Мөрөөдлөөрөө жигүүрлэж амьдардаг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Үнэндээ манайд завгүй залуус олон. Гэр бүл зохиож орон сууцтай, машинтай, зуслангийн газар, хашаа, байшинтай болохын төлөө, хүүхдүүдээ сайн сургуульд сургахын төлөө, хайртай хүмүүсийнхээ аз жаргал, инээмсэглэлийн төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл, басхүү хонон өнжин ажилладаг залуус зөндөө. Өглөө 07.00 цагаас Яармагийн нэгдүгээр буудлаас автобусанд суухдаа нэг эрхэмтэй хэдэнтэй таарсан юм. Нүдэнд дулаахан хөрслөг бор царайтай харааны бэрхшээлтэй иргэн л дээ. Ойрын туслах таягаа тулаад автобусанд суугаад ажилдаа явж буй нь тэр.

Өглөө бүр номын сан зүг рүү ажилдаа очих, орой ажлаас тарахдаа таарна. Автобусанд суудал тавьж өгсөн хүн бүрт баярлалаа гэж хэлнэ. Автобусны картаа дандаа цэнэглэж явдаг. Хариуцлагатай, талархах сэтгэлтэй хүн юм. Олон хүн байгаадаа сэтгэл ханахгүй, байхгүйдээ шаналж амьдардаг. Тэр эрхмийн хувьд ондоо гэдэг нь харилцаа хандлагаас нь илхэн мэдрэгддэг. Хар юм уу хөх өнгийн голцуу хослол өмсөөд яг нэг цагтаа автобусанд суудаг хижээл насны эр, ажлын хувцсаа бараг өдөр бүр угааж сольдог байхдаа гэж бодогдтол цэмбэгэр хувцасладаг барилгын ажилтай хорин хэдхэн настай залуутай хааяа таарна. Бүгд л мөрөөдлөөрөө жигүүрлэн ажиллаж, амьдарч явна. Авсан цалин хэд ч байсан, амралт ачаалал хэр ч байсан чадвар, нөөц бүхий л боломжоороо хичээж зүтгэж, хөдөлмөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top