ОЛОН ӨНГӨ: Нутаг бодогдох цагаар...

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Зуны сар хэзээнээсээ нүүдэлчин монголчуудын хувьд баяр баяслын цаг нь байсан юм. Суурин иргэншилтэй орнуудад барьж бүтээх, тариа ногоон дээрээ ажиллах хугацаа тоологдож эхэлдэг бол малчин удамт монголчуудын хувьд нуруу тэнийж амсхийдэг улирал нь юмсан уу даа. Тиймээс ч өдгөө хотод суурьшсан хэд нь ч чухам энэ үед л хөдөө нутгаа зорьж, ах дүү нартаа бараалдаг учиртай. Хэн хэнийх нь сэтгэл тэнэгэр, айраг цагаа элбэг дэлбэг байхад нэг нэгнээ санаж хүлээсэн хүмүүс уулзах сайхан. Хэвшил, уламжлал болон тогтсон болохоор газар дэлгэрч, бороо шивэрсэн ийм л өдөр нутгаа санаад гараад гүйчихмээр байдаг. Өнөөдрөөс нар буцаж байна.

Наймдугаар сар дуустал Монголын уудам оронд инээд хөөр, баяр жавхлангийн уухай тасрана гэж үгүй. Харин өнөө жилийн хувьд дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал манай орны өнцөг булан бүрд үүрэлсэн тохиол таарсан нь гачлантай. Яваад очиход монгол ах, дүүс нөгөөгөө нүд үзүүрлэх нь битгий хэл сэтгэл дэвсэн угтах нь тодорхой боловч Улаанбаатарын хөл хөдөлгөөнөөс нутгийн зүг очих тухай бодохдоо зүрхшин бэргэх аж. Ахмадууддаа үнсүүлж, айл хунараар орох нь өнөөдөр, энэ зун биш бололтой. Ганц зун хүслээ дарж, хөдөөг зорихоо азнавал магадгүй ирэх жил энх тунх эргэн уулзахад ярих сонин нь элбэг, хүлээсэн хөөр нь бялхуу байх ч юм бил үү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top