зөв байсан тухай эцсийн шийдвэр гаргалаа. Харин хөөн хэлэлцэх хугацаа гэгч зүйлээр хэчнээн хүн шоронгийн босгоноос буцаж байгааг дахиад тоолох цаг ирлээ дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Яагаад ийм тэнэг хүмүүс тэнд сууж байдаг байнаа? 2 уулаа чухал гэдгийг мэддэггүй новшнууд аж.
Авилгачдаас болж хохирч байгаа гэмт хэргээс болж хохирч байгаа 3 сая хүний эрхийг яагаад хамгаалахгүй хохироож байна!!!!!!!!
Энэ цэцэ гэх гэмт хэрэгтнүүдийг тараах цаг нь аль хэдийнээ бий болжээ. Одоо хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд шүүх авилгал аваад хэвтчихдэг болсон Цаашид хулнайч луйварч дээрэмч, авилгалчид хүртэл бүгд хөөн хэлэлцэх хугацаанаар суллагдах нь тодорхой боллоо. Энэ нийгэмд хүний эрх гэж гэмт хэрэгтний эрхийг л авч үздэг юм байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар суллагдаж байгаа гэмт хэрэгтнийг суллан тавьснаар хичнээн олон иргэний эрхийг хөсөр хаяж байгаагаа ойлгох нэг ч хүн алга. Одоо бүгд л гэмт хэрэг хийгээд хөөн хэлэлцэх хунацаагаар суллагдаад байждээ.