Б.Батцэцэглэн: “Марко Поло” кинонд "Зээргэнэтийн шил"-ийг дуулахдаа монгол хүн гэдгээрээ бахархсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 27

"Сүнжидмаа", "Алгирмаа", "Нуун заяа", "Үлэмжийн чанар", "Хоёр сэтгэл" зэрэг ардын дуугаараа олноо танигдаж уран бүтээлээ туурвиж яваа дуучин бол Б.Батцэцэглэн билээ. Ардын дуу, уртын дууны өв соёлыг тээж, домог хуучийг нь судалж, сонсогч түмэндээ хүргэдгээрээ тэр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.


-Уран бүтээл өндөр үү, таны нэр их содон юм аа?

-Аав маань надад Цэцэглэн гэж нэр өгнө гэхэд өвөө “аавынх нь нэрний Батыг оруулна” гээд Батцэцэглэн гэж нэрлэсэн гэдэг.  Би дөрвөн охинтой айлын бага нь шүү дээ. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд зөв хүмүүжилтэй, ажилд сайн, аливаа зүйлд буурь суурьтай ханддаг шиг санагддаг. Би бол эмээгийнхээ хайртай охин нь шүү дээ. Тууштай, тэвчээртэй, олонтой эвтэй байх, ажилдаа чамбай байхыг эмээ минь зааж, сургасан. Эмээ минь Доржийн Нансал гэж сайхан буурай байлаа. Манай Улаанбадрахынхан андахгүй дээ. "Нансал мээм, мээм эх, мээм ээж" гэж нутгийнхан маань авгайлдаг байсан юм. Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Миний бага нас хөдөө говьд өнгөрсөн. Нүүдэлчин монгол ахуйн сайн сайхныг мэдэрч өссөн. Энэ маань миний нэрийн хуудас, уртын дуучин болох эх үндэс гэж боддог.

-Дуучин болох мэдрэмжийг анх хэдэн насандаа авч байв даа, анхны уран бүтээлээ дурсвал?

-Миний эмээ маш сайхан дуулдаг байсан. Бага залуу насандаа анги нэгтгэлд нягтлан бодогч хийж байгаад тэтгэвэртээ суучихсан хөдөө мал дээр байдаг байлаа. Хөдөө мал дээр эмээтэйгээ тэмээн дээр дуулаад л явдаг байв. Эмээгээсээ ардын дуу, уртын дууны дуулах ая данг өвлөж, биет бус өвийг өөртөө шингээсэн гэж боддог. Хамгийн анх “Идэр жинчин” дууг эмээ маань надад зааж өгч, намайг урлагийн зам руу хөтөлсөн. Манай говийн чимэг болсон тэмээн сүргийн тухай дуу л даа. Говийн худгууд их хол шүү дээ. Тэмээндээ усаа тэгнэчихээд л аажуу тайвуухан алхуулж явахдаа дуулж гарна даа. Энгүй их талын дунд  бодолд дарагдан дуулж, дотор эргэлдээд байгаа тэр их эрчим энергиэ гаргана шүү дээ. Хангайн дуучдын ааш аяг, дуулалт нь говийнхноос өөр, уул ус шигээ оргилсон, үелзсэн байдаг бол говийнхон их  сунайсан, налайсан, шуранхайлсан дуутай.

Би есдүгээр ангид байхдаа Улаанбаатар хотод болсон, ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд хоёрдугаар байранд орж билээ. Тэгэхэд манай нутгийн зөвлөлийн дарга байсан н.Одончимэг эгч намайг нутгийнхаа урлагийн төлөөлөл болно гэж харж, сонгосон байх. “Чи СУИС-д орох уу. Орвол бид дэмжлэг үзүүлнэ” гэж хэлж байсан. Намайг дуучны мэргэжил сонгоход хүргэсэн эгчдээ баярлаж явдаг. Нутгийнхныхаа итгэлийг нь алдахгүй явах юм сан л гэж хичээдэг дээ. Миний анхны клипжүүлж гаргасан дуу бол “Учирласан дуу” гэдэг дуу юм. Дорноговь нутгаас угшилтай уран бүтээлчид Л.Эрдэнэбатын шүлэг, Б.Ганболдын аялгуугаар бүтсэн дуу л даа. Энэ дууныхаа утга учрыг бодож сонгосон. Энэ дууны утга агуулга нь ээж аавынхаа хайранд сайхан өссөн юм чинь сайн явах ёстой шүү гэсэн сургамжит дуу юм. Дууныхаа клип дээр нь охинтойгоо хамт тоглосон. Радиогоор явж байгаа миний дууг ээж сонсож байгаагаар хийсэн нь эгэлхэн хэр нь хөөрхөн өгүүлэмжтэй олсон шүү.

