ЗААВАЛ УНШИХЫГ ХҮСЬЕ I Улаан бүсээс ЭМЧ НАР ярьж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17


Юуны өмнө өчигдөр манай сайтад нийтлэгдсэн Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаагийн ярилцлагыг дахин сануулъя. Тус ярилцлагын дараа Zindaa.mn-д эрүүл мэндийн салбарын олон ажилтнууд холбогдож, үзэл бодлоо хуваалцсан тул эмч нарын ажиллах нөхцлийн талаарх тодруулгаа бид үргэлжлүүлэн, зарим эмч, мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо. Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх, улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. 


МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЖАГСАХАД БЭЛЭН БАЙНА

-Улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдын нөхцөл байдал ямар байна вэ. Хүний нөөцийн дутагдалд орж, нөхцөл байдал хэцүүдсэн тухай мэдээллийг бид олон нийтийн сүлжээнээс авч байна. Үнэн үү?

-Үнэн. Хүний нөөцийн дутагдалд орсон. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарсан мэдэгдэл гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Эрүүл мэндийн ажилчид маш олноороо өвдөж, тусгаарлалтад орж байгаа нь эмнэлгийн хүний нөөцийг хомсдуулах эхний шалтгаан болж байна. Эмч ажилчид өвдөж, туйлдаж ядарч байна. Дээр нь ар гэрийнхэн, үр хүүхэд нь өвдөж байна. Эрүүл мэндийн салбар маш хүнд байдалд орлоо. Эмнэлэг байхгүй тул эрүүл мэндийн ажилчид гэртээ тусгаарлагдаж, өөрсдийгөө эмчилж байна.

-Цалин хөлсний хувьд хангалттай байж чадаж байна уу?

-Үнэхээр ханлатгүй байгаа. Үйлчилгээний гэх ангилалд хамаардаг асрагч, сувилагч, нярав, жолооч гэх мэт ажилчид хагас сард 207 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь тэр чигтээ цалингийн зээлд суутгагддаг. Сүүлийн цалингийн тал нь ч цалингийн зээлд явдаг. Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж байна. Манай үйлдвэрчний эвлэл удаа дараа энэ асуудлыг хөндөж, бүхий л шатны газарт хандсан. Ингэхэд нэг нь ч хариу ирүүлдэггүй. УИХ-ын байнгын хорооны дарга нь Эрүүл мэндийн яам руу үүрэг даалгавар өгдөг, яам нь харьяа газар руу үүрэг даалгавар өгдөг. Ингээд л бие бие рүүгээ чиглүүлсэн ямар ч үр дүнгүй ажил болж хувирсан. Өнөөдөр салбарын ажилчид маань ажлаа хаяад, жагсахад бэлэн байна. Олон Улсын эрүүл мэндийн ажилчид манайхаас 8-10 дахин өндөр цалин авдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар цар тахлын үед үндсэн цалинг 3 дахин нэмэгдүүлж олгох хуулийн заалттай ч хэрэгжүүлж ажиллахгүй байна. Сонгууль, шагнал, номын баяр гээд халдварыг өргөн хүрээнд тарааж байхад салбарын сайд нь ямар ч арга хэмжээ авахгүй байна. Монгол хүний амь нас өдөрт арав арваараа үгүйрч байхад наадам хийнэ гээд сууж байх юм.   

-Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар ээлжээр ажиллаж чадаж байна уу. Хүний нөөцийн хомсдолд орсон тул ээлж солигдох ажилтангүй болсон гэж үнэн үү?

-Үнэн. Улаан бүсэд ажиллах хүний нөөц алга. Нарийн мэргэжлийн халдвар судлаач 6-8 хүн байдаг. Эдгээр хүмүүс өвдлөө гэхэд нарийн мэргэжлийн хүний нөөцгүй болно. Салбар хүндэрч байна. Өвдсөн эмч, ажилчдынхаа нөхөн олговрыг хурдан олгох хэрэгтэй. Халдвар авсан эмч эмнэлэгт хэвтэх гэхээр эмнэлэг байхгүй, эм авах гэхээр мөнгө байхгүй. Бодит байдал ийм л байна.


Эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, хүний нөөц ямар байгааг ковидын халуун цэг "Улаан бүс"-д ажиллаж байгаа эмч нараас тодруулан хүргэж байна. Эмч, ажилчдын ихэнх нь халдвар авч, ээлж солих сувилагчгүй болсон талаар учирлаж байлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАЙЛААСТ САЛБАРЫН ЭРХЛЭГЧ Ц.ДОРЖМАА:

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин бага байна. Миний хувьд сургуулиа төгсөөд 20 гаруй жил ажиллаж байгаа ч цалингийн урьдчилгаа 310 мянган төгрөг авдаг. Гэтэл манай үйлчлэгч, жолооч бүр ч бага цалин авдаг. Бид тангараг өргөхдөө хүнийг сайн эмчилнэ, гэхдээ хөдөлмөр хөлсөө мөлжүүлнэ гэж өргөөгүй. Эмч, эмнэлгийн ажилтнууд голын нөгөө эрэг болсон ард түмэнтэйгээ хэрэлдээд зогсож болохгүй. Бид ч бас ард түмний нэг хэсэг. Иймд хамтын хүчээр цар тахлыг даван туулах хэрэгтэй. Өнөөдөр энэ салбарт ажиллах хүнгүй боллоо. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилтнууд маань өвдөөд байгаад гунигтай байна. Гэртээ эрүүл харина гэсэн итгэл алдарсан. Өвдөөд явсан эмч, сувилагчийн үр хүүхэд нь өвдөж байна. Хэлэх үг олдохгүй, үнэхээр гунигтай байна. Гэхдээ бид өөрсдийнхөө төлөө дуугарахгүй бол хэн дуугарах вэ. Бид ариун цэврийн өрөө орох, аяга цай уух завгүй л үр хүүхдээ эрсдэлд оруулаад ажиллаж байна. Би амбулаторийн эрхлэгч, 30 гаруй хүн хариуцаж ажилладаг. Одоо бол Хайлааст орчмын вакцинжуулалтыг хариуцан ажиллаж байгаа. Манайхаас 5, 6 хүн өвдөөд, заримынх нь хүүхэд өвдсөн. Эмч, ажилтнууд гадуур тэнэж яваад өвчин авдаггүй. Ээлжинд гарахаараа 24 цаг ажиллана, дараагийн хүн ирэхгүй бол 36 цаг ч ажиллана. Эмч, ажилчид үнэхээр өрөвдөлтэй байна. Төр засаг маань бидний хөдөлмөрийг шударгаар үнэлээсэй. Бусад улс орны үнэлэмж манайхтай харьцуулахад дээгүүр байдаг. Бид үр хүүхдүүддээ бүтэн таваг хоол авч өгмөөр байна.

СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА Б.ЖАВЗМАА:

-Би "Улаан бүс" рүү орж ажиллахаас өмнө илүү цагтайгаа нийлээд 1,3 сая төгрөг гар дээр авдаг байсан. Ингээд "Улаан бүс" рүү орж, 14 хоног ажилласны дараа яг л адилхан цалин авсан. "Улаан бүс" дотор ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг нэмнэ гэж хэлж байгаа ч бодит байдал дээр өөр байна. КОВИД-ын тасагт нэг эмчид 20 хүн оногдох ёстой ч 35 хүн оногддог. Би 2020 оны сүүл үеэс "Улаан бүс" рүү орж ажилласан. Гэтэл өнөөдөр би өөрөө КОВИД-19 халдвартай, маш хүнд байдалтай байна. Нэг хүн өдөрт 3 литр ус уух ёстой байтал 1 литр ус уугаад, яаж эрүүл мэндээ хамгаалах юм бэ. Эмч нар халдвар хамгааллын дэглэм маш сайн баримталж байгаа. Витамин хэрэглэж, спирт цацдаг би тусч байгаа юм чинь надаас хүнд нөхцөлтэй, 1000 төгрөг ч үгүй байгаа эмч нар яах болж байна аа. Би бас ч гэж эцэг, эхийн буянаар Архангайн мах, цагаан идээ хэрэглэдэг ч халдвар аваад байхад хэрэглэдэггүй хүн ямар байх вэ.    

Ийм ачаалалтай ажиллахын зэрэгцээ ард иргэд дарамталдаг. Ард түмэн биднийг ойлгоосой гэж хүсэж байна.    

