СХД-ийн Онцгой комиссын бүрэлдэхүүн үерт автсан хороодод ажиллалаа

2021 оны 06 сарын 16

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр /2021.06.15/ Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албаныхантай хамтран  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай үерт автсан  9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа. Эдгээр гурван хороог дамнан булаг, хөрсний ус ихээр нэвчин гардаг бөгөөд аль ч улиралд усанд автах эрсдэлтэй хороодод тооцогддог юм.

Харин сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж буй нь  усны судал, үерийн ам даган буусан айл өрхүүдэд хүндрэл учруулж байна.   Өмнө нь дүүргийн Засаг дарга эдгээр эрсдэлтэй хороодод Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгтэй ажиллаж үерийн далан барих боломжтой газруудыг судлан, Нийслэлийн төсөвт суулгахаар болсон.

Харин өнөөдөр тус хэсэгт үерт автаад буй нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай айл өрхүүдийн нөхцөл байдал дээр ажиллахдаа  үер, ус байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх ажлын хэсгийнхийг эрсдэлийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болгов.

Хороодын  зарим өрхүүд үерийн ам дагуу өөрийн эзэмшлийн хашаагаа сунгаж  барьсан нь  явган болон авто замыг  усанд автаж, эвдрэхэд  нөлөөлсөн байв.  Эдгээр өрхүүдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга өөрийн биеэр уулзаж газар чөлөөлөх асуудлыг хөндөн, үүсээд буй нөхцөл байдлын учир шалтгааныг тайлбарлаж, байгалийн хүчин зүйлийг хурдан хугацаанд шийдэх боломжгүй ч гэсэн Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр үер, ус байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл байдлыг бүрэн хангаж байгаа талаар хэллээ.

Мөн Онцгой байдлын албаны дарга А.Алтансүх үерт автсан хэсгүүдийн түвшин өндөр, хүүхдүүд хараа хяналтгүй усанд өртөх эрсдэлтэй байгааг хороодын удирдлагуудад сануулж хөдөлгөөн хориглох, анхааруулгын тууз татаж, хороодын иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэх мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top