Италийн “Ferrari” загварын ертөнцөд хөл тавив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Италийн уралдааны болон спорт автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компани хувцас загварын коллекц гаргаж, ресторан нээжээ.

Италийн “La Stampa” хэвлэлд мэдээлснээр, эрэгтэй, эмэгтэй хувцасны анхны загвараа Маранелло хот дахь үйлдвэрийн байрандаа уралдааны автомашин дунд зохион байгуулжээ. Загвар зохион бүтээгчээр нь “Armani” компанийн креатив захирал асан Рокко Ианноне ажилласан байна. Автомашины нэгэн адил “Ferrari” хувцасны загварууд тансаг зэрэглэлд багтжээ. Коллекцод хүүхдийн загварууд мөн орсон байна. Уламжлалт “Ferrari” өнгөнүүд болох улаан болон шар өнгө хувцасны загварт давамгайлжээ. Ингэхдээ Италийн уламжлалт оёдлын үйлдвэрлэлийн техникт онцгой ач холбогдол өгсөн байна.

Тус компани загварын шинэ коллекцыг жилд нэг удаа танилцуулахаас гадна загваруудаа интернет дэлгүүр, Маранелло, Ром, Милан, Лос Анжелес болон Майами дахь нэрийн дэлгүүрээр борлуулах юм. 2022 онд тус компани Хятад улсад нэрийн дэлгүүрээ нээхээр зэхэж байна.

Рестораны бизнест мөн хөл тавьсан “Ferrari” компани Маранелло хотноо “Cavallino” ресторан нээлээ. Ахлах тогоочоор нь бүтээгдэхүүний өнгө, найрлага, хэлбэр дүрсийг нарийн мэдэрдэг “уран зураач” хэмээгддэг Массимо Боттура ажиллаж байна.

Тус компани эдгээр шинэ төслөөрөө дамжуулан Итали хүчтэй хэвээр бөгөөд ирээдүй рүү өөдрөгөөр харж буйг илэрхийлэхийг зорьсон гэж “Ferrari” компанийн ерөнхийлөгч Жон Элканн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top