“Хуурын аялгуугаар үдшийг сэрээж

Үрдээ би үлгэр хэллээ

Үлгэр сонсож өссөн хүн гэдэг

Үнэн л амьдрах учиртай юм шүү дээ” (дуулав)  гээд их сайхан үг, аялгуутай дуу бий. Энэ дууныхаа шидээр үнэн, зөв, сайхан яваа гэж бодож бэлгэшээдэг. Өнгөрсөн хугацаанд  үзэмчин ардын “Нуун заяа” дууныхаа шинэ клипийг “өлгийдөж” авлаа.

-Ардын, уртын дуу гэдэг үндэсний язгуур урлагийн биет бус өвийг залуустаа хүргэхийн тулд уран бүтээл дээрээ юуг нь илүү анхаардаг вэ?

-Ардын дуу, уртын дуу дуулахад монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Ийм сайхан өв их сантай, бахархах зүйлтэй байна гэдэг сайхан. Ардын дуу, уртын дууг залуучууд хөгшин хүний сонсдог дуу гэж үздэг байсан үе ард хоцорчээ. Харин ч их сайхан хүлээж авч, энэ чинь бидний өвлөх, сонсох ёстой үнэт зүйл юм байна гэдгийг ойлгож ухаарч эхэлсэн нь сайшаалтай. 21 дүгээр зууны дэлхий дахины хөгжмийг сонсож байгаа залууст уран бүтээлээ яаж хүргэвэл илүү сайхан хүрэх вэ гэж бодож бүтээл дээрээ ажилладаг даа.

“Үлэмжийн чанар”, “Хоёр сэтгэл” дууны аяыг транс хэлбэрт оруулж дуулсан. “Үлэмжийн чанар” дууны клипийг залуус бүжиглэж, аяыг мэдэрч буйгаар эрх чөлөөтэй хэв маягийг илэрхийлж хийсэн. Хөгжмийн найруулгыг л өөрчилсөн болохоос дууны мөн чанарыг өөрчлөөгүй. Уран бүтээлчид бид л шинэлэг шийдэл гаргаж залуучуудад хүргэх ёстой. “Хоёр сэтгэл” дууны хөгжмийн найруулгыг “The HU” хамтлагийн гитарчин Н.Тэмүүлэн хийж өгсөн. Клип хийнэ гэж бодож байсан чинь теле концертын бичлэгээр олонд хүрчихсэн.

-Уран бүтээлийн хэдэн цомог хэвлүүлсэн байна вэ?

-Уран бүтээлийн хоёр цомогтой. “Ээнэшин жаргая” нэртэй нийтийн дууны цомог, “Шүтээн” гээд ардын дууны цомогтой болсон. “Шүтээн” цомогтоо дуулагдахгүй мартагдах шахсан ардын дуунууд болон хүн бүхний дуулах дуртай дуунууд багтсан. "Шүтээн" гэдэг нэрийг ч бодож өгсөн. Ардын дуу, уртын дуу гэдэг бол миний шүтээн юм. "Шүтээн" цомгоо Равжаа хутагтын мэндэлсний 215 жилийн ойд зориулж гаргасан.

Хөдөө эмээтэйгээ мал дээр өссөн болохоор Монголын үндэсний радиогийн “Хүсэлтийн хариу” хөгжмийн нэвтрүүлгийг их сонсдог хүүхэд байлаа. Өөрийгөө тэр нэвтрүүлэгт орж байгаагаар төсөөлнө шүү дээ.  Цомгоо гаргасны дараа нэг өдөр МҮОНР-оос холбогдоод "Та хос цомгоо манай радиогийн “Алтансан” хөмрөгт хадгалуулаач” гэж урихад нь маш сайхан гүн хүндэтгэлтэй санагдаж билээ.