Манайх ам бүл дөрвүүлээ, байр, машины зээлтэй. Би улсад 24 жил ажиллаж байгаа ч авч байгаа цалин маань амьдралд хүрэхгүй байгаа тул сэтгэл дундуур байдаг. 

“ЭХ НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ИЙН АРЬС, ХАРШЛЫН ЭМЧ С.ЭНХЦЭЦЭГ:

-Эмч, эмнэлгийн ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа ч цар тахлын хүнд үед бид өргөсөн тангарагтаа үнэнч байсаар л байна.

Өнөөдөр ээлж солих эмч, сувилагч алга. Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны ар гэрийнхэн нь өвдөж байна. Халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүстээ урам хайрлаж, битгий дарамтлаасай гэж хүсэж байна. Өнөөдөр "Улаан бүс"-д ажиллаж байгаа эмч, ажилчдыг ард иргэд элдэв үгээр доромжилж, янз бүрийн зүйл шаардаж байна. 

Цалин хөлсний хангамжаас гадна ард иргэдийн халдлагаас үүдэн хүний нөөцийн хомсдолд орж байна. Бидний нөхцөл байдлыг ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 

Сувилагч авах зар тавиад ч хүн ирэхгүй байна шүү дээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.127) 2021 оны 06 сарын 18

dandaa chudlaa yridag zasgiin gazar ESaid ,YOK ,NOK tanar bugd luivarchid ,tanaraas bolj olon zuun chun nas barsan. odoo tanar nuglee edlech estoi.

0  |  0
Зочин (64.119.21.85) 2021 оны 06 сарын 18

Жавзмаа гэдэг нь юун ч баярхуу юм бэ дээ. Эцэг эхийн буянаар Архангайн мах, цагаан идээ иддэг ч гэх шиг. Өвчин гэдэг хэний ,юуны буянаар байгааг ялгахгүй л тусна .

0  |  0
Иргэн(192.82.88.204) 2021 оны 06 сарын 18

Эмч нар ажлаа сайн хийх хэрэгтэй. Төр засаг цалин хөлсийг нь нэмэх хэрэгтэй. Ажилдаа дор бүрнээ анхаарах шаардлагатай болжээ. Салбарын хувьд их хоцрогджээ. Шинэ нөхцөл байдал үүнийг илрүүллээ. Засгийн газар эрүүл мэнд , боловсрол хоёроо анхаарахгүй бол монгол мөхөхдөө тулаад байна.

0  |  0
м(192.82.78.46) 2021 оны 06 сарын 18

Z албан тшаал нь ондоо болхоор их,бага авна ялгаатай

0  |  0
Бодлын хулгайч(59.153.115.45) 2021 оны 06 сарын 17

ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭЭД ӨГӨӨЧ. ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ. ГАДААДАД ЭМЧ НАР БОЛ ХАНГАЛТТАЙ АВДАГ. АВИЛГАЧИН ОЦГОНОДОГ ШҮҮГЧ ПРОКУРОРУУДЫН ЦАЛИНГ ХАС

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 17

Тал талаасаа зорилгоо нээтгээд жагсацгаая. Төрөөс Таван толгойн ногдол ашгийн мөнгийг авах хугацаа 3 сараар хэтэрсэн. Иргэн бүр 600 мянган төгрөг авах ёстой. Эрх ашгийнхаа төлөө жагсацгаая.

0  |  0
Z(202.9.46.163) 2021 оны 06 сарын 18

Нэг эмч нь 1,3 сая төгрөг авдаг гэлээ нөгөө нь 310 мянган төгрөгний урьдчилгаа цалин авдаг гэлээ. Алинд нь итгэх вэ. Хоёулаа олон жил ажилласан.

1  |  1
санги(192.82.89.167) 2021 оны 06 сарын 17

ийм болгосон сарангэрэл нямхүү амбасалмаа нартайгаа ярихгүй юү.тэгж чадаагүй байж битгий гоншгоно.

1  |  0
Зочин(103.9.90.100) 2021 оны 06 сарын 17

Арай арай.....Хэлэх ч үг алга...

0  |  0
.нацаг(192.82.90.202) 2021 оны 06 сарын 17

Цалин хөлсийг нь нэмэхэд соёл урлагийнхан битгий барьцаж хэвлэлийн хурал жагсаал хийгээрэй

1  |  0
Top