УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2021.06.22/ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.
Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталж, 2020 оны арванхоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Улсын Их Хурлын Түр хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” 36 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд “Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, … асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах”, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулах”-ыг Засгийн газарт даалгасан.
Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 5 удаа шилжүүлж, 2 удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн талаар сайд танилцуулав.
Гэсэн ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хадварын тандалт судалгаа, илрүүлгийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах шаардлага тулгараад байна. Мөн ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсныг танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөг байхаар баталсан ч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа. Үүний зэгрэгцээ Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар дурдав.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Энхбаяр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан хариулт авав. Гишүүдийн асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Засгийн газрын гишүүд хариулт өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил хийгдэж байгаа. Одоогоор 860 хөхүүл эх, 16-17 насны 10294 хүүхдэд Файзер вакцин хийгээд байгаа. Цаашид 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэллээ.
Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос хийж буй ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ олон нийтэд ил тод, нээлттэй байгаа. Цаг хугацаатай уралдсан, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэрүүдийг тухай бүрт нь шуурхай гаргаж, Засгийн газар төсөв хоорондын зохицуулалт хийж, өнөөдрийг хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг авч ирсэн. Үүсээд буй нөхцөл байдал, төсөв санхүүгийн чадавх, нөөц боломжийг харгалзан хуулийн хугацааг сунгахын зэрэгцээ шаардлагатай зарим нэмэлт, өөрчлөлт оруулж зохицуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )