Хүүхдийн мөнгийг цар тахлын үед амьжиргаа дэмжих зорилгоор нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон билээ. Энэ мөнгөн дүнг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн бууруулж 20 мянган төгрөг болгоно гэсэн мэдээлэл тараад байгаа билээ. Үүнд олон эцэг, эх таагүй хандаж, дургүйцлээ илэрхийлж байв. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Баасансүрэнгээс хүүхдийн мөнгөний талаар тодрууллаа.
-Цар тахлын үед дэмжлэг болгон олгож буй хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үлдээх эсэх дээр эцэг, эхчүүд анхаарлаа хандуулаад байна. Үргэлжлүүлэн олгох эсэх дээр тодорхой шийдвэр гараагүй байх шиг байна?
-Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоол болон 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 248 дугаар тогтоолын дагуу 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, энэ оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох ажлыг иргэнд чирэгдэлгүй, түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгох эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна.
-Дөнгөж төрсөн нярай хүүхдийн мөнгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас тооцон олгодог. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өргөдлийг энэ оны тавдугаар сараас эхлэн халамжийн нэгдсэн систем /Ehalamj.mn/-ээр хүлээн авах, иргэдийн зүгээс системд хандах боломжгүй тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан тус системээр өргөдөл гаргах боломжийг бүрдүүлсэн. Иргэн тус системд хандаж хүүхдийн регистерийн дугаараар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргаснаар цаасаар баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй ба тухайн үйлчилгээтэй холбоотой баримт бичгийг систем автоматаар бүрдүүлэх боломжтой.
-Хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа хүүхдүүд бий юу. Нийт хэчнээн хүүхэд хүүхдийн мөнгөө авдаг гэсэн тооцоо байна вэ?
-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 1,220,000 орчим хүүхэд байна. Энэ оны эхний тавдугаар сарын байдлаар 1,204,550 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон ба 605,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Их хурлын 2019 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр тэтгэмж олгож байна.
-Хүүхдийн мөнгийг эцэг, эхчүүд нь зорилтот зүйлд хэрэглэхгүй байна гэдэг шүүмжлэл яваад байгаа. Тусад нь данс нээгээд хүүхэд насанд хүрэхэд нь авдаг бол зүгээр гэх ч санал гараад байсан?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дурын арилжааны банкинд хүүхдийн нэр дээр нээлгэсэн хүүхдийн мөнгөний дансанд шилжүүлдэг. Эцэг, эх, асран хамгаалагч нь Хүүхдийн мөнгөний дансыг өөрийн харилцах дансаар дамжуулан авах боломжтой бөгөөд уг асуудлаар тухайн арилжааны банкинд хандаж, хүсэлт гаргадаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгож буй халамжийн нэмэгдэл 100 мянган төгрөгийг хэвээр олгох уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг цар тахлын үед сар бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгож байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас өрх толгойлсон эх, эцэгт тэтгэвэр, тэтгэмж гэсэн хоёр төрлийн үйлчилгээг хүргэж байна. Өрх толгойлсон эх, эцгийн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг цар тахлын үед сар бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгож байгаа. Дээрх нэмэгдэл ирэх сарын 1-нээс цуцлагдана гэсэн журамтай байгаа. Төр засаг наана нь шийдвэр гаргаж сунгах эсэх нь тухайн цаг үед тодорхой болох байх.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )