ОЛОН ӨНГӨ: Нэгэн шүлгээс төрсөн бодол

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” хэмээх эх орны тусгаар тогтнол, ард түмний оюун санааны хил хязгаарт дархлаа болсон шүлэг байдгийг хүмүүс мэднэ. Үүн лугаа олон шүлэг бүтээл Монгол Улсын халдашгүй дархан байдал, ард түмний оюун санааны хил хязгаарт хүрсээр байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд энэ талын бүтээл ховордсон төдийгүй өөр утга агуулга, өнгө аясыг өгүүлэх болсон.

Буруутгах аргагүй цаг үед амьдарч байгаа ч бидэнд утга, уран зохиолоор дамжуулан эх орноо хамгаалах, улмаар үндэстний дархлаа, оршин тогтнох нэгэн үндэс болсон эх хэлээ магтан дуулах, түүнийг хамгаалах тал дээр маш дутмаг байгааг дуулгах нь зүйн хэрэг биз ээ. Үүгээрээ хэн нэгэн уран бүтээлчийн хувь оршихуйд халдах гэсэн хэрэг биш.

Тэгвэл Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дамбын Төрбатыг олон цуврал романаар нь уншигч олон сэтгэлийнхээ хойморт залдаг билээ. Ерээд оны “Болор цом”-ын тайзнаа “Халаасны өрөө”, “Сүү” тэргүүтэн олон шүлгээрээ уншигч сонсогчдыг байлдан дагуулж явсан зохиолч маань сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсэн үгийн бүтээлд анхааралаа хандуулж ирсэн юм.

Гэтэл нэрт зохиолч маань сүүлийн үед яруу найргаа орхиогүй гэдгээ харуулж “Эх хэл” хэмээх шүлгийг уншигчиддаа хүргэсэн нь оюун санааны их тунхаг хэмээн утга зохиолын зүтгэлтнүүд үнэлсэн байна. Тэрээр шүлэгтээ “Хүй тасарч хүн болохын цагт Хөг аялгуу хөлөглөж ирсэн эх хэл минь, Хөрст дэлхий тамгалаж хөлд орохын үед Хөдсөн өлгийнөөс хөтөлж босгосон эх хэл минь” хэмээн дуун алджээ. “Эх хэл” шүлгээс энэхэн мөрүүдийг харахад л эх хэл гэж юутай ч зүйрлэшгүй зүйл, миний амь амьдрал, эх орон, элгэн нутаг, ах дүү, амраг садан гэх ойлголтыг авч болохоор цогц бүтээл туурвижээ.

Үүгээрээ юу өгүүлэх гээд байна вэ гэвэл энэ мэт оюун санааны тунхаг болсон уран бүтээл ус агаар мэт хэрэгтэй байна. Аливаа үндэстний эх хэлийг устгахад л тэр үндэстэн аяндаа устаж алга болдгийг нэгэнт цагт монголчуудыг дарлаж, хүчирхэг мандаж асан Манж гүрнээс жишээлэн харж болно. Дэлхийн том гүрнүүд үндэстэн оршиход хамгийн том нөлөөлөх эх хэлээ хамгаалах аянд мордож байна. Эх хэлийг хэрхэн хамгаалах вэ гэхээр үндэсний уламжлалт уран зохиолыг түгээн дэлгүүлнэ гэдгийг дуу нэгтэй хэлэх аж. Тиймээс монголчууд бид, тэр тусмаа зохиолч, уран бүтээлчид маань энэ тал дээр анхаарч тунгаагаасай гэж хүсэх байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top