-СТА Алтанжаргалтай хэд хэдэн дуу хамтарч дуулсан. Түүний дуулсан дуу яагаад хүний сэтгэлд урсан хайлж хүрдэг юм бол. Ер нь ардын дууны сүнслэг чанарын тухай юу гэж боддог вэ?

-Ардын дуу гэдэг хэдэн зууны туршид өвөг дээдсийн минь үзсэн жаргал, туулсан зовлонгийн товчоон юм уу даа. Тийм дээ ч үеийн үед аялагдан өвлөгдөж байдаг амин чанартай. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм байна. Гунина, баярлана, хайрлана, дурлана, хагацна, сална. Амьд­ралын бүхий л мэдрэмжүүд хүний сэтгэлээс санаа алдалт, шүүрс алдалт, дуу алдалт болж ардын дуу олон эгшиглэдэг юм байна.

Ардын дуучин Б.Алтан­жаргалтай “Сүнжидмаа”, "Алгирмаа" гэдэг хоёр уран бүтээл дээр хамтран дуулсан. "Сүнжидмаа" дууг Морин хуурын чуулгатай дуулсан. Хөгжмийн найруулгыг Морин хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан хийсэн. Энэ дууны гол онцлог нь хөгжмийн найруулга баялаг, тансаг болсон. Дуулахад эвтэйхнээр хоолойтойгоо наана, цаанаа орж сүлэлдэж хоршсон болохоор их сайхан сонсголонтой болсон гэж боддог. Хүмүүст ч их сайхан хүрсэн байна лээ. Б.Алтанжаргал гэдэг хүн бол одоо цаг үеийн ардын дууны ертөнцөд толгой цохиж яваа, үзэгч сонсогчдодоо ардын дуугаа түгээн дэлгэрүүлж яваа сайхан уран бүтээлч хүн. Би энэ сайхан дуучинтай хамтарч дуулсан даа баярлаж явдаг. Б.Алтанжаргал ах бид хоёр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны  уран бүтээлийн цэнгүүн, аялан тоглолтоор хамт явж аяны дөрөө харшуулж явлаа. Би төрөөд удаагүй, хүүгээ гурван сартай байхад нь явж байлаа шүү дээ. Сүүлд Б.Лхагвасүрэн ахыг бие нь муу байхад эргэж очсон чинь “Миний хүүг авчраад үнэрлүүлчихгүй” гэж байсан сан. Тэр сайхан хүнтэй Монголынхоо говь нутгаар явж аргалын илчтэй үгийг нь сэтгэлдээ сударлаж авсан минь маш том аз завшаан юм даа.

-Цар тахлын үед уран бүтээлчид тайзан дээр гаралгүй удлаа. Энэ үед ямар уран бүтээл туурвиж өнгөрүүлэв дээ, та цахимаар ардын дууны домог хуучийг яриад багагүй хугацаа өнгөрлөө...?

-Цар тахлын энэ өдрүүдэд уран бүтээлч бүхий л хүмүүст соёл урлагаа санасан, тайзаа үгүйлсэн, эдийн засгийн хувьд хүнд бэрх тийм л цаг үе байлаа. Нэгэнт дэлхий дахинд учирсан бэрхшээл учраас уран бүтээлийнхээ хувьд олзтой өнгөрөхийг хичээж байна. Н.Амгалан багш маань надад "Дууныхаа үг, утгыг бодож дуул" гэж хэлдэг байсан. Ардын дууныхаа домог дээр судалгааг хийж цахимаар сонсогч олондоо хүргээд жил болж байна. Энэ нь нэг талаараа өөрт дуугаа дуулахад маш их хэрэгтэй судалгаа болох бол нөгөө талаараа сонсогч түмэн маань ч гэсэн мэдлэгийн хүрээ нь тэлж байгаа юм. Энэ хоёр огтлолцол дээр биелсэн мэдрэмж гэдэг дуундаа автаж, дуугаа жаргаж сонсох завшааныг олгох болов уу. Энэ хугацуаанд хэвлэл мэдээллийнхэн болон хүмүүс намайг дуучин гэдгээр нь биш ардын дуу судлаач гэдгээр минь анзаардаг болсонд баяртай байгаа. Дуу гэдэг зүгээр л санаанаасаа гаргачихаагүй юм байна, үүх түүхтэй юм байна, Монголын нийгмийн тухайн цаг үеийг бүхэлд нь илэрхийлж чаддаг юм байна, том орон зайг эзэлдэг юм байна гэдгийг зах зухаас нь мэддэг болсон байх. Аливаа нэвтүүлэгт уригдаж дуулахдаа ч хөтлөгч нь дууныхаа сэдвийг, домог түүхийг нь ярьж өгөөч гэхэд нь маш дуртайяа хүлээн авдаг.

