Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 34 суманд микробиологийн аргаар MNS:6866-2020 улсын стандартын дагуу үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж дууслаа. Микробиологийн бэлдмэлийн чанар, эрүүл ахуйн байдалд Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори дүгнэлт гарган бусад бүлээн цуст амьтдад халгүй болохыг баталгаажуулсан.
Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хаврын улиралд зохион байгуулснаар нийт 100 гаруй мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүллээ. Мөн зун, намрын улирлын бэлчээрийн тэжээлийн нөөцийг 122 сая тонноор нэмэгдүүлэв.
Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний намрын ажлыг 9-11-р сард 9 аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлнэ.
Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн тус бүр 20 мянган га нийт 60 мянган га бэлчээрт хэрэгжүүлнэ. Тус аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар царцааны тархалт, олшролтын тодотгох судалгаа хийж дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж, үр дүнг баталгаажуулж, зөвлөмж хүргүүлсэн зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Харин шаардлагатай ургамал хамгааллын бодисын нийлүүлэлт хүлээгдэж байгаа ч 8-р сард багтаан дуусгах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )