Төсвийн шинэчлэлээр халах ёстой халамжууд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн “Бидний тавьсан өрийг үр хойч төлчихнө” хэмээн хэнэггүй мэдэгдэж билээ. Түүнээс хойш олон хавар улирч, байдал дээрдсэнгүй.

Өнөөгийн хүндрэлд ах нар буруутайн адил ирээдүй биднээс шалтгаалах учиртай. Яг өнөөдөр бид олсон хэдээ ирээдүйгээсээ хулгайлан идэж, ууцгааж байна. Элдэв халамж, тэтгэвэр тэтгэмж, эхийн одонгийн мөнгө, алдар цолны нэмэгдэл, хөнгөлөлт зэргээр 2,263,294 хүн өсөж арвижиж байх ёстой улсын мөнгөөр угжуулж байгаа нь бодит тоо баримт. Тэднийг нийтэд нь давхардсан тоогоор 2.3 сая хүн ямар нэг халамж авдаг гэж яриад байгаа. Энэ тогтолцоог төсвийн шинэчлэлийн хүрээнд нуран унагаах талаар олон ч жил ярилаа. Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Бид байгаа оноогүй олон халамжийн бодлогоос татгалзаж, бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Энэ жилийн хувьд бодлогын шинэчлэлийг цар тахлын хүнд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулж хийнэ” гэв. Тэгвэл шинэчлэл нийгмийн даатгал, халамжийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхгүйгээр шийдэгдэх асуудлыг биш юм. Тогтолцоог нь шинэчилснээр Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангууд аяндаа ашигтай ажиллаж, Монголын үр хойчид баялаг болж үлдэх ёстой.

Нийгмийн даатгалын сан дампуурах хэмжээнд хүрээд удаж байна. Эв хамтын тогтолцоогоор явж буй энэ сан аврал эрэх хэмжээнд хүрчихсэн. Ахмадуудын тэтгэвэр тавьдаг энэ сан дампуурчихвал, гарах үр дагаврыг нь тооцож баршгүй. Ийм том шалтгаанаар энд тэндээс мөнгө олж аргацаах бус бүхэл бүтэн системийнх нь хувьд шинэчлэх асуудал энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдэгдэх магадлал өндөр байгаа. Энэ талаар хэлж ярьж, хуулийн төсөл санаачилсан гишүүд ч бий. Гэхдээ иргэдийн цалингаас авч буй нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хувийн компанид хүчээр өгөх асуудал гарсан учраас хуулийн төслийг хэлэлцэх явц удааширсан. Уг нь иргэд мөнгөө хувийн даатгалын компанид өгөх эсэхээ сонгох сонголтыг нээлттэй үлдээчихэд л болох асуудал юм билээ. Нийт системийн шинэчлэл иймэрхүү жижиг ашиг сонирхлоос болж гацаад байгаа нь хайран. Ажилтан, ажил олгогч хоёрын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр бүрддэг Нийгмийн даатгалын сан зөвхөн өнгөрсөн онд 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.  Өнгөрсөн онд тус санд 1.5 их орлого төвлөрч, төлөвлөгөө нь 104 хувиар бүрдсэн гэх. Гэвч зарцуулалт нь 2.5 их наяд байсан. Улсын төсвөөс 400 орчим тэрбумын татаас өгч, дутсан хэсэг нь алдагдал болж үлдсэн. 

Тэгвэл энэ он гарсаар тус сангийн зарлага, орлогоосоо 100 орчим тэрбум төгрөгөөр давчихсан явж байгаа аж. Алдагдал цаашид ч өснө.

Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дурдсан 700 орчим мянган ажилтны төлдөг нийгмийн даатгал, орлогын татварыг нөгөө 2.3 сая нь халамж хэлбэрээр хуваан хүртэж байгаа. Үүний 500 мянга нь л өнгөрсөн хугацаанд хийж бүтээж, хууль ёсоор гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд байх юм. Аль 2017 онд энэ байдлыг засахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэх шаардлага тулгарсан. Олон улсын валютын сангийн шахалтаар хийсэн энэ нэмэгдлийг цар тахал, эдийн засгийн хүндрэл, ардын амь амьжиргаа зэргээр шалтаглан хойшлуулаад байгаа. Үнэндээ улс төрийн угсраа сонгуулиуд эрх баригчдад шахалт болсон л доо. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт УИХ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдлийг хойшлуулах хуулийн төсөл баталсан. Системийг шинэчлэх бус гал зорилготой, энэ мэт аргацаасан арга хэмжээ нийгмийн даатгалын тогтолцоог аврахгүй. Харин ч Нийгмийн даатгалын сангийн дампуурах хугацааг богиносгож байгаа. Мөн тогтолцоог засах нэрийдлээр нуухыг нь авах гээд нүдийг сохолж болохгүй гэдгийг учир мэдэх улсууд хэлэх болсон. Тухайлбал, Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд ажилтан, ажил олгогч хоёрын төлж буй нийгмийн даатгалд төлж буй 17 хувийн шимтгэлийн дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд албан журмаар хуваарилах заалт бий. Энэ нь эв хамтын системд түшиглэсэн өнөөгийн Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэж үздэг.

Дараагийн өөрчлөх ёстой тогтолцоо бол Нийгмийн халамжийн сан. Үндсэндээ орлого гэх зүйл байхгүй. Улстөрчид татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг сан гэхэд болно. Тэгэхээр Нийгмийн халамжийн сангийн завхралыг халах асуудал өөрөө төсвийн шинэчлэл юм. УИХ элдэв халамж олгохоос татгалзахад, яваандаа шийдэгдчих завхрал гэсэн үг. Олонх эдийн засагчид уул уурхайн орлогыг ууж буй энэ сангийн зарлага жилээс жилд тэлж буй шүүмжилсээр ирсэн. Тус сангаас зөвхөн энэ оны эхний таван сард 2.3 сая хүнд 828 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ. Энэ нь олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт жилийн өмнөхөөс 352.7 тэрбум төгрөг буюу 74.2 хувиар өссөн гэсэн үг. Учир нь нийгмийн халамж хүртэгч ганцхан жилийн дотор 90.2 мянгаар нэмэгджээ. Гэтэл цар тахлын нөлөөлөөр үүнээс олон хүн ажлын байраа алдаад байгаа.

Нөгөө талаар төрөөс олгох халамжийн хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн ажил эрхлэх сонирхол буурч байна ч гэж үздэг.  Халамж төсөвт дарамт учруулахаас нийгмийн үзүүлж буй нөлөөллөөрөө ийм хортой. Өнөөдөр Нийгмийн халамжийн сангаас 72 нэр төрлийн 12 багц халамж урсгаж байгаа. Монгол Улс энэ оны төсөвтөө 1.7 их наяд төгрөгийн халамж олгохоор тооцсон бол уул уурхайгаас 3.4 их наяд төгрөг олохоор тооцсон хоёрыг хороонд нь харьцуулахад л үр ашгийн үзүүлэлт хангалттай харагдана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
башир мэх хууртаж бо(64.119.23.34) 2021 оны 06 сарын 18

Эрх мэдэлтнүүд салвар бүрээс сааж баруун солгойгүй цацаж байд мөнгөний хажууд ирдэд өгч байгаа 828 тэрбум нь задгай мөнгө л гэсэн үг. Сонгуулиар баруун солгойгүй цацсан, Оюун-Эрдэнийн ”лусын сан” гэгч шиг 10 тэрбумын багцл гэнэ,явсан газар бүртээ олон зуу саяний санхүүжил хийнэ гэж олонд таалагдах гэх,бас нийгмийн хар масс болох мөлхөө хөлөө хошигруулж таалагдах гэсэн хорлонтой сэдлээр цацсан мөнгөө иргэдээс авах гэсэн л башир арга.өөр юу ч биш

0  |  0
Top