Багш нараас цаасаар тайлан мэдээ авч хоёр ажил хийлгэдэгээ больё гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Цахимд шилжсэн л юм бол багш нараас цаасаар тайлан мэдээ авч хоёр ажил хийлгэдэгээ больё гэж салбарын сайд нь мэдэгдлээ. Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ  "Багш нар маань хоёр ажил хийгээд байгаа нэг ийм зовлон байна. Цахим болчихсон мөртлөө дахиад цаасаар тайлан мэдээллээ өгдөг. Энэ нь багш нарт маш их илүү ачаалал өгдөг. Нэгэнт цахимд шилжсэн л бол дахиж тайлан мэдээг цаасаар авах шаардлагагүй гэж үзэж байна.

Менежментийн системийг хөгжүүлж байж Боловсролын удирдлага, чанар, гүйцэтгэлийн асуудлууд яригдана. Одоо 2022 оныхоо төсвийг үр дүнд чиглэсэн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж байгаа учраас багшийн ажлыг дүгнэх, сурагчдын мэдлэгийн ахиц, дэвшлийг үнэлдэг үнэлгээний системийг гаргаж ирэхээс өөр арга байхгүй.

Манай Боловсролын Үнэлгээний Төвд ийм платформыг хийгээд бэлэн болж байгаа. Үүнийгээ бид ирэх намраас үе шаттайгаар хэрэглэж, илүү үр дүнд чиглэсэн санхүүжилтийг уясан ийм ERP системийг нэвтрүүлнэ.

ERP бол хүний нөөцийн бүх мэдээлэл, наад зах нь салбарын урсгал зардлын бүх мэдээлэл ил тод байлгах систем. Ер нь цаашдаа боловсролын 4 том байгууллагаа их чадавхжуулах ёстой.

Боловсролын их сургуулийн багш бэлддэг тогтолцоо, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвөө бид хамгийн түрүүнд чадавхижуулж авах зайлшгүй шаардлага байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top