Жил бүрийн тавдугаар сарын эхний 10 хоногт улсын хэмжээнд хаврын тариалалт эхэлдэг. Энэ жилийн хувьд тариалалт эхлэх үеэр хөл хорио тогтоож таарсан. Тухайн үед ХХААХҮЯ-наас “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр технологийн хугацаатай тариалалтын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой” гэсэн байр суурийг хэлж байсан. Тэгвэл одоо хоёр сар орчим үргэлжилсэн тариалалтын ажил дуусах шатандаа орж, тариалалтын чанарыг үнэлж байгаа зэрэг цаг үеийн сэдвээр ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн тариалалт өнөөдрийн байдлаар ямар үр дүнтэй явж байна вэ?
-Энэ жил нийт 527 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад ажилласан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 553 мянган га талбайд тариалалт хийлээ. Төлөвлөснөөс тав орчим хувиар илүү тариалалт хийсэн. Тодруулбал, 414 мянган га-д үр тариа, 384 мянган га-д улаанбуудай, 15.8 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68.3 мянган га-д тосны ургамал, 41.6 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тус тус тариалаад байна. Одоогоор хүнсний ногоо, тэр дундаа шар манжингийн тариалалт эд хийгдэж байна. Малын тэжээлийн тариалалт хараахан дуусаагүй байгаа. Тиймээс тариалалтын хэмжээ цаашдаа тодорхой хувиар нэмэгдэнэ.
-Монголчуудын хоол хүнсний гол хэрэглээ гурилыг хийхэд үндсэн түүхий эд нь буудай байдаг. Тиймээс буудайг стратегийн хүнс гэж үзэж, тариалалтад ач холбогдол өгдөг. Энэ жилийн хувьд буудайн тариалалт өссөн дүнтэй байна. Тариалалтын чанар ямар байгаа вэ?
-Тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажилд тариалан бүхий 12 аймгийн 79 сум, 1350 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн 384 мянган га талбайн улаанбуудайн тариалалтыг хамруулсан. Нийт тариалсан талбайн 80.2 хувь буюу 308 мянган га талбай хээрийн соёололтоор онц сайн үнэлгээтэй гарсан. Өмнөх жилүүдэд соёололт 70 гаруй хувьтай байдаг бол энэ жил 10 гаруй хувиар сайжирсан. Энэ жил бороо ихтэй, чийг сайн байгаа нь тариалалтын чанарт эергээр нөлөөлж байна. Урьдчилсан байдлаар төмс, улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар тариалалт хийгдлээ.
-Газар тариалангийн нутгаар хүнсний ногоо, малын тэжээл тариалж хараахан дуусаагүй байгаа гэлээ. Тариалалтыг хэзээ бүрэн дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Долоодугаар сарын 1-нд мэдээгээ эцэслэж гаргана. Тариаланчдаас авсан мэдээгээр одоогийн байдлаар 142 мянган га-талбайд ураншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд ажил үргэлжилж байгааг хэлсэн.
-Цар тахлын улмаас тариаланчдын ажилд бэрхшээл гарч байна уу?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Эрүүл мэндийн яамтай хамтраад тариаланчдыг вакцинд хамруулсан. Тухайн орон нутаг болон Зам тээврийн яам, онцгой байдалтай харилцан тохиролцож тариаланчид орон нутагт зорчих, тээвэрлэх асуудлыг шийдсэн. Тиймээс тариалалт технологийн төлөвлөгөөт хугацаандаа бүрэн хийгдсэн. Энэ жилийн хувьд хүнсний ногооны тариалалт хүйтрэлтээс шалтгаалж 5-6 хоногоор хоцорч тариалсан. Гэвч одоогийн тариалалтын нөхцөлийг харахад намар дотоодын хэрэгцээгээ хангаад явна.
-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгож буй Тариалан эрхлэлтийг дэмжих 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн явц ямар байгаа вэ?
-Нийт 768 иргэн, аж ахуйн нэгжээс зээл авах хүсэлт ирүүлсэн. Үүнээс 316 иргэн, аж ахуйн нэгжид 16 тэрбум гаруй төгрөгийн зээлийг олгоод байна. КОВИД-19-тэй холбоотой банкуудын ажиллах цагийн хуваарь багасч, өвчлөл өсөхөд зээлийн гаралт багасдаг. Тэгвэл одоо тариаланчдын ажил жигдэрч дууссан учраас зээлээ хөөцөлдөх цаг завтай болно. Удахгүй зээлийн гаралт илүү нэмэгдэнэ байх.
-Тариаланчдын зүгээс зээл авахад хүндрэлтэй зүйл байгаа юу?
-Төрөөс зээлийн эх үүсвэрийг гаргаад, хүүгийн хөнгөлөлтийг нь шийдээд өгч байгаа. Жилийн гурван хувийн хүүтэй зээл. Зээлдэгчид арилжааны банкуудын тавьсан шалгуурыг хангах ёстой. Зээлийн эргэн төлөлт, барьцааны шаардлагаа хангаад ногдсон хэмжээгээрээ зээлээ авах боломжтой. Төрийн банк, ХААН банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан зээл олгож байгаа.
-Хөнгөлөлттэй зээлээс гадна тариалан эрхлэгчдийг дэмжих одоо хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөрүүдээс мэдээлэл өгнө үү?
-Энэ жилийн хувьд үндсэн дэмжлэгүүд болох үрийн буудайг 10.2 мянган тонныг импортоор, 5000 мянган тонн буудайг дотоодын тариаланчдаас авснаар нийт 15.2 мянган тонн үрийн буудайны нөөц бүрдүүлсан. Үүнээс 390 аж ахуйн нэгжид 12.5 мянган тонн улаанбуудайны үр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Мөн түлш, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг олгосон. Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа усалгаа, техникийн дэмжлэгүүд явсан. Ирэх долоодугаар сард багтааж Бүгд Найрамдах Беларусь улаас 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, хүнсний ногоо бэлдэхэд зориулсан 440 ширхэг техник, хадлангийн иж бүрдлийг оруулж ирээд, тариаланч, ногоочиддоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Saihan medeelel baina. Amjilt husie.
Сонсоход сайхан мэдээ байна. Хааяа ийм эерэг зүйл сонсмоор байдаг юм.