Дэлхийн улс орнууд энэ онд дахин 10 их наяд ам.долларын өр тавина

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд гаргаж буй зардлаа нэмэгдүүлж байна. Үүний улмаас тэдний өр Дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн талаар “The Wall Street Journal” онцолжээ.

Өнгөрсөн оны энэ үед  өндөр хөгжилтэй орнуудын өр дэлхийн ДНБ-ний 128 хувьтай тэнцжээ. 1946 онд энэ үзүүлэлт 124 хувьтай байв.

Дэлхийн II дайны дараа хөгжингүй орнууд эдийн засгаа өсгөсний ачаар өрөө хурдан нимгэлж чадсан бөгөөд 1959 он гэхэд ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ хоёр гаруй дахин буурсан байна. Гэвч энэ удаад ийм үр дүнд хүрэхэд хэцүү гэж “The Wall Street Journal” сонинд тэмдэглэжээ. Үүний шалтгаан нь хүн амын өсөлт удааширч, ажиллах хүч багасаж, бүтээмж буурч байгаатай холбоотой аж.

Fitch агентлагийн мэдээлж байгаагаар дэлхийн улс орнуудын өр нийлбэр дүнгээрээ 2020 онд 10 их наяд ам.доллароор өссөн байна. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон өрийн хэмжээ өмнөх долоон жилийн өрийн нийлбэр дүнтэй тэнцүү байгаа аж. Энэ байдал 2021 онд ч төдийлэн өөрчлөгдөхгүй нь бололтой.

Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн (IIF) урьдчилсан таамаглалаар 2021 онд дэлхийн улс орнууд дахин 10 их наяд ам.долларын өр тавих нь тодорхой байна. Түүнчлэн нэрт эдийн засагч Оливье Бланшарийн үзэж буйгаар, цар тахлын улмаас ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэж, түүхий эдийн ханш тогтворгүй болсноор дефляц үүсэх магадлал өндөр байгаа ажээ. Тэрбээр “Энэ хямралыг хоёр үе шатанд хуваах хэрэгтэй гэж бодож байна. Эхнийх нь халдвар авч буй хүмүүсийн тоог бууруулахын  эрүүл мэндийн салбарыг шаардлагатай бүх зүйлээр хангах. Энэ нь үнэтэй тусах боловч зайлшгүй шаардлагатай. Хоёр дахь шатанд өвчлөлийг газар авахуулахгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ багтана. Бүх хязгаарлалтыг нэг дор цуцалж болохгүй. Үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Эдийн засагчид V хэлбэрийн хямрал нүүрлэж, эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэж үзэж байгаа ч би тэдэнтэй санал нийлэхгүй байна” гэжээ.

Сүүлийн хоёр сарын хугацаанд АНУ-д мөнгөний эргэлтийн хурд саарч байгаа бөгөөд хүмүүс мөнгөө үрэхээс илүү хуримтлуулахыг эрмэлзэж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Хятадад ч эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгө оруулалт саарах хандлагатай буй. Ийм нөхцөлд улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, төв банкууд бодлогын хүүгээ нэмж магадгүй бөгөөд улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширч болзошгүйг тэрбээр онцолж байна. 

Олон улсын валютын сангийн  тэргүүний үзэж байгаагаар, хөгжиж буй орнууд үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөлд анхаарлаа илүү их хандуулан өрийг зохих түвшинд байлгах хэрэгтэй гэнэ.

2019 онд КОВИД-19 хямрал эхлэхээс өмнө өрийн тогтвортой байдлын шинжилгээг 69 улсад хийж үзэхэд тал хувь нь аль хэдийн өрийн хямралд орсон эсвэл эрсдэл өндөртэйд тооцогдож байв. Ийм байдалд хүрэхэд хөгжингүй орнуудын мөнгөний зөөлөн бодлого нөлөөлсөн гэж зарим шинжээчид үздэг.

Энэ хугацаанд орлого багатай орнуудын төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж түүнийгээ ихэнхдээ гадаад зээлээр санхүүжүүлж ирсэн юм. Үр дүнд нь гадаад өр огцом нэмэгджээ. Өрийн хямралаас үүдэлтэйгээр ядуурлын хэмжээ огцом өснө. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдлыг өдөөж улмаар иргэний мөргөлдөөнд хүргэхийг үгүйсгэх аргагүй. Грекийн өрийн хямрал нийгмээ ийм байдалд хүргэж байв. Энэ нь дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг огцом нэмэгдүүлж хөгжилтэй орнуудад ч хүндрэл авчирдаг. 2010 оны дунд үеээс эхтэй цагаачлалын хямрал хөгжингүй эдийн засагт ч хангалттай сөрөг нөлөө үзүүлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top