-Дуучин хүнд хоолойгоо дасгалжуулах гэж ажил бий шүү дээ. Ялангуяа гэртээ дасгал сургуулилтаа хий байх үед тохиолдож буй хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?

-Унтаж байхдаа ч дуулж байна гэж зүүдэлдэг. Өөрийнхөө мэргэжилд эзэн байхыг хичээдэг учраас дууныхаа характерыг илэрхийлж, учирласан дуу бол учирлаж ухааруулж, шог хошин дуу бол егөөдөж хошигносон, харилцаа дуу бол нөгөө хүнтэйгээ харьцаж хавсарч дуулах гэх мэтээр өөр өөрөөр дуулдаг. Мөн дууны үг, аялгуу бүр учиртай байдаг учраас өөрөө маш сайн ойлгож дуулахыг хичээдэг. Дуучин өөрөө учрыг нь ч олоогүй дуулчих юм бол сонсогч яаж учрыг нь олох вэ. Тиймээс миний туйлын зорилго бол язгуур өвөө өөртөө тээж өвлүүлэхийг хичээж явдаг. Мэдээж, өдөр бүр дасгал сургуулилтаа хийдэг. Намайг дасгал сургуулилтаа хийж байхад ханаа тогшиж, параа нүддэггүй хөршүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэвчээртэйгээр миний дасгал сургуулилтыг өнгөрөөдөгт тун их баярладаг шүү (инээв).

-Таныг “Марко Поло” кинонд уртын дуу дуулж байсан гэдэг. Энэ үед юу мэдэрч байсан бэ. Киноны болон жүжиг бүжгэн төрөлд өөрийгөө сорьж байв уу?

-Хамгийн анх 2011 онд “Дөрөө” гэдэг бүжгэн жүжиг Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдсан. Бүжгийг нь СУИС-ийн М.Мөнгөнцэцэг багш дэглэсэн, модерн чиглэлийн бүжгэн жүжиг л дээ. Наран ээж гэж дуулдаг ганцхан дүртэй. Тогорууны өндгийг нь хүмүүс санамсаргүй хагалаад түүнд харамсаж дуулж байгаа хэсэгт дуулсан юм. Бас  ОХУ-ын Сочи хотод болсон “Sochi International Film Festival”-иас Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр багшийн "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино "Шилдэг хөгжим" шагналыг хүртсэн. Энэ киноны хөгжмийн уртын дууны хэсэгт дуулсан. 2015 онд “Марко Поло” кинонд "Зээргэнэтийн шил" уртын дууг дуулсан. Ямар ч үед эх орноосоо гараад харийн орны тайзан дээр гарахад Батцэцэглэн биш монгол хүний төлөөлөл болж харагдаж үнэлэгддэг. Тиймээс би энэ дуугаа, энэ урлагаа өөрөө л сайн эзэмших ёстой юм байна гэдгийг илүүтэй ойлгож ухаарсан. Тиймдээ ч ардын дууныхаа домог түүхийг судалж, мэдэхгүйгээ мэдэх юм сан, мэддэгээ хүмүүст хэлэх юм сан гэж эрмэлздэг болсон доо.

-Таныг дуулахаас гадна үйл мэтгэх уран чадвартайг зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй байх, маш гоё зүү ороодог юм байна лээ?

-Би “Цэцэглэн фэшн” гээд үндэсний хувцасны салон ажиллуулдаг байсан. Уран бүтээлдээ шамдаад ирэхээр салоныхоо ажилд анхаарч амжихгүй байсан учир түр завсарлаад байгаа. Үйл урлалынхаа ажлыг үргэлжлүүлэн хийх болно. Энэ бол миний гэгээн мөрөөдлийн нэг л дээ. Хүмүүсийг сайхан хувцаслаж баярлуулна гэдэг сүнслэг чанарыг нь сэрээж, сүлд хийморийг нь тэтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Үндэсний хувцас маань өөрөө их ихэмсэг, дэгжин, ганган болохоор өмссөн хүнийхээ эд эсийг ч сэрээдэг гэж боддог.

Багаас миний эмээ, ээж аав минь хүн зүгээр сууж олохгүй, үргэлж хөдөлмөрлөж байхыг сургасан. Гэртээ зурагт үзээд сууж байхдаа ч зүү ороож суудаг. Хүн энэ төрлийг зовж зовж олчихоод зүгээр сууж, алтан цагийг хий дэмий өнгөрөөнө гэдэг байж болшгүй зүйл л дээ. Тиймээс өөрийгөө дайчлах дуртай. Зүү ороох минь нэг ёсны бодлоо цэгцлэх, тайвшралыг олох зам минь болдог.

-Уран бүтээлч хүнийг хамгийн их ойлгож дэмждэг хүн бол гэр бүлийн хүн байдаг шүү дээ. Та гэр бүлийн хүнээ танилцуулна уу?

-Миний гэр бүлийн хүн Соёл урлагийн их сургуулийг морин хуурч  мэргэжлээр төгссөн хөгжимчин хүн байдаг. Уран бүтээлийн минь хамгийн үнэнч шүүгч шүү дээ. Шүүмжлэх үед нь шүүмжилнэ, магтах юмыг нь ч магтана. Өдгөө  бидэн хоёр өнөр өтгөн гэр бүлтэй, сайхан амьдарч байна даа.

-Уран бүтээлийнхээ хэв маягийг өөрчлөөд эстрад чиглэлээр дуулъя гэж боддог уу. Ноднингийн наадмаар МУГЖ Д.Жаргалсайхантай “Журай гэлдэн” дууг дуулсан даа. Төрийн наадмаа нээх нь уран бүтээлч хүнд ховорхон олдох завшаан байх?

-Наадмын зохион байгуулагчид чамайг сонгоод нэрийг чинь оруулчихлаа гэж хэлэхэд нь "Би чадах болов уу" гэж эмээж байсан. Би нэгэнт л шийдэж театрт орсон юм чинь чадна гэж өөрийгөө зоригжуулаад дуулсан даа. Тэр олон хүнтэй баг бидэнд зориулж морь мал, 400-500 хүний баг зогсож, техник ажиллана гэдэг бахархмаар санагдсан шүү.

Ардын дуу, уртын дуугаа дуулж, шинэ уран бүтээлүүдийг хийхээр бэлдэж байна. Уран бүтээлч хүн гэдэг мөнхийн эрэл хайгуул хийж байдаг шүү дээ. Үргэлж намайг дэмжиж уран бүтээлийг минь сонсож байдаг сонсогчдодоо баярлалаа. Дэлгэр цаг болж байна, энх цаг тун удахгүй ирэх байх. Шинэхэн уран бүтээлээрээ удахгүй уулзахын ерөөл тавья.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүлд(119.40.98.153) 2022 оны 11 сарын 11

алтанжаргал гоё дуулдаггүй гунигтай дуу дуулж байж инээгээд байдаг харин батцэцэглэн бол тасархай дуучин

1  |  0
(66.181.161.30) 2022 оны 11 сарын 11

altanjargal ni xet yantsgaadag, duuniixaauux tuuxiig meddeggui uom bileedee.

1  |  0
Уншигч(66.181.161.51) 2022 оны 11 сарын 11

Сайхан дуулдаг сайхан ч бүсгүй шүү, уран бүтээлийн өндөр амжилт хүсье, Алтанжаргал та хоёрын дууг сонсох маш дуртай шүү

2  |  0
эрүүл энх(64.119.23.6) 2022 оны 11 сарын 11

Сайхан монгол эмэгтэй. Эрүүл энх аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе

1  |  1
Zochin (122.201.21.9) 2022 оны 11 сарын 11

Saihan humuus ulger duurial avmaar bainga demjdege shuu Morit hangai grupp estoi zuv humuusee songoj Reklam hiilgej ee

1  |  1